Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход хүчин чармайлт гаргахгүй байгаад АНУ Хятадыг буруутгадаг.
Грэхэмийн хэлснээр Хойд Солонгосыг цөмийн хийрхлээс салахад Хятад улс ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ авахгүй бол АНУ шинэ оны эхээр Хятадтай хийх гадаад худалдаанд хориг тавьж болзошгүй гэв.
“Трампын Засгийн газар Хятадтай хийх гадаад худалдаанд хэт нэг талыг барьсан бодлого баримталбал Хятад хариуг тэр дор нь өгнө гэдгээ мэдэгдсэн. Иймээс ирэх зургаан сарын хугацаанд АНУ, Хятадын хооронд худалдааны дайн дэгдэж ч магадгүй. Хэрэв хоёр орны хооронд худалдааны дайн гарвал аль алин нь ихээхэн хохирол үзэх болно” хэмээжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Роналд Рейганы засгийн газрын үед батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн даргын зөвлөх, Билл Клинтоны үед батлан хамгаалах бодлого,төлөвлөлтийн төрийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан Грэхэм Аллисон “Destined for War” нэртэй номдоо хоёр хүчирхэг үндэстэн зөрчил сөргөлдөөнөөс зайлсхийж байхгүй бол АНУ болон Хятадын хооронд ирэх арван жил, магадгүй хорин жилийн дараа дэгдэж болзошгүй дайны тухай бичсэн юм. Хэрэв АНУ болон Хятадын хооронд худалдааны дайн дэгдэх нь аль аль талд ашиг авчрахгүй. Тэр тусмаа америкчуудад ямар ч ашиггүй гэж Грэхэм үзжээ.
Энэ сарын эхээр Хятадад хийсэн Трампын дээд хэмжээний айлчлалаас хойш АНУ-ын засгийн газар Хятадтай явуулж ирсэн худалдааны бодлогоо үндсээр нь өөрчлөхийн тулд ирэх оны эхээр хэд хэдэн тусгай шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа тухай “Уолл Стрийт” сэтгүүл мэдээлсэн.
Өнгөрсөн хугацаанд Хятадтай хийсэн худалдаанд их хэмжээний алдагдал хүлээсэн АНУ ялих шалихгүй асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй, бас жижиг сажиг гэрээ байгууллаа гэж баярлаж хөөрцөглөхгүй нь тодорхой юм.
Трампын засгийн газар гадаад худалдааны алдагдлыг бууруулахын тулд Бээжингээс тодорхой арга хэмжээ авахыг шаардах нь мэдээж.
2017 оны гуравдугаар улирлын байдлаар АНУ Хятадтай явуулсан гадаад худалдаанаас 103.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин АНУ-ын Хятад дахь экспорт энэ оны гуравдугаар улиралд 13 хувиар өссөн талаар АНУ-Хятадын эдийн засаг, аюулгүй байдлыг хянах комиссын мэдээнд дурджээ.
Хятадын дарга Си Жиньпин гадаад худалдаагаа ашигтай явуулахад онцгой ач холбогдол өгч буй. Трампын хувьд Солонгосын хойг дахь цөмийн аюул заналхийллийг арилгах топ амлалтаа биелүүлэхийн тулд аюулгүй байдлын асуудлаа түр хойш тавьж, худалдааны алдагдлыг нэн даруй бууруулах шаардлагатай тулгарч буй.
Бээжинд айлчлал хийх үедээ Трамп Си Жиньпинтэй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоож, болзошгүй аюул заналхийллийг арилгах тал дээр харилцан зөвшилцсөн. Цагаан ордны мэдээлснээр хоёр орны удирдагчид Солонгосын хойг дахь цөмийн хийрхлийг нэгмөсөн нам дарах зорилтыг биелүүлэхээ амласан.
Хэвлэлд мэдээлсэн албан ёсны уулзалтаас гадна Бээжинд болсон тусгай уулзалтын үеэр Трамп, Си Жиньпин хоёр нэгэн ноцтой асуудлыг хэлэлцжээ. Бээжин дэх Трампын айлчлалаас нэг долоо хоногийн дараа Хятад Коммунист намын олон улсын харилцааны газрын дарга Сун Таог Пхеньян руу тусгай элчээр явуулсан. 2015 оноос хойш Хятадын өндөр албан тушаалын хүн анх удаа Пхеньянд очсоныг Трамп “Энэ бол Солонгосын хойгийн асуудлыг энх тайвнаар шийдэхэд дөхөм болох чухал алхам. Юу болохыг харцгаая” хэмээн твиттер хуудсандаа бичсэн байв.
Бээжин болон Пхеньян аль алин нь тусгай элч илгээхэд нааштай хандаж байсан боловч Хятадын тусгай элч Хойд Солонгосын удирдагчтай уулзсан эсэхийг нууцалж байгаа юм. Хятадын гаалийн газраас өнгөрсөн баасан гаригт гаргасан дүн мэдээнээс харахад тус улс аравдугаар сард Хойд Солонгосоос төмрийн хүдэр, хар тугалга болон нүүрс импортлохоо зогсоосон тул гадаад худалдааны алдагдал нь хоёрдугаар сараас хойш хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Хойд Солонгосын худалдааны том түнш байж ирсэн Хятадыг АНУ Пхеньяны цөмийн хийрхлийг дарахад нөлөөлж чадна гэж итгэж байгаа. Хэрэв Си Ким Жон Уныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг ятгаж чадвал АНУ-Хятадын хоорондох худалдааны харилцаа ч сэргэж ирнэ гэж Трамп үзэж байгаа ажээ. Гэвч Хятад үүнд яарахгүй байна.