Хойд Солонгосын харвасан пуужин хол “нисэв”

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын харвасан пуужин хол “нисэв”

Хойд Солонгосын харвасан пуужин хол “нисэв”

Хойд Солонгос өнөөдөр үүрээр /2017.11.29/ Пёнандо мужийн Пёнсон гэх газраас алсын тусгалт баллистик пуужин харвасан талаар БНСУ-ын мэдээллийн “Yonhap” агентлаг мэдээлжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис мэдэгдэл хийж, Хойд Солонгос маш өндөр түвшний, тив хоорондын баллистик пуужин харваж, дэлхий нийтэд аюул заналхийлж буйг зарласан байна.

Пентагоны мэдээлснээр тив хоорондын баллистик пуужин Япон тэнгист унахаасаа өмнө 1000 шахам км зам туулсан гэнэ.

Хойд Солонгос дахин нэг пуужин харвасан тухай мэдээ авсан даруйд Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис болон албаны хүмүүстэй шуурхай хуралджээ.

Жеймс Маттис Хойд Солонгосын алсын тусгалт пуужин энэ удаа өмнөх пуужингуудаас илүү хол зайд тусч, дэлхийн хаана ч хүрч мэдэхээр болж, дэлхий нийтэд улам их аюул занал учруулж байна” гэжээ. Японы засгийн газрын албаны хүмүүсийн мэдээлснээр Хойд Солонгосын пуужин харваснаас хойш 50 минутын дараа Япон тэнгист унасан боловч арлын дээгүүр гараагүй гэнэ.

Хойд Солонгос пуужин харвасан даруйд мэдээг хүлээн авсан Трамп “Бид үүнд санаа тавина” гэж хэлсэн гэнэ. Сүүлд есдүгээр сард Японы арлын дээгүүр пуужин харвасан Хойд Солонгос энэ удаагийн пуужингийн туршилтыг явуулахын тулд хоёр сар зарцуулжээ. НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд Никки Хэйли Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааныг өнөөдөр үдээс хойш зарлан хуралдуулахаар болжээ.

АНУ Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсооход шахалт үзүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт тус улсыг “терроризмыг санхүүжүүлэгч улс”-ын жагсаалтад дахин оруулсны хариуг Пхеньян барьж байна.

Японы засгийн газар Хойд Солонгосын энэ үйлдлийн хариуд мэдэгдэл гаргаж “Хойд Солонгосын удаа дараагийн өдөөн хатгалгыг зүгээр сууж тэвчихгүй” гэсэн бол ерөнхий сайд Абэ Шинзо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг хуралдуулахыг уриалжээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин олон улсын хамтын нийгэмлэгээс Пхеньяны эсрэг үргэлжүүлэн хориг арга хэмжээ авахыг уриалсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж