“Мах импекс” -т өргөтгөл хийхэд анхаарахыг үүрэг болгов

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

“Мах импекс” -т өргөтгөл хийхэд анхаарахыг үүрэг болгов

“Мах импекс” -т өргөтгөл хийхэд анхаарахыг үүрэг болгов

Монгол улсын ууган үйлдвэрийн нэг “Мах импекс” компани өнөөдөр 100 орчим нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын хэрэглэгчдийг эрүүл хүнсээр ханган ажиллаж байна. Тус компани ХБНГУ-ын “Multivac”, “Textor” компаниудын хамгийн сүүлийн үеийн савлагааны тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, чанарын баталгаагаа сайжруулж чаджээ. 

Өдөр тутам 8 тонн хиам үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа нь дотоодын зах зээлийн 40 хувийг дангаараа хангах хэмжээний үйлдвэрлэл аж.  

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компани малчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд малчдыг орлоготой болгохоос гадна нийслэлийн иргэдийг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилготойг албаныхан онцоллоо. 

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш /2017.11.29/ хуралдана. Энэхүү хуралтай холбогдуулан өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар өнөөдөр “Мах Импекс” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр хэвлэлийнхэнд дараах тайлбарыг өгсөн юм.

Засгийн газрын тавьж байгаа нэг зорилт Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийг дэмжих юм. 2016 оны жилийн эцсийн тооллогоор малын тоо 61.5 сая хүрсэн гэсэн тоо гарсан. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой байна. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд 8-9 сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх бүрэн боломж байна. Махны хэрэглээ манай ард түмний дунд өндөр. Ард түмэн эрүүл хүнсээр хангагдах ёстой. Тэгэхийн тулд хөдөө аж ахуй, мал ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал болоод байна. Манай ард түмний амьдралын үндэс бол хөдөө аж ахуй. Ийм боломжийг бид дайчлан ажиллая гэж бодож байна. Монгол Улс хүнсний орон болох бүрэн боломжтой гэж би хэлж байсан. Энэ их өргөн уудам газар нутагт бид хүлэмж барих ёстой. Нарийн ногоо ургуулж, жилийн дөрвөн улиралд хүлэмжийн ногоог дотооддоо хангаж, экспортлох хэрэгтэй. Мөн жилдээ 20 сая төл авч байгаа ч бэлчээрийн даацыг барьж байна. Таван хошуу мал өсөж байна. Бид олон жил уул уурхайн салбарыг шүтэж амьдарсан. Дэлхийн зах зээл дээр үнэ нь унавал яах вэ?. Одоо үүнийг нөхөж ажиллаж салбар бол хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар юм. Тиймээс энэ Засгийн газрын хамгийн их анхаарал хандуулах асуудал бол мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхэд анхаарья гэж зорьж байна. Өнөөдөр махны үйлдвэрийн ажил байдалтай танилцлаа. Бидэнд гадаад зах зээл дээр махаа борлуулах эрэлт хэрэгцээ байгааг хэлж байна. Хамгийн гол нь хүчин чадлаа нэмэгдүүлж, жилийн дөрвөн улиралд ажилладаг үйлдвэртэй болох нь компаниудын хувьд чухал байна. Энэ асуудлыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон холбогдох албаныханд тавьж байгаа юм” гэсэн юм.

 

Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж, ахуйн нэгж байдаг ч 10 гаруй нь байнгын ажиллагаатай аж. Тэдний нэг нь “Мах импекс” ХХК юм. Тус компани дотоодын хэрэгцээг хангахаас гадна ОХУ, БНХАУ, Иран зэрэг орон руу мах экспортолж байна. Махаа Иран улс руу вагоноор болон машинаар тээвэрлэж байгаа аж. Харин агаарын тээврээр махыг тээвэрлэх зорилт тавьж байгаа ч энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгааг Ерөнхий сайдад хэллээ. Мөн БНХАУ-д мах экспортлох зөвшөөрөл авсан ч квотын асуудлыг шийдэж өгөхийг уламжилсан юм.

“Мах импекс” компанийн хэрэгжүүлж байгаа Малчдыг дэмжих хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа аж. Харин агуулахын хангамжаа сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй болсныг компанийнхан онцлов. Тус компани өргөтгөл шинэчлэлээ хийж чадвал ажлын байрыг хоёр дахин нэмэгдүүлэх аж. 

“Мах импекс” компанийн өргөтгөл шинэчлэл хийхэд нь хөрөнгө оруулалтын болон үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулж, анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт үүрэг болголоо.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж