Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 26, 27-ний өдөр Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймагт ажиллалаа. Ажлын хэсэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд ажилласан байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж нар ажиллажээ.
Тус ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарын хийсэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явна гээд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй алга болсон хэргийн эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл сонсжээ. Эрэн хайх ажиллагаанд нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэжээ.
Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээллийг хүргүүлж, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн хайх, олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэсэн мэдээллийг өгсөн байна.
Ш.ОЧ