Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр /2017.11.28/ Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээнд Монголбанк, арилжааны банк, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцсон юм.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт УИХ чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд банкны салбарт хоёр том өөрчлөлт орох аж.
Нэгдүгээрт, банкны системд нийт 27 их наяд төгрөгийн хөрөнгө эргэлдэж байна. Гэтэл 3,3 их наяд төгрөг буюу 12 хувь нь эздийн хөрөнгө, 24 их наяд төгрөг буюу 88 хувь нь олон нийтийн хуримтлал байдаг аж. Олон нийтийн хуримтлалын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Монголбанк шийдвэр гаргадаг. Иймд Төвбанкны шийдвэр гаргах чадамж, боломжийг илүү хүчтэй болгох өөрчлөлтийг дээрх төсөлд тусгажээ.
Хоёрдугаарт, арилжааны банкуудын эзэд, хөрөнгө оруулагч, банкируудад тавих эдийн засаг болон нийгмийн шаардлагыг өндөржүүлсэн байна.
Хуулийн төслийн талаар Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд арилжааны банкны дотоод асуудалд хэтэрхий оролцсон байна гэдэг шүүмжлэл хэлсэн юм.
Сануулахад, Банкны тухай хуулийг дагаж дараах гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Үүнд:
- Зөрчлийн тухай хууль
- Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль
- Төвбанкны тухай хууль
Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “Төвбанкнаас зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” гэсэн заалт нэмжээ. Энэ заалтыг банкууд зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдрийн ярилцлагын үеэр тэдний байр суурийг тодруулах гэсэн боловч ажлын хэсэг дээр асуудлаа ярилцана гэж хэлээд, яриа өгөхөөс татгалзлаа.
Бусад төлөөлөгчид зээлийн хүүг хязгаарлах асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд:
-Зээлийн хүүгийн бүтцийн тухай ярихад хадгаламжийн хүү бол үйлдвэрийн түүхий эдтэй адилхан. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад мөнгө хомс байгаа учир хадгаламжийн хүү өндөр байна. Хомсдолтой мөнгийг эргэлдүүлэх банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард хангалттай байна. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь үүнтэй холбоотой. Арилжааны банкуудын гаднаас оруулж ирсэн зээлээс 10 хувийн татвар авдгийг болиулах хэрэгтэй. Хамгийн амархан хийж болох асуудал бол суутган төлөх татварыг болиулах асуудал юм.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Банк эзэмшигч заавал банкны салбарын хүн байна гэж бичиж болохгүй. Энэ заалтыг ялгаж салгаж оруулж ирэх ёстой. Үүнээс гадна зээлийн хүүг механикаар барих гэсэн арга нь үр дүнтэй эсэхийг хэлэлцүүлгийн явцад ярилцах байх.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Өнөөдрийн хэмжээнд банкны системээ сайжруулах, банкуудын үйл ажиллагааг эрсдэлгүй өргөжүүлэх зах зээлийг дэмжих талын зохицуулалт дутуу орж ирсэн гэж харагдлаа. Арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаа ч энэ бол ганцхан банкнаас шалтгаалах асуудал биш. Тиймээс хүүг бууруулахаар оруулж ирсэн механик зохицуулалтыг шүүмжилж байна.