ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Дэлхийн манлайллын академи /GLA/ болон Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч Олон Улсын байгууллага /AII/ хамтран хэрэгжүүлж буй “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-д Монгол Улс оролцохоор шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Төслийг хэрэгжүүлэх Үндэсний багийн уулзалтаар дээрх хөтөлбөр өнөөдөр албан ёсоор нээлээ. Төслийн нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн илгээлт хүргүүлснийг Хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар уншиж танилцууллаа.
Хорооны дарга илгээлтдээ Монгол Улсад даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, үүний хүрээнд хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх явдал чухал шаардлагатай байгааг тоо баримт татан дурдаад, Хороо бага, дунд орлоготой иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, борлуулалтын сувгийг өргөжүүлэх, хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн борлуулж буй компаниудыг дэмжих бодлого баримтлан ажиллаж буйг онцоллоо. Тэрээр, төсөлд Монгол Улсыг хамруулж байгаад дээрх байгууллагуудад талархаж буйгаа илэрхийлээд, төсөл хэрэгжих 12 сарын хугацаанд идэвхтэй ажиллаж, санал бодол, ололт туршлагаа харамгүй хуваалцаж, хөтөлбөрт оролцогч бусад улсуудын сайн жишээ, туршлагуудыг судлан, салбартаа үнэтэй хувь нэмэр оруулахыг Үндэсний багийн гишүүдэд хүсэв.
Төсөл хүртээмжтэй даатгалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг болохуйц шинэ санаа, шилдэг санаачилга, зохистой зохицуулалтын орчныг бий болгох зорилготой бөгөөд хэрэгжиж дуусах үед энэ чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, дэвшилтэт технологи, шийдэлд суурилсан борлуулалтын сувгийг нэвтрүүлэх, төрийн зохицуулалтыг оновчтой болгох зэрэг өргөн хүрээний асуудлуудаар тодорхой шийдэлд хүрсэн байх юм.
Үндэсний багийн гишүүдийн анхны уулзалтад Олон Улсын зөвлөх Яннис Крисостомидис Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч Олон Улсын байгууллагын зөвлөх Оскар Верлиндэн нар оролцож, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө өгч байна. Уулзалт маргааш үргэлжилнэ.
Эх сурвалж: СЗХ