Их Британи Европын холбооноос гарах асуудлаар хоёр талын төлөөлөгчид хэлэлцээр хийж байна. Лондон, Брюсселийн төлөөлөгчдийн нэрлэж буйгаар Европын холбооноос салсны нөхөн олговорт хэдий хэмжээний мөнгө төлөх тухай асуудал ид яригдаж байгаа ажээ.
Их Британи “Brexit” буюу “салалтын” гэрээнд гарын үсэг зуруулахын тулд Европын холбоонд 45-55 тэрбум еврогийн нөхөн төлбөр төлөх асуудал дээр талууд харилцан тохиролцсон боловч яг хэдийг төлөх нь талууд хэрхэн тохиролцохоос шалтгаалж байгаа гэнэ. Европын холбоонд нөхөн төлбөр төлөх нь Их Британи Европын Холбооноос гарах олон шаттай үйл явцын эхний хэлэлцээнүүдийн хамгийн ээдрээтэй асуудлын нэг юм. Есдүгээр сард ерөнхий сайд Тереза Мэй Их Британи Европын Холбооноос салсны нөхөн төлбөрт 20 тэрбум евро төлөхөд бэлэн гэж мэдэгдсэн боловч ЕХ нөхөн төлбөрийн хэмжээг нэмэхийг шаардсан билээ.
Арванхоёрдугаар сард болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаас өмнө талууд салалтын гэрээний нөхөн төлбөрийн асуудал дээр бараг тохиролцчихоод байгаа нь том амжилт юм. Учир нь дээд хэмжээний уулзалтаар Их Британи ЕХ-той цаашид худалдааны харилцаа тогтоох шинэ хэлэлцээрийг эхлүүлэх юм. “Brexit”-ийн дараагийн хэлэлцэх зүйл нь Европын шүүхийн статус болон Умард Ирландын асуудал ажээ. Дараагийн хэлэлцээр Их Британид амьдарч буй ЕХ-ны 3.2 сая иргэд гомдлоо Европын шүүхэд гаргах уу эсвэл Лондоны шаардаж байгаа шиг Их Британийн шүүхэд хандах уу гэдэг асуудлыг хэлэлцэх юм байна.