Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Монгол ингэж ялав

Арваннэгдүгээр сарын эхээр Өмнөговь аймагт очиж ажилласан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар төмөр замын асуудлаа барьж шийднэ гэж амласан сайдын тоог нэгээр нэмлээ. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг 2010 онд УИХ-аар баталснаас оноос хойш Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаа амласан сайд, дарга нар Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд тоологдоно.

Гэвч, яг хэзээ төмөр замаа барих нь бас тодорхойгүй тул Д.Сумъяабазар сайд нүүрс зөөвөрлөж байгаа хүнд даацын машины хэмжээг 100-110 орчим тоннд хүргэвэл хилийн ачааллыг бууруулах боломжтой гэсэн “шинэ” санаа дэвшүүлжээ. Энэ нь төмөр замтай болох хүртэлх түр арга хэмжээ гэх. Гэхдээ Гашуунсухайтын төмөр зам хэзээ ашиглалтад орохыг Д.Сумъяабазар сайд битгий хэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч хэлж чадахгүй байгаа.

Тавантолгойн нүүрс Хятадын хил дээр “саатуулагдаж”, 150 километр үргэлжилсэн машины цуваа 80 киломерт болж багассан ч энэ нь баярлах сайхан мэдээ лав биш. Долдугаар сарын 7-нд “Монгол ялсан”-аас хойш Гашуунсухайтын боомтоор Хятад руу гарах гэсэн том тэрэгний цуваа хэдэн арван километр үргэлжилж, үүнийг хятадуудын “дипломат хориг” гэж эдийн засагч Л.Наранбаатар тайлбарлажээ.  Дипломат хориг монголчуудад 200 гаруй сая долларын “алдагдал” авчирч байгаа бололтой.

Монгол уу, Орос уу, Хятад уу?

Яг үнэндээ хэн ялав аа. Монгол уу, Орос уу, Хятад уу? Сарын өмнө Оросын мэдээллийн гол сайтууд “Орос нүүрс дайснаа дарсан”-ыг зарлахдаа манай хойд хөршөөс урд хөрш рүү экспортолсон нүүрс 83 хувиар өссөнийг дурджээ. Ингэхэд Оросын сайтуудад гарсан орос нүүрсний дайсан нь чухам хэн бэ?

Монгол Улс 2017 оны аравдугаар сарын байдлаар 36.2 сая тонн нүүрс олборлосноос 28.4 сая тонныг нь Хятад руу экспортолж, 1.9 тэрбум ам.доллар олжээ. Өмнөх жилүүдээ бодвол экспортолсон нүүрсний хэмжээ болон орлого нь ч өсч. Энэ онд нийтдээ 32 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснийхөө 80 хувийг эхний гурван улиралд нийлүүлжээ.

Харин дөрөвдүгээр улиралд нүүрсний экспорт төдийлөн нэмэгдэхгүйг салбарынхан хэлж байна. Шалтгаан нь “дипломат хориг”. Ганцмодны боомтоор оргил үедээ өдөрт 1619 нүүрсний машин нэвтрүүлж байсан бол долдугаар сараас огцом буурч, өдгөө 500-600 орчим машин нэвтрүүлж байгааг салбарын сайд нь мэдээлсэн. Эндээс  гурван сая тонн нүүрсний экспортоо алдсан гэвэл мөнгөн дүнгээр тооцоход 210 сая ам.доллар болж байна.

2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ’55 тэрбум төгрөг их үү, бага уу’ гэсэн Төрийн тэргүүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ‘Чингис бондын хөрөнгөөс төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан 270 сая ам.долларын жилийн хүүд 55 тэрбум төгрөг төлдөг. Тэгээд их үү, бага уу’ гэж асуултыг асуултаар хариулсан юм. Төмөр замын бүтээн байгуулалтад зориулж, Н.Алтанхуягийн Засгийн газар Чингис бондын хөрөнгөөс 280 сая ам.долларыг гаргасан ч, өнгөрсөн дөрвөн жил шороон далангаас өөрөөр бүтээн байгуулалт хийгдээгүй.  Хэрэвзээ төмөр замаа ашиглалтад оруулсан бол Хойд Солонгосын нүүрсний экспорт дээр тавьсан хориг Монголд чамгүй ам.доллар авчрах байв.

Бухын доодохыг харсан үнэг турж үхнэ

Ийм үг бий. Төмөр замаа тавихыг хүлээсээр байтал Тавантолгойн нүүрс үнс болоход ойрхон болжээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ариунболдын хэлсэн үг нь “Манай компани дөрөв ба гуравдугаар давхаргын сайн чанарын коксжих нүүрсээ түүхийгээр нь 59 ам.доллараар зарж байна. Ирэх жилээс ‘0’ давхаргын, чанар муутай нүүрс олборлож эхэлнэ. Хольж баяжуулахгүй бол зарж чадахгүйд хүрнэ”.

Ирэх жилийн төсөвт 28 сая тонн нүүрсийг дунджаар 43 ам.доллараар зарахаар суулгасан. Энэ нь сайн чанарын нүүрсээ сорчлоод түүхийгээр нь зарна гэсэн үг. Өнөөдөр “Энержи ресурс” баяжуулсан нүүрсээ 130 ам.доллараар, “Эрдэнэс Тавантолгой” 59 ам.доллараар зарж байгаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” хамгийн сайн чанарын нүүрсээ түүхийгээр нь сорчлоод хамгийн хямд үнээр зарж байгаа юм.

Шинэ Засгийн газарт Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ төмөр замын асуудалд мөн л анхаарал тавихаа амласан нь Д.Сумъяабазарын үгнээс арай илүү үнэмшилтэй сонсогдож буй. Ядаж л салбарын сайд нь улстөрч гэхээсээ мэргэжлийн хүн гэх хүлээлт үүсгэсэн. Өнгөрсөн дөрвөн жил төмөр замын гол гацаагч нь салбарын сайд нар байсан гэвэл дэгсдэхгүй. Захын нэг жишээг дурдахад л ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гансүх Зам тээврийн сайд байхдаа “Төмөр замын шинэ шугам барих тухай” УИХ-ын тогтоолын төслийг эсэргүүцэж байсан нь улсын гэхээс хувийн эрх ашигтай нь холбоотой гэх шүүмжлэлд өртөж байв. Ямартаа ч тэрхүү тогтоолын төслийг УИХ-д Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр өргөн барьснаар урагшаа нарийн хойшоо өргөн царигтай төмөр зам барихаар парламент шийдвэрлэсэн. Гэвч, энэхүү тогтоолын төслөөс хойш төмөр замын бүтээн байгуулалт улс төрийн гацаанд орсон гэж хэлж болно.

Харин өнөөдөр төмөр замаар хятад танк орж ирнэ гэх “айлгах” төлөвлөгөө ахиад шинэ сериалаар үргэлжилж магадгүй байна. Учир нь, Тавантолгойн төслийг хөдөлгөх, гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч мега төслөө хэрэгжүүлэх асуудал Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Гэвч, төмөр замыг түмэн цэргээр бариулах мөрөөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр ч хаяагүй яваа тохиолдолд Тавантолгой төсөл дахиад л улс төрөө даахгүйд хүрч мэдэх юм. Гэхдээ нэг сайхан нартай өдөр төмөр замаа түмэн цэргээр бариулахыг хүлээсээр байтал Тавантолгойн нүүрсийг хятадууд сорчилж дуусгаад, нүүрсний салбараас шахагдсан Монголын орон зай дээр оросууд бүжиг хийх нь хэзээ мөдгүй байна. Тэгэхээр энэ бүхнээс харахад эцсийн эцэст чухам хэн ялсан юм бэ, Монгол яасан бэ гэж л асуумаар байна?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж