БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага хамтран Монгол Улс дахь бог малын мялзан өвчний нөхцөл байдлын талаар 2 дугаар уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтаар мал, амьтны өвчлөлтэй тэмцэх, мал эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлэх, хандивлагчид болон түншүүдтэй хамтран ажиллах тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд монгол бөхөн, янгир, аргаль, хар сүүлт тэргүүтэй ховор төрөл зүйлийн амьтад мялзан өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдсэн. Эдгээр амьтдын тархац нутаг, ундаалж буй ус нь малын бэлчээр нутагтай давхцаж буйгаас бэлчээр, усны хомсдолд орж, дархлаа сулран, мал, амьтны халдварт өвчнөөр халдварлах, цааш халдвар тараах эрсдэл нэмэгдсээр байгааг уулзалтад оролцсон БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр онцолж байлаа. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас энэ оны гуравдугаар сарын хооронд 5000 гаруй нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчнөөр өвчилж, үхэж хорогдсон гэсэн тоо баримт гарсан. Гэвч бог малын мялзан өвчнөөр өвчилж байгаа зэрлэг амьтныг эмчлэх, урьдчилан сэргийлэх тарилга хийх асуудал боломжгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын тулд тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, бэлчээр усыг малын хөлөөс чөлөөлөх, хязгаарлах арга хэмжээг авах нь үр дүнд хүрэхийг оролцогчдын зүгээс хэлж байлаа.
Улмаар энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг мөрдлөг болгохыг судлаачдын зүгээс хөндөж байлаа. Тухайлбал, Амьтны тухай хуульд амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгахыг заасан байдаг бол Нэн ховор, ховор амьтны үндэсний хөтөлбөрт нэн ховор, ховор амьтны тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, зэрэглэлийг дээшлүүлэх, тусгай хамгаалалтыг өргөтгөх арга хэмжээг зайлшгүй авах байдлаар нэн ховор амьтны тархац нутаг, бэлчээрийг малын бэлчээрээс тусгайлан гаргахыг ч тусгасан байдаг. Энэхүү уулзалт нь энэ сарын 30-ны өдрийг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд үргэлжлэх бөгөөд бог малын мялзан өвчинтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөөг эцэслэж, хамтарсан мэдэгдэл боловсруулах юм.
Эх сурвалж: БОАЖЯ