УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслөөр өнөөдөр /2017.11.28/ багш, эрдэмтдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцүүлэхээс өмнө салбарын багш, эрдэмтдээс саналыг нь авах, тусгах зорилго агуулжээ.
Багшийн хөгжлийн дэмжих тухай хуулийн төсөлд багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулах. Ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуулалтай болох, таван жил ажиллаж байж мэргэжлийн зэрэг ахиж буй системийг илүү уян хатан болгож ажлын гүйцэтгэлээс хамааруулах. Бага ангид туслах багштай болж ачааллыг бууруулах, багшийн нэр хүндийг хуулиар хамгаалах зэрэг багш өөрийгөө хөгжүүлэх хүсэл сонирхол, боломж бололцоог бодлогоор дэмжиж, ажлын нөхцөл, тэдэнд тулгарч буй зарим нэг асуудлуудыг шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгаж өгчээ.
Урт хугацаанд чадварлаг, дэлхийн жишигт нийцсэн мэдлэгтэй боловсролтой залуу үеийг бэлтгэх чанартай боловсролын үндэс суурь болох үүднээс энэ хуулийн төслийг санаачилсан талаараа хууль санаачлагчид танилцуулсан юм. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн нэрийг өөрчлөх шаардлагатай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод онцолсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцож буй багш нар өөрсдийн саналаа илэрхийллээ. Мөн багш нарын зүгээс тэтгэврийн насыг нь багасгах, цалин хөлсийг хуулиар зохицуулах ажиллах нөхцөлийг сайжруулах асуудлыг хуульд тусгах, зарим саналуудыг нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Цэцэрлэгийн багш нар хүүхдийн сурах орчныг асуудлыг хөндөж байлаа. Тухайлбал, цэцэглэгийн нэг ангийн багш, туслах багшид 8-13 хүүхэд ногддог дэлхийн стандарт байдаг. Гэтэл өнөөдөр Монголд нэг багшид 50-70 хүүхэд ногддог нь сургуулийн өмнөх боловсролын стандарт алдагдссаныг тод харуулж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, сурах орчныг бүрдүүлэх тал дээр хуульд тодорхой заалтуудыг тусгах саналыг гаргав.
Харин ерөнхий боловсролын сургуулийн салбарт сурах бичиг, багш нарын сурах бичгийг тус тусад нь боловсруулах, багш нарын тэтгэвэрт гарах насыг наашлуулах асуудлыг хөндөж байлаа.
Нийслэлийн 20-р сургуулийн багш н.Батсайхан ‘Би одоо 50 настай. Гэтэл би дахин 15 жил багшилж тэтгэвэрт гарах шаардлагатай болж байна. Багш нарын тэтгэвэрт гарах насыг 50-55 байлгах нь хамгийн тохиромжтой. Хэт хөгшрөхөөр шинэ үетэйгээ хөл нийлж алхах, хичээлээ заах гээд асуудал тулгамдаж байна. Тиймээс хуульд багш нарын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг хөндөх нь чухал’ гэдэг санал илэрхийлсэн юм.
Их, дээд сургуулийн багш нарын хувьд Монголын боловсролын салбарт өөрчлөлт оруулах цаг нь болсон. Ингэхдээ дэлхийн стандартад нийцсэн хууль эрх зүйн өөрчлөлтийг хийж, мэргэжлийн байгууллагын саналуудыг тусгах нь зүйтэй гэлээ.
Ш.ЧИМЭГ