Эрх мэдлээ хуваарилж дуусаагүй юу, эрх баригчид аа?

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Эрх мэдлээ хуваарилж дуусаагүй юу, эрх баригчид аа?

Эрх мэдлээ хуваарилж дуусаагүй юу, эрх баригчид аа?

УИХ-ын үйл ажиллагаа бараг  10 хоногоор хойшилж байна. Эрх баригч намын 28-р их хурал болсноос хойш УИХ-ын үйл ажиллагаа түр завсарласан гэхэд болно.

Угтаа гурав хоног хуралдах байсан Их хурал тав хоног үргэлжилж, Их хурал дээрээ эрх мэдлийн хуваарилалт хийснээр эрх баригч намынхан өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаа ч хийгээгүй.

Их хурал өндөрлөсөн ч сандал суудлынх нь хуваарилалт дуусаагүй, хөшигний ард “зодоон” нь үргэлжилж байна уу гэлтэй УИХ-ын ажил цалгар хэвээр байна.

Эрх баригчдад нэг зан бий. Албан тушаалын хуваарилалтад нэг хэсэг нь сэтгэл дундуур үлдвэл хуралдаа ирэхгүй ирцээр бойкот хийдэг гэмтэй. Эсвэл эрх ашиг нь хөндөх асуудлыг УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх болоход зугатаагаад явчихдаг. Ард нь төрийн ажил цалгардаж байгааг ер боддоггүй.

Уг нь долоо хоног бүрийн даваа гаригт намын бүлгүүд хуралдаж, Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Гэтэл өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг орон нутагт гишүүд нь ажиллаж байгаа гээд хуралдаагүй бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бас л хуралдаагүй. Эрх баригч намын бүлгийн хуралдаан хоёр долоо хоног саатсан нь энэ.

Мөн өчигдөр үдээс хойш 14.00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуралдах товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшилсон.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүний гаргасан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэхийг шийдэх ёстой байв.

Гэтэл Б.Хурцаасаа эмээгээд байдаг юм уу, эсвэл Их хурлын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа УИХ-д нялзаагаад явна уу, бүү мэд, ажлын хэсэг хуралдах нөхцөл боломжоор хангасангүй.

Бүр хоёр намын бүлэг хэлэлцэж тохирсон мэт хуралдсангүй. Түүнийг дагаад энэ долоо хоногт УИХ Б.Хурцыг БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг шийдэж чадах эсэх эргэлзээтэй гацаатай хэвээр байх шинжтэй. 

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилгоотой холбоотой асуудлыг парламент долоо хоногийн дотор холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн томилно гэх заалт бий. Гэвч энэ асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа үндсэндээ дуусаж байгаа бол нээлттэй сонсгол хийх эсэхээ шийдэж чадахгүй явсаар мөн л долоо хоногийг ардаа хийгээд буй.

Уг нь УИХ-аар хэлэлцэх асуудал шилээ даран хүлээж байгаа. Банк санхүүгийн салбар тойрсон том зодооныг цэгцлэхээс эхлээд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай. Гэвч ганц Б.Наранхүү хуралдаа суудаггүй биш эрх баригч намын 65 бүгдээрээ манлайлан “ажил хаядаг” боллоо. Засгийн газар нь ч хуралддаггүй, УИХ дахь намын бүлэг нь ч хуралддаггүй, ажлын хэсэг ч хуралддаггүй, байнгын хороо ч хуралддаггүй болов. 

Намын ажлаа төрийн ажлаас салгана гэсэн яасан бэ, эрх баригчид аа. Эрх мэдлээ хуваарилж дуусаагүй юм уу. Үндсэн ажилдаа орохгүй бол төрийн ажил цалгардаж гүйцлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж