"Mesmerism" Д.Ганцогт: Би ажил, хувийн амьдралаа маш сайн зааглаж чаддаг

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

"Mesmerism" Д.Ганцогт: Би ажил, хувийн амьдралаа маш сайн зааглаж чаддаг

"Mesmerism" Д.Ганцогт: Би ажил, хувийн амьдралаа маш сайн зааглаж чаддаг

Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог адал явдлыг бага зэрэг хэтрүүлэг, ёгтлол оруулан, хөгжилтэй байдлаар илэрхийлдэг Mesmerism-ийн залуус видео контент хийдэг болоод жил гаруй хугацаа өнгөрчээ. Одоогоор Mesmerism фейсбүүк хуудсанд 120 гаруй видео бичлэг нийтлэгдсэн байгаа бөгөөд тэд хэдийнэ 181,942 дагагчтай болжээ.

Mesmerism фейсбүүк хуудсанд долоо хоногт хоёр удаа видео контент нийтлэгддэг. Хуудсыг дагагчид видео контент үзэхийнхээ өмнө like, love, haha зэрэг эможи дардаг нь Mesmerism-ийн хамт олны бүтээсэн видео контентууд залуучуудын дунд хэрхэн үнэлэгддэгийн товч хариулт болдог.

Тэд өнгөрсөн жилийн өдийд видео контент хийх санаа өвөрлөн, гар нийлэн хамтрах багаа олсноор арванхоёрдугаар сарын 15-ны өдөр “Дүүгийн ёолкны мөнгө” нэртэй  анхны контентоо өөрсдийн пэйж хуудсаар цацаж байлаа. Удахгүй  “Mesmerism” пэйж хуудас нэг нас хүрнэ.

NEWS агентлаг энэ удаад  “Mesmerism”-ийн залуусын нэг  болох Д.Ганцогттой /Цогтоо/ цаашдынх нь төлөвлөгөө, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. 
 

"Mesmerism" видео контент бүтээгч Д.Ганцогт

           

өөрсдийнхөөрөө жүжиглэдэг болохоор  хүмүүст илүү хүрдэг
 

-‘Mesmerism’-ийн залуусыг юу нэгтгэж, ийм төрлийн бичлэг хийхэд хүргэсэн бэ?

-Гадны залуусын хийсэн видеог үзэхэд өнгө, уран сэтгэмж, монтаж зэрэгт ач холбогдол их өгч бүтээсэн байдаг. Харин видео контент хийдэг монгол залуус хөгжихгүй, нэг төвшиндөө байгаа мэт санагдаж байсан. Тэгээд бид ярилцаж байгаад хүн бүрт, тохиолддог, хөгжилтэй зүйлсийг бага зэрэг хэтрүүлэг, ёгтлол оруулж хийгээд үзье гэж шийдсэн. ‘Яагаад монголчууд гадны хүмүүс шиг өндөр чанартай, хөгжилтэй контент бүтээж болохгүй гэж’ гэх ярианаас л бүх юм эхэлсэн дээ.

-Видео контентод хоёр хүн тоглосон байдаг ч арын алба байдаг байх. ‘Mesmerism’ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?

-Э.Мөнх-Эрдэнэ /Мөнхүүш/ бид хоёроос гадна зураглаач, эвлүүлэгч бий. Хагас жилийн хугацаанд зураглаач маань гурван удаа солигдсон. Одоо ажиллаж байгаа зураглаач, эвлүүлэгч У.Гүнбат гэх чадварлаг залуутай хамтарч ажиллаад удаж байна. Саяхныг хүртэл бид гурвуулаа байлаа. Сүүлийн үед манай бичлэгт тоглож байгаа Э.Түвшинзаяа гэж охиныг бичиг хэрэгтэй холбоотой асуудлаар нарийн бичгээр авч, ам бүлийнхээ тоог нэгээр нэмсэн. Эрэгтэйчүүд бид чинь зохиол бичээд сууна гэхээр нэг л эвлэж өгөхгүй байсан юм. /инээв/

-Нэг видео контент хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

Нэг контент нь 1-2 минут үргэлжилдэг. Энэ богинохон контентын зураг авалтийг хийхэд ойролцоогоор 3-6 цаг зарцуулдаг. Зураг авалтын дараа эвлүүлгийн ажилд бүтэн өдрийг зарцуулна. Анх видео контент хийж байх үед нэг кадрыг зургаан удаа авдаг байсан бол одоо гурван удаа, хааяа эхний оролдлогоороо бичлэгээ амжилттай дуусгачихдаг болсон. Сүүлдээ видео контентуудаа маш хурдан хугацаанд хийдэг болсон. Бид тавилттай бус өөрсдийнхөөрөө жүжиглэдэг болохоор хүмүүст их ойр байдаг байх. Учир нь хэт их хичээсэн жүжиглэлттэй видео үзэгчдэд уйтгартай санагдана. Иймээс бид аль болох контентоо энгийн хийхийг хүсдэг. Энэ нь бид нарт ч амар, үзэгчдэд ч их ойр байдаг.

-Бичлэгээ хаана хийдэг вэ? Хэн нэгнийхээ гэрт үү?

-Би ахтайгаа амьдардаг. Манай ах өглөө ажилдаа яваад орой ирдэг болохоор гэр ихэнхдээ л хүнгүй байдаг. Энэ үеийг ашиглаад бичлэгээ хийнэ. Контентыг маань байнга үздэг залуучуудад манай гэр их дотно санагддаг болсон гэж хэлж байсан. Тэд манай гэрийн хаягийг хүртэл мэддэг болсон байна лээ. Саяхан миний бие өвдөөд, инстаграмм хуудсандаа story оруулсан юм. Удалгүй хаалга тогшихоор нь онгойлготол үүдэнд эм, жимс зэргийг захианы хамт үлдээсэн байсан. Тэр захианд “Биеэ бодоорой. Дулаахан хувцаслаарай” гэж бичсэн байсан. Би арван жилийн охин байсан юм болов уу даа л гэж бодсон.  

-Мэдээж олонд танигдаад ирэхээр албан байгууллагуудаас зар сурталчилгаа хийлгэх санал ирдэг байх. Нууц биш бол байгууллагын зар сурталчилгааг ямар ханштай хийж байна вэ?

-Манай хуудсанд нэг бичлэг шинээр нийтлэгдэхэд нэг өдрийн дотор 100 мянган хүний хандалт авсан байдаг. Иймээс таны хэлснээр, албан байгууллагаас санал их ирнэ. Сардаа 10-20 гаруй компанийн санал ирдэг. Гэхдээ тэдний саналыг судалж, байгаад 3-4 компанийн зар сурталчилгааг хийж өгдөг. Бид мөнгөний араас улайрч, “Mesmerisм”-ээ орхигдуулахыг хүсдэггүй. Үнэ ханшийн хувьд нэг сая төгрөгөөс дээш ханштайгаар зар сурталчилгаа хийдэг.  Мэдээж, үүгээрээ бид цалинжина. Мөнгө үлдвэл урсгал зардал, тоног төхөөрөмжөө сайжруулахад зарцуулна даа. 

-Зар сурталчилгаагаа ямар хэлбэрээр хийхийг зорьдог вэ?

-Бид аль болох сурталчилгаа гэдгийг мэдэгдүүлэхгүйгээр, далд хэлбэрээр хийдэг. Хүмүүсийн өдөр тутмын хөгжилтэй үйл явдалтай нь сурталчилгаагаа холбож өгдөг юм. Ингэснээр хүмүүс сурталчилгаа гэж харахаасаа илүүтэй, хөгжилтэй өнцгөөс нь харж эхэлдэг. 

 

Бичлэгт гардаг хөөрхөн охидын ганцтай нь ч болзож байгаагүй
 

Бичлэг дорх коммент хэсгийг уншихаар, өөрт тань сэтгэлээ илчилсэн охид олон байдаг шүү дээ. Өдөрт хэр их чат ирдэг вэ ?

Манай  контентийг үздэг хүмүүсийн ихэнх хувийг өсвөр насныхан эзэлдэг. Тэдгээр залуус бид нарыг их дэмждэг шүү гэж урмын үг их хэлдэг. Харин над руу чат бичсэн хүмүүст, тухай бүрт нь хариу бичээд явдаг. 

-Найз охинтой юу?

Одоохондоо найз охинтой болох цаг нь болоогүй гэж бодож байгаа. Ажилдаа анхаарлаа хандуулаад завгүй л явна.

-Ямар охин таалагддаг вэ?

-Халамжтай охин таалагддаг. Би хоёр эгчтэй. Тэд маш халамжтай тул тэдэн шиг л халамжтай хүнд л татагдах байхдаа. Хэчнээн үзэсгэлэнтэй сайхан байлаа гээд өвдсөн үед халамжлахгүй бол муухай шүү дээ.

-Үерхэж байсан уу?

-Би хоёр удаа үерхэж байсан. Гэхдээ удаагүй ээ. Хамгийн удаан нь гурван сар үргэлжилсэн. Гэхдээ энэ чинь олон жилийн өмнөх явдал шүү дээ /инээв/.

-Видео контент хийхдээ гол дүрийн охиноо хэрхэн сонгодог вэ? Ихэвчлэн хөөрхөн охид байдаг шүү дээ. Энэ нь бүр mesmerism-ийн онцлог  болсон гэхэд буруудахгүй байх.

-Танил тал болон фейсбүүкээр дамжуулан гол дүрд тоглох охиноо олдог. Улмаар контентоо фейсбүүкэд нийтлэхдээ гол дүрээ таглачихдаг./tag/ Энэ нь давхар гол дүрийн охины маркетинг болж байгаа гэсэн үг юм. Дараа нь, бичлэгт тоглосон охидод сурталчилгаа эсвэл киноны зураг авалтад орох санал ирдэг гэсэн. Өөрөөр хэлбэл, бид тэдгээр охидод шинэ боломж нээж өгч байгаа гэх үү дээ. 

-Видео контентод тоглосон охидын ганцтай ч болтугай болзож байгаагүй гэж үү? Их хөөрхөн охид байдаг шүү дээ. 

-Хүмүүс биднийг бичлэгт тоглосон охидтойгоо уулздаг гэж боддог юм шиг байна лээ. Мэдээж, бидний бүтээж буй видео контентод хөөрхөн, хайр булаам охид тоглодог. Гэхдээ би тэдний ганцтай нь ч болзож байгаагүй. Контент хийх нь бидний гол ажил шүү дээ. Ажил дээр зөвхөн ажил д явагддаг. Би ажил, хувийн амьдралаа маш сайн зааглаж чаддаг. Энэ нь миний нэг давуу тал болов уу даа. 

                          

"Mesmerism"-ийн хамтрагч, алтан портнер Э.Мөнхэрдэнэ буюу Мөнхүүшийн хамт

 

өсвөр үеийнхэнд зориулсан 16 ангит кино хийнэ
 

-Цаашид ямар бүтээл туурвихаар төлөвлөж байна вэ?

-Бид жил гаруйн хугацаанд видео контент хийлээ. Цаашид бид 16 ангит кино хийхээр төлөвлөж байна. Монголын тэргүүлэх телевизээр гаргана. Одоогоор телевизийн нэрийг нууц хэвээр үлдээе. Киноны зохиолоо гаргачихсан, жүжигчид нь ч тодорчихсон байгаа. Бидэнд хөрөнгө оруулалтын асуудал л тулгамдаж байна даа. Киног бид өөрсдөө гардан хийж байгаа гэдгээрээ  ихээхэн онцлог. 

-Нууц биш бол кино юуны тухай өгүүлэх бэ?

-Кино арванхоёрдугаар ангийн хүүхдүүдийн хайр дурлал, үерхэл, нөхөрлөлийн тухай өгүүлнэ. Кинонод есөн хүний дүр л гарна. Арван жилийн хүүхдүүдийг үерхэхээр  “та нарын үерхэл гэж юу байдаг юм” гэж томчууд ярьдаг. Гэхдээ энэ нь хүүхдүүдийн хувьд ариун нандин, чухал зүйл нь байдаг шүү дээ. 

-Кино хэзээ гарах вэ?

-Ирэх оны таван сард гарах боломжтой. Гэхдээ телевизийн нэвтрүүлэх давтамжаас хамаараад шийдэгдэнэ. Кино хийнгээ давхар видеон контентоо орхигдуулахгүй хийнэ. Долоо хоногт хоёр контент нийтэлдэг байсан маань цөөрч, нэг видео бичлэг нийтлэх байх гэж бодож байна. Гэхдээ бид тэрхүү  ганц видеогоо  одоо байгаагаасаа  илүү чанартай хийхээр төлөвлөж байна.

-Видео контент хийдэг болсноос хойш та нарын амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

-Видео контент хийдэг болсноос хойш бид улам л завгүй болоод байгаа шүү. Хүмүүс биднийг хүлээдэг болчихсон болохоор илүү гоё бичлэг хийх юмсан, өмнөхөөсөө сайжрах юмсан гэж хичээдэг болсон. Гадуур явахаар хүмүүс таньж, сайхан эергээр хүлээж авдаг болсон. Хүмүүс олны танил жүжигчдээс эмээгээд эсвэл сүрдээд зургаа хамт авхуулъя гэж хэлж чаддаггүй юм шиг байгаа юм. Харин Э.Мөнх-Эрдэнэ /Мөнхүүш/ бид хоёрыг гадуур явж байх үеэр манай үзэгчид хэзээний найз нөхөд, ах дүүс шиг дотно байдлаар ханддаг. Энэ нь их сайхан санагддаг.

-“Mesmerism’-ийн ирээдүйн зорилго юу вэ ?

-Бид ‘Mesmerism’-ийг санаачилж, эхлүүлсэндээ их баярлаж, өөрсдийгөө азтайд тооцдог. ‘Mesmerism’ бидэнд маш олон зүйл сурч, хийж бүтээхэд тус болсон. Хэдэн ч жил өнгөрч, бид бүгд өөр зүйл хийдэг боллоо гэсэн хэзээ ч ‘Mesmerism’-ээ орхихгүй. Харин ч илүү өргөжүүлэх зорилготой байгаа. 

"Mesmerism" видео контент бүтээгч Д.Ганцогт

 

ТЭДНИЙ ХӨГЖИЛТЭЙ БИЧЛЭГЭЭС СОНИРХООРОЙ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж