Пёнчаны олимп тойрсон дуулиан

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчаны олимп тойрсон дуулиан

Пёнчаны олимп тойрсон дуулиан

“Пёнчан-2018” өвлийн 23 дахь удаагийн олимпийн наадам Өмнөд Солонгосын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. Олимп хэдийн хаяанд ирж, дэлхийн шилдэг тамирчдын цас, мөсөн дээрх тулаан эхлэхэд хоёр сар гаруйхны хугацаа үлдээд байна.

Гэвч олимп тойрсон элдэв шуугиан, таагүй мэдээлэл Өмнөд Солонгост зочилж буй анхны өвлийн наадмыг тойрсонгүй.


АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА БОЙКОТ

Умард хөрш нь үргэлж аюул заналхийлж, хэзээ мөдгүй пуужин харваж мэдэх эрсдэл дор энэ олимп болно. Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдаж, Хойд Солонгосын дэглэм өнгөрсөн есдүгээр сарын 15-нд зургаа дахь удаагийн цөмийн туршилт явуулсан. Улмаар дэлхийн зарим улс, орнууд тамирчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс байж болзошгүй “галын шугам” руу тамирчдаа илгээх нь зохистой эсэх талаар байр сууриа илэрхийлж эхэлсэн юм.

БНАСАУ-ын ээлжит цөмийн туршилтын дараа БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин дэлхий нийтэд хандан мэдэгдэл хийхдээ, Пёнчаны олимпийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд өмнөдийн засгийн газар хүчин чадлаа бүрэн дайчилна гэв. Гэсэн ч удаах өдөр нь Францын Спорт болон залуучуудын асуудал эрхэлсэн сайд Лора Флессел-Колович “Хэрэв Өмнөд Солонгосын аюулгүй байдал баталгаажаагүй цагт Францын өвлийн олимпийн баг энэ олимпийг бойкотлох болно” гэж мэдэгдсэн юм.

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин

Залгуулаад Австри, Герман ч мөн олимпийн наадмыг өнжих асуудлаар Францтай санал нэг буйгаа илэрхийлэв. Гэхдээ эцэслэн шийдээгүй, тамирчдын аюулгүй байдал хамгийн чухал гэх байр суурьтай байна.

Японы тухайд “Бид бусад улс орны адилаар олимпод оролцох бэлтгэлээ хангаж байна” гэж тус улсын олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн бол АНУ-ын олимпийн хорооноос тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд холбогдох албаны хүмүүстэй холбоотой ажиллаж байна гэжээ.

Канад улс тамирчдын аюулгүй байдал нэн тэргүүний санаа тавих асуудал гэсэн бол Австрали нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж байр сууриа илэрхийлсэн байна.
 

ДОТООД ДАХЬ “ЗӨРЧИЛ, ТЭМЦЭЛ”

Samsung, Hyundai Motor тэргүүтэй үндэсний хэмжээний томоохон компаниуд санхүүгийн талаас Пёнчаны олимпийг дэмжихээс жийрхэж байна.

БНСУ-ын экс-ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний дотнын найз Чой Сун-Шил нарын авлигын хэрэг тэднийг эх оронд нь анх удаа зочилж буй өвлийн олимпоос хойш суухад хүргэжээ.

Samsung группийн өв залгамжлагч авлигын хэргээр шалгагдаж байна.

Ялангуяа Samsung Group, Lotte Group-ийн удирдлагууд Чой овогтод их хэмжээний хахууль өгсөн хэргээр шалгагдаж байгаа тул тэд олимпийн наадмаас аль болох холхон байхыг хичээх болов.

Урьд өмнө үндэсний томоохон компаниуд их хэмжээний хандив өргөж, тасалбарыг их хэмжээгээр худалдан авдаг байсан бол одоо аль аль талаасаа тэр боломж хаагджээ. Үйлдвэрлэгчид хэрэг түвэгт орооцолдохоос эмээж байгаа бол нөгөө талаас БНСУ-ын Авлигын эсрэг хуультай холбоотой юм. Өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн тус хуульд олимпийн наадам дахь компаниудын оролцоог хуулиар хязгаарласан байна.

ТАСАЛБАРЫН БОРЛУУЛАЛТ ДӨНГӨЖ 40 ХУВЬТАЙ

Олимпийн нээлт болоход хоёрхон сарын хугацаа үлдээд байхад олимпийн тасалбарын борлуулалт ердөө 40 хувьтай байна.

Үзэгч багатай спорт тэмцээнүүдийн тасалбар борлогдохгүй, харин уран гулгалт, тэшүүр, шорт-трек зэрэг алдартай спортын тэмцээнийх зарагджээ.

Пёнчаны олимпийг зохион байгуулах хороо нийт 12 цэнгэлдэхэд хамаарах 1.07 сая тасалбар борлуулах даалгавартай. Тасалбарын үнийн талаарх мэдээллийг 2016 оны дөрөвдүгээр сард анх зарлаж, тэр жилийн аравдугаар сараас худалдаанд гарсан юм. Үнийн хувьд 20-900 мянган вон. Энэ нь дунджаар 17-776 ам.долларын хооронд гэсэн үг юм. Нээлт ба хаалтын ёслолын тасалбар 220 мянгаас 1.5 сая воны үнэтэй зарагдаж байна.

Нийт тасалбарын 50 орчим хувь нь дунджаар 80 мянган воны үнэтэй. Биатлон, чарга гээд Өмнөд Солонгост төдийлөн дэлгэрээгүй спортын төрлийн тасалбар харьцангуй хямд, харин хоккей болон уран гулгалтын шигшээ тэмцээний тасалбар хамгийн үнэтэйд тооцогдож байна.

Тасалбар худалдаанд гараад жил гаруй хугацаа өнгөрсөн ч борлуулалт тун тааруу байгаа. Солонгосчуудад зориулсан 750 мянган тасалбарын дөнгөж 20.7 хувь нь зарагдсан, харин олон улсын борлуулалт харьцангуй сайн. Нийт 320 мянган тасалбарын 59.7 хувь нь борлогджээ.

Паралимпийн наадмын тухайд ёстой нэр төдий, дөнгөж 4.2 хувь нь зарагдаад байна.

ОРОСГҮЙ ОЛИМП БОЛЖ МЭДЭХ НЬ

Олимпийн амжилт арвин, баялаг намтартай ОХУ-ын баг тамирчид энэ удаагийн олимпийг бүрэн бүрэлдэхүүнээрээ өнжиж магадгүй.

Орост төрийн санхүүжилттэй допингийн хөтөлбөр хэрэгжүүлж, олон арван тамирчныг хамруулсан гэх дуулианы улмаас Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ тус улсын өвлийн спортын 19 тамирчныг насан туршид нь олимпод өрсөлдөх эрхийг нь хассан. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын багийг Пёнчаны өвлийн наадамд оролцохыг зөвшөөрөх эсэх асуудлыг арванхоёрдугаар сарын 5-нд Лозаннад хуралдах Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон юм.

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мөрдөгч, профессор Ричард МакЛарен өнгөрсөн жил, Риогийн олимпийн өмнөхөн тайлангаа танилцуулсан. Сочийн олимпод өндөр амжилт гаргасан тамирчдын допингийн шинжилгээнд хамруулах дээжийг өөр цэвэр дээжээр сольсон, гэтэл энэ нь RUSADA гэж нэрлэдэг WADA-гаас магадлан итгэмжилсэн Оросын допингийн эсрэг агентлагийн лабораторид хийгдсэн болохыг МакЛарен нотлох баримттайгаар тайландаа тусгасан байв.

Энэ дагуу ОУОХ-ноос хоёр тусдаа ажлын хэсэг томилсон юм. Нэг нь, тамирчид Сочийн олимпийн үеэр сэргээшийн төрлийн бодис, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох, нөгөөх нь энэ хэрэгт Оросын Спортын яам зэрэг төрийн байгууллага оролцоотой эсэхийг судлах үүрэгтэй байв.

ОХУ-ын эрх баригчид Сочийн олимпийн нэр төрийг сэвтээх төрийн оролцоотой зүйл байгаагүй гэж мэдэгдэж байгаа. Түүнчлэн тамирчдаас сэргээш илэрсэн, допингийн хөтөлбөр зэрэг асуудалд хувь хүнийг буруутгаж байгаа юм.

Мөн Москва болон Сочи дахь лабораторийг тэргүүлж байсан Григорий Родченковыг шилжүүлэн өгөхийг АНУ-ын талаас шаардсаар байгаа. Родченков нь дуулиан дэгдээсэн допингийн хөтөлбөр гэгчийн бодит гэрч бөгөөд АНУ руу зугтан гарч, улмаар Сочийн допингийн систем хэрхэн өрнөсөн тухай өнгөрсөн жил АНУ-ын хэвлэлд ил болгосон билээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж