АН: Төв банкны хуулийг судлахаар болов

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

АН: Төв банкны хуулийг судлахаар болов

АН: Төв банкны хуулийг судлахаар болов

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.11.29/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.

Тухайлбал, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн мэдээллийг сонсчээ.

Дээрх хуулийн төслийг Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, боловсронгуй болгох, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Үйл ажиллагааг нь илүү тодорхой болгох, өмнөх үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх эрхзүйн орчинг бүрдүүлэх зорилгоор боловсруулсан аж. Тэгвэл Ардчилсан намын бүлгийн гишүүд  уг хуулийн төсөл нэмэлт, өөрчлөлт оруулах зорилтдоо хүрч чадсан эсэхийг сайтар судлах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг өнгөрсөн тавдугаар сард мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд  хуулийн төсөлд оруулах, анхаарах олон саналууд гарсан. Тэдгээр саналуудаас тус хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай саналууд байгааг анхаарч үзэх хэрэгтэй гэж үзжээ.

Жишээлбэл, төрийн жинхэнэ албаны шалгалттай холбоотойгоор  боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спорт зэрэг төсвөөс санхүүждэг байгууллагын дарга, захирал, эрхлэгч бусад удирдах албан тушаалтныг хамруулах эсэх, мөн Төрийн албаны хууль батлагдсантай холбоотойгоор Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх хуулийн заалтуудын тухайд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Тамгын газрын даргыг 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зэргээр анхаарах олон асуудал байгаа талаар ярилцсан байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж