Тамирчдыг допингийн шинжилгээнд хамруулна

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Тамирчдыг допингийн шинжилгээнд хамруулна

Тамирчдыг допингийн шинжилгээнд хамруулна

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 73 хоногийн хугацаа үлдсэн. Тус олимпийг угтсан допингийн дуулианд ОХУ-ын зарим тамирчид багтаж, тэд БНСУ-ыг зорих эрхгүй болоод байна. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газраас долоо хоног бүрийн лхагва гаригт Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт энэ талын зөвлөгөөг өгсөөр байна.

Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа явуулах анхны байгууллага Монголын үндэсний олимпийн хорооны ивээл дор 10 гаруй жил болжээ. Тэгвэл энэ жил анх удаа спортыг дэмжих сангийн санхүүжилтээр буюу төрийн дэмжлэгтэйгээр БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран хэрэгжүүлсэн төсөл хэрэгжээд эхэлжээ. Энэхүү “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд Үндэсний шигшээ багийн тамирчдад допингийн шинжилгээг гэнэтийн байдлаар авч байгаа аж. Энэхүү шинжилгээд чөлөөт бөх, жүдо бөх, бокс, хүндийн өргөлт, цана, тэшүүр, биатлан болон пара цанын тамирчид хамрагджээ. Цаашид Үндэсний бөхийн тамирчдаас ч допингийн шинжилгээг авах аж.

Одоогоор тэмцээний гадуурх шинжилгээг спортын найман төрлөөр 85 тамирчнаас авч сорилын дээжийг БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн баталгаат лабораторид явуулаад байгаа юм байна.

Ийнхүү энэ жилээс эхлэн ‘Допингийн эсрэг Үндэсний хяналт’ төсөл манай улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд тамирчид, багш дасгалжуулагч, холбоодод шаардлагатай ном, товхимолыг бэлтгэн өгөөд байна. 

Төслөөр Дэлхийн допингийн эсрэг дүрэм Олон улсын стандартыг тохимол болгон хэвлүүлжээ. Мөн Допингийн шинжилгээ өгөх зааварчилгааг нарийн гаргаж, тамирчдад зөвлөгөөг өгч байгаа аж. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж