Ангууч хэмээх хочтой Б.Баттөр гэх энэ залуугийн фейсбүүк болон инстаграм хуудас нь олны танил алдартай дуучин, жүжигчдийн сошиал хуудаснаас илүү олон лайк болон дагагчтай болжээ. Түүнийг шүтэн биширдэг охид “Ангууч ах хамгийн лаг” нь гэсэн нэртэй пэйж хуудас хүртэл нээж, админ нь тун ч идэвхтэй ажиллуулдаг гэнэ.
Ялангуяа инстаграм дахь зургуудыг харвал олон сонирхолтой, содон зургуудыг үзэх боломжтой. Одоогоор түүний инстаграм хуудсыг 74600 хүн дагаж байна.
Б.Баттөр энэ сарын 22-ны өдрөөс Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон ‘Manhunt International 2017’ загварын тэмцээнд оролцсон. Долоо хоног үргэлжилсэн тус тэмцээн өчигдөр /2017.11.28/ ялагчаа тодрууллаа. Ялагчаар Тайландын загвар өмсөгч тодорсон ажээ. Харин Б.Баттөр тэмцээний шилдэг 16 оролцогчдын нэгээр шалгарахаас гадна ‘Mister Sunshine Smile’ шагналын эзэн болсон байна.
Хэдийгээр Б.Баттөр мэргэжлийн загвар өмсөгч биш ч олон улсын том тэмцээнд ийнхүү амжилт гаргасан явдлыг нь үнэлэх хүмүүс цөөнгүй байгаа ажээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Амьдралдаа загвар өмсөж үзээгүй байж ийм тэмцээнд орно гэж төсөөлж ч байсангүй. Моделийн ажил гэдэг чинь үнэхээр харагдаж байгаа шигээ биш байсан юм байна. Гэхдээ хамаг байдгаараа л хичээлээ” хэмээн бичжээ.
Э.БУРАМ