Өнгөрсөн баасан гаригт триллионоор тоологдох ам.доллар дэлхийн хөрөнгийн захуудын үнийг навс унагаж, үнэт цаасны ханш дэлхий даяар унав.
“Standard & Poor”-ээс АНУ-ын үнэт цаасны зэрэглэлийг бууруулсан явдал болон Европын өрийн асуудал зэрэг нь санхүүгийн зах зээлийн донсолгоог улам хүчтэй болгож байгаа ба дэлхийн санхүүгийн зах зээл ирэх долоо хоногуудад ч мөн адил тогтворгүй байна гэж шинжээчид анхааруулж байна.
“Standard & Poor”-ээс өнгөрсөн баасан гаригт АНУ-ын төсвийн алдагдлын хэмжээ санаа зовоохуйц төвшинд байгааг үндэслэж, тус улсын үнэт цаасны ААА зэрэглэлийг анх удаа АА+ болгож бууруулсан. Энэ явдал нь хөрөнгө оруулагчдад АНУ-ын эдийн засгийн өсөлт цаашид удааширч, давхар давхар хямралд орж болзошгүй гэсэн эргэлзээ айдсыг төрүүлээд байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн магнайд явдаг АНУ-ын санхүү ийнхүү доройтож эхэлсэн нь сар бүр хэдэн тэрбум ам.долларын өртөгтэй нийлүүлэлт хийдэг Америкаас хамааралтай Азид хүндээр тусч байна. Азийн банк санхүүгийн удирдлагууд Азийг одоо хүртэл АНУ, Европоос хамааралтай байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Эдийн засгийн эрсдэл өсөн нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид өөрсдийн худалдан авалтын хэлбэрийг өөрчилж эхэллээ. Зах зээл дээр түүхий нефтийн ханш АНУ-ын зах зээл дээр гурав орчим хувиар унаж, цаашид эрэлт буурах хандлагатай байгаа тул хөрөнгө оруулагчид Азийн арилжаан дээр алтыг илүү найдвартай гэж үзэх явдал нэмэгдэж эхэллээ.
Гэхдээ зарим нэг шинжээчдийн үзэж байгаагаар хөрөнгийн зах зээлийн индексийн уналт цаашид үргэлжилж, хөрөнгө оруулагчид ханш нь унасан хувьцаануудыг ихээр худалдан авч тоглох төлөвтэй байна гэж онцолжээ.
Цаашдаа Европын болон бусад хөрөнгө оруулагчид АНУ-аас илүү эрсдэлтэй гэж тооцогдож байгаа Азийн эдийн засгийн хэт өсөлтийн төлвийг үл харгалзан, Ази руу анхаарлаа хандуулж, нэг ёсондоо мөнгөний урсгал өндөр хөгжилтэй орнуудаас хөгжиж буй орнууд руу чиглэх болно гэж үзэж байна.
Энэ үед засгийн газар, хууль тогтоогчид төдийгүй хувийн хэвшил, хамтарсан нэгдлүүд цөм АНУ, Европын хямралыг даван туулах шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр чармайж байна. Европын Төв банкны зүгээс даваа гаригт тус банк дэлхийн хамгийн том эдийн засагт дефольт нүүрлэхгүй гэдгийг батлахын тулд евробүсийн үнэт цаасыг худалдан авна гэдгээ мэдэгджээ. Гэхдээ ямар үнэт цааснуудыг худалдан авахаа тодорхой дурьдаагүй бөгөөд шинжээчид тус банкийг Итали, Испаниас худалдан авна гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ өндөр хөгжилтэй орнуудын бүлэг Их 7-гийн төлөөлөгчид санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж үлдэхийн тулд уялдаа холбоо сайтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шаргуу ажиллаж байна. Японы засгийн газар болон төв банк иенийн ханшийг сулруулж, дотоодын экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд мөнгөний зах зээлд интервенци хийсэн нь Азийн хөрөнгийн захыг донсолгох нэг шалтгаан болжээ.
Европын захуудын индекс өнгөрсөн баасан гаригт унасны дараа Азийн захуудын ханш унажээ. Европын гол индексүүд түүний дотор Их Британийн FTSE 100 болон Германы Dax индексүүд дөрвөн хувиар багассан бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засаг пүрэв гаригт сүүлийн хоёр жил хагасын хугацаанд байгаагүйгээрээ унасантай холбоотой. Гэхдээ баасан гаригийн арилжааны хаалтын үеэр АНУ-ын хөрөнгийн захуудын ханш тогтворжиж, 0,5-аас арай өндөр хувьтай хаасан байна. Гэхдээ шинжээчид энэ үзэгдлийг удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна.