70 шүргэсэн ахмадууд мөрөөдлийн өнгөө дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

70 шүргэсэн ахмадууд мөрөөдлийн өнгөө дэлгэлээ

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн долоо хоногт Багшийн дээд сургуулийн уран зургийн ангийг 1975 онд төгссөн нэг ангийнхан 36 жилийн дараа нэгдэж “Мөрөөдлийн өнгө” уран бүтээлийн хамтын үзэсгэлэнгээ гаргалаа. Уул, ус, ургамал, навч гээд байгалийн өнгө төрхийг зургаар илэрхийлсэн энэхүү уран зургийн үзэсгэлэнг есөн ахмад уран бүтээлч нээж, 200 гаруй бүтээлээ дэлгэн харууллаа. Эдгээр ахмадууд өдийг хүртэл уран бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд энэхүү үзэсгэлэнгээрээ нийслэлчүүдийн бодол оюун ухааныг үзэсгэлэнт байгалиар аялуулж байна. Энд тавигдсан бүтээлүүдийн нэг онцлог нь аймаг, сум бүрийн үзэсгэлэнт байгаль, уул, усыг өнгө будаг хослуулан амтлуулсанд оршиж байгаа юм. Учир нь эдгээр ахмад уран бүтээлчид өөр өөр аймаг, суманд төрж өссөн учраас нутаг орныхоо байгалийн сайхныг нийслэлчүүдэд таниулах зорилготой аж. Мөн нутаг усандаа очиж амжаагүй байгаа бол энэхүү үзэсгэлэнг зорьж нутгийнхаа байгалийг үзээрэй. Ахмад зураачид солонгын долоон өнгөнд хэрхэн эргэлдэж, байгалийн гайхамшигт орчныг өөрийн мөрөөдлийн ертөнцдөө хэрхэн буулгасныг эндээс л мэдэрч болно. Өдгөө 70 нас үргэж яваа ахмад уран бүтээлчид нэг ангийн найзууд гэж бодохоор сайхан санагдсан. Түүгээр ч барахгүй энэхүү үзэсгэлэнд тэдгээр ахмад уран бүтээлчдийг 1975 онд төгсгөж байсан багш нь шавь нарынхаа үзэсгэлэнг сонирхохоор ирсэн нь байлаа. Нэг ангийнхны бодол санаанд амилсан уран бүтээлийн үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж