Германы Альтена хотын захирагчийг цагаачдыг дэмжиж, цагаачлалын асуудлаар хэт зөөлөн бодлого баримталдаг хэмээн хөнөөхийг завджээ.
Андреас Холлстайныг өнөөдөр /2017.11.28/ кебабын газраар үйлчлүүлэхээр ороход нь үл таних этгээд хүзүү рүү нь хутгалсан байна. Улмаар Холлстайн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд аминд халгүй өнгөрчээ. Тэрбээр Ангела Меркелийн тэргүүлдэг Германы Христийн ардчилсан холбооны гишүүн аж.
“Энэ хэргийн цаана улс төрийн санаа, зорилго бий гэж холбогдох албаны хүмүүс сэжиглэж байгаа” гэж Умард Райн-Вестфален мужийн тэргүүн Армин Лашет мэдэгдсэн байна.
ХБНГУ-ын баруун зүгт орших Умард Райн-Вестфален мужийн Альтена хот нь цагаач иргэдийг олноор хүлээн авч, засгийн газраас тогтоосон квотыг даваад байгаа юм. Үүний улмаас нутгийн уугуул оршин суугчдын зүгээс эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарах болжээ.
Гэмт этгээдийг баривчлан саатуулсан байна. Гэрчүүдийн яриагаар гэмт этгээд хотын захирагчийн цагаачлалын асуудлаар баримтлах бодлогыг шүүмжлэн, орилж байсан гэнэ.
С.ЦЭЛМЭГ