Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутгийн сүмоч Таканоива А.Баасандоржтой үл ойлголцсон асуудал Японы сүмо бөхийн ертөнцийг тэмцээн, башёгоос илүү олны анхааралд аваачаад байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртэж, Эзэн хааны цом гардах үедээ монгол бөхчүүдийнхээ нэр холбогдсон маргааныг зөөлрүүлэхийг хичээн, тэдний барилдааныг хүлээж буйг зориуд хэлэх үгэндээ онцолсон нь учиртай биз ээ.
Харин цагтаа монгол сүмочдын анхны шанг татан, тэр дэвжээнд барилдаж асан Кёкүшюзан Д.Батбаяр Монгол, Японы хооронд нисч буун, Сүмогийн холбоо шийдвэрээ гаргаагүй байхад хувийн бодол нь түлхүү шахам мэдэгдэл хийж явах нь тийм ч зөв харагдахгүй байна.
Их аваргын бухимдал бүр дээд цэгтээ хүрсэн бололтой, “Энэ одоо гуниг гашуудал царайлаад нэг л их шийддэг нөхөр! Хол явж холуур хуцаасай билээ! Энэ бид хоёрт Сумогийн асуудал падлий ч байхгүй” хэмээн сошиалд “гал өрдлөө”.
Өчигдөр гэхэд Японоос буунгуутаа онгоцны буудалд ярилцлага өгсөн Кёкүшюзаныг Асашёорюү Д.Дагвадорж буруутгаж, түүний Японд очихдоо ашигласан нэрийн хуудсыг олонд дэлгэв. Тэрхүү нэрийн хуудас нь Кёкүшюзан Д.Батбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн байсан нь бас л асуудал дагуулж буй бололтой.
Асашёорюү хамгийн сүүлд Харумафүжи их аваргын талаар “Миний дүү бол жинхэнэ эр хүний хугархай. Олон таван зангүй, хүүхдэд үнэн сэтгэлээсээ хайртай. Тийм л нэгэн эр хүн! Ёс жудаг дээр хатуу байр суурьтай эр хүн! Аавдаа гээд өөрөө зохиосон шүлгийг нь сонсоорой! Харума чи бол эр хүн” хэмээн жиргэжээ. Их аварга, сүмогийн алтан хараацай нарын дохёноос гадуурх ‘зодоон’ тэндэх асуудлыг улам дэвэргэх вий.
Б.БАЯСАХ