Хятадын эрх баригчид БНСУ руу аялах жуулчдад тавьсан албан бус хоригоо цуцалсан нь сүүлийн жил гаруйн хугацаанд таарамж муутай байсан харилцаагаа сайжруулах алхам боллоо. Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллээс сэргийлэх зорилгоор АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байршуулахаар болсон нь Хятад, БНСУ-ын дипломат харилцаанд сэв суулгасан. Хятад улс бүс нутагтаа АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах систем байршуулахыг эсэргүүцэж, хилийн цэрэг, армийн үйл ажиллагааг нь тагнах аюултай гэж үзсэн.
БНСУ –ын эсрэг явуулж буй эдийн засгийн албан бус хоригоо цуцалж эхэлсэн нь хоёр улс пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах асуудлаар зөвшилцөлд хүрсэнтэй холбоотой юм. Энэ сарын дундуур БНСУ АНУ-ын батлан хамгаалах системийг нутагтаа байршуулахгүй, хамтарсан цэргийн хээрийн сургуулилт хийхгүй байх амлалт өгсний хариуд Хятад тус улсын эсрэг явуулж буй эдийн засгийн албан бус хоригуудаа цуцална хэмээн мэдэгдсэн.
Хятад гуравдугаар сард БНСУ руу аялах жуулчдад хориг тавьснаас болж Солонгост очдог жуулчдын тоо 50 хувиар буурчээ. 2016 онд БНСУ-д 17 сая жуулчин очсон байна.