говийн жижигхэн сум өнөөдөр монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлыг
татаж байна. Сүүлийн үед гэлтгүй 1950-аад оны сүүлчээс нүүрсний асар
баялаг орд газар илрүүлсэн Цогтцэций өнөөдөр Монголын хамгийн баян
сум хэмээгдэж байгаа. Эндхийн иргэд хэр баргийн цалинтай ажлыг тоодоггүй
гэдэг. Гаднаас ч хүмүүс маш ихээр ирж байгаа. Өдөрт дунджаар 200 хүн
энд суурьшихаар ирдэг гэнэ. Өмнийн говийн жижигхэн сум товхийсэн нисэх
онгоцны буудалтай, уул уурхай дагасан нүүдэл үргэлжилж байгаа болохоор
замын болон түр суурьшихаар ирэгсэд зочид буудал, толгой хорогдох байр
олоход амаргүй. Хүнсний дэлгүүрүүд нь ч яг л нийслэлийнх шиг үнэтэй
бараатай, уугуул, суугуул иргэд нь сумын төвдөө хоёр байдаг ус
цэвэршүүлдэг компанийнхаа цэвэршүүлсэн баллонтой усыг хүртдэг гэж
байгаа. Сумын Засаг дарга нь эдийн засагч мэргэжилтэй, сумаа зургаан жил
толгойлж байгаа. Цогтцэций сумын уугуул иргэн Засаг дарга Г.Цог-Өрнөх
бас улсын хэмжээнд доктор профессор цолтой ганц Засаг дарга гэж байгаа.
Ингээд өнгөрсөн долоо хоногт тус сумын нутагт болсон “Эрдэнэс
Тавантолгой” компанийн экспортод нүүрсээ гаргах ёслолын үеэр цухасхан
уулзаж ярилцлаа. Сумын Засаг дарга гэхээр монгол дээлтэй боргил эрийн
дүр санаанд ордог бол Цогтцэцийн Засаг дарга нүдний шил гялалзуулан,
нарны малгай, олон халаастай хантааз өмссөн жуулчны гэмээр төрхтэй
харайж явна лээ. Гэхдээ тэрбээр Тавантолгойн нүүрсний эс ширхэг бүхэн
цогтцэцийчүүдийн хөгжлийн дэм болох ёстой гэж онцлон анхааруулж байлаа.
Ингээд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөхийн
яриаг хүргэж байна.
-Монголын төдийгүй дэлхийн хамгийн том
нүүрсний орд Тавантолгой байрлаж байгаа, өөр ч бас олон орд газартай
Цогтцэций сум Монголын анхаарал татах, магадгүй хамгийн баян гэгдэх сум
болоод байна. Харин сумын өнөөгийн байдал ямархуу байна вэ?
-Өмнөговь
аймгийн Цогтцэций сум Монгол орны төдийгүй гадаад дотоодын хөрөнгө
оруулагчдын анхаарлыг татаж байгаа сум. Хөгжлийн ерөнхий уул уурхайн
салбараа түшиглэж мал аж ахуй салбараа хөгжүүлэх бодлого баримталж
байгаа. Манай суманд уул уурхайн компаниуд олон байдгийн нэг нь төрийн
өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдөр экспортын бүтээгдэхүүний
анхны цуваагаа явуулж байна. Тавантолгойн ордоос 236 км замыг туулж
байж энэ бүтээгдэхүүн маань экспортод гарч байна. Эндээс Монгол Улсын
хүн бүрт хүртэх хувь хишгийг хүртээнэ гэдэг утгаараа энэ сумын иргэд,
хүн амьд бодит хөрөнгө оруулалт болж байгаасай гэж хүсдэг. Орон нутагт
бодит хөрөнгө оруулалт болж дэд бүтцийн хөгжүүлэх, ялангуяа зам
харилцааг хөгжүүлэх бодит шаардлага байгаа. Ялангуяа байгаль орчинд
нөлөөлөх байдлын хувьд дэд бүтцийн асуудалд маш их анхаарч ажиллах
ёстой.
-Танай эндхийн том орд газрууд, уурхайнууд сумынхандаа
хэр өгөөжтэй байдаг юм бол? Зарим сумдын хувьд хэдийгээр байгалийн
баялаг ихтэй ч орон нутгийн төсөвт үр өгөөжөө өгдөггүй, төв рүүгээ
орлого нь төвлөрч яг тухайн суманд “дусал” ч үлддэггүй гэж ярьдаг юм
билээ?
-Хуулиараа орон нутагт орох хувь нь бол чамгүй олон
бий. Тухайлбал, Ашигт малтмалын хуулийн дагуу ашигт малтмал ашигласны
төлбөрийн 10 хувийн татвар, хайгуулын лизенз эзэмшсэний 25 хувь нь орон
нутгийн төсөвт орох ёстой. Харамсалтай нь, яг энэ хуульчлагдсан хувь
хэмжээ нь ч орон нутгийн төсөвт ордоггүй. Хэрвээ энэ орлого ордог байсан
бол тухайлбал зөвхөн ашигт малтмал ашигласны 10 хувийн татвараас л
гэхэд манай суманд 4,1 тэрбум төгрөгийн орлого орж, бүх дэд бүтцийн
асуудлаа шийдэж бүтээн байгуулалт хийх боломжтой.
-Жилд 4,1 тэрбум төгрөг гэдэг сумын хувьд чамгүй их хөрөнгө. Өөрөөр хэлбэл, маш баян сум байх нь ээ танайх…?
-Тийм.
Гэтэл одоогоор ганц ч төгрөг орж ирдэггүй. Цогтцэций сум жилд 172 сая
төгрөгийн төсөвтэй. Энэ бол зөвхөн сумын Засаг дарга, Иргэдийн хурал,
багт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг хангах төдий. Бүр
тодорхой хэлбэл дээр дурдсан 172 сая төгрөгийн 80 хувь нь албан
хаагчдын цалингийн зардал болдог. Үлдсэн 20 хувиар нь урсгал засвар гэх
мэт бусад зардалд ордог.
-Гэхдээ их айлын хаялга гэгчээр энэ
том уурхай, компаниуд орон нутагтаа, тухайлбал танай суманд хандив,
туслалцаа үзүүлдэг биз дээ?
-Компаниудын хувьд тодорхой
хэмжээний хандив тусламж үзүүлэлгүй яах вэ. Гэхдээ аливаа хөрөнгө
оруулалтыг хийхдээ хуулийн дагуу, хуульчлагдсан байх харилцаанд
Монгол орон орох хэрэгтэй. Тэгэхгүй бол сум, засаг захиргааны удирдлага
хөрөнгө оруулалтын асуудлаа компаниудаас гуйх хэлбэрээр шийдэх нь өөрөө
сөрөг үр дагавартай дэлхийд хаана ч байхгүй хоцрогдсон арга.
-Яг үнийн дүнгээр илэрхийлбэл, компаниуд хэдий хэмжээний хандив, туслалцаа үзүүлдэг юм бэ?
-Манайх
компаниудын тусламжтайгаар гурван жил ямар ч асуудалгүйгээр
цахилгаантай байгаа. Өмнөговь аймагт цахилгаан тасарлаа гэхэд манайх бол
цахилгааны ямар ч асуудалгүй байдаг. Мөн байгаль, цаг агаарын хүнд
нөхцөл, ган гачиг, зуд болоход манай компаниуд бэлэн мөнгө, өвс тэжээл
бүх зүйлээр тусалдаг.
-Үнийн дүнгээр илэрхийлбэл хэдий
хэмжээний тусламж өгсөн байна вэ, компаниуд…? Нарийвчилсан тоо нь их
сонирхолтой байна л даа?
-Нэг жилд компаниуд 600 сая орчим
төгрөгийн туслалцаа үзүүлсэн байдаг. Өнөөдөр Өмнөговь аймгийн 16 суманд
байхгүй сайхан наадмын талбай бэлтгэж өглөө. Цахилгааны асуудал гэхэд л
жилд 400 гаад сая төгрөгний шугамын алдагдалтай байдаг хэцүү асуудал
шүү дээ.
-Уул уурхайн компаниудаа дагаад говьчуудын амьдрал ч
маш их дээшилж байгаа гэдэг. Иргэдийн цалин орлого ч дээшилж байгаа
байх. Танай сумын амьжиргааны төвшин хэр вэ? Басхүү баялаг ихтэй сумын
Засаг дарга, баялаг багатай аймгийн Засаг даргаас ч баян байдаг гэдэг юм
билээ. Иргэд нь ч мэдээж хэрэг баян байдаг биз дээ?
-Яг
үнэнийг хэлэхэд манай суманд хүн амын орлогын төвшин сайн, ажилгүйдэл
бага хэмжээнд байгаа. Манай суманд ажилгүй иргэн байхгүй гэж би хэлж
чадна. Гэхдээ хувь хүний өөрсдийнх нь байдлаас шалтгаалсан ажилгүйдэл,
ядуурал байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Манай сум суурин 4200, суурин бус
найман мянга, нийтдээ 12-13 мянган хүн амтай. Зүүн сумдынхаа төвд нь
байдаг гэдэг утгаараа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг сайн
хийж чадвал Өмнөговь аймагтаа, цогц, хот маягаар хөгжих боломж бий.
Хамгийн гол нь энэ сумын дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлыг уурхай
дагасан хотын хэмжээнд хуульчилж өгөх юм бол ямар нэгэн компани, ямар
нэгэн хөрөнгө оруулагчаас гуйлгүйгээр сургууль цэцэрлэгээ улам
өргөжүүлээд уурхай дагасан хотын хэмжээнд хөгжих боломжтой. Нөөц
ашигласны төлбөр, лиценз ашигласны төлбөрөөс санхүүжих бүрэн
боломжтой.
-Дэд бүтцийн асуудлыг шийдчихвэл энд бүхэл
бүтэн хот байгуулах боломжтой гэж үү? Анзаарч байхад одоогоор сумын төвд
төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны системгүй. Зочид буудал,
барилгууд нь тус тусдаа л дулаан, усаа шийдэж байх шиг байна. Үүнийг
цогцоор нь шийдэх боломж байна уу?
-Ерөнхийдөө бид ингэж
төлөвлөж байгаа. Энэ сум 80 жилийн түүхтэй. Энэ 80 жилийн хөрсөн дээр
хот төлөвлөлт хийхэд хүндрэлтэй.Тийм учраас шинээр доогуурх дэд бүтэц,
шугам сүлжээний асуудлыг шийдээд, дараа нь цэвэрлэх байгууламж,
сургууль, цэцэрлэг нь хаана байх вэ гэхчилэн шинэ хотжилыг төрийн
бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй. Улсын төсөвт уул уурхайн татварын орлого
бүрдүүлэлтээр Өмнөговь аймаг Эрдэнэтээс давчихсан явж байгаа. Өмнөговийн
энэхүү орлогын 80 хувь нь эндээс, Тавантолгойгоос өөрөөр хэлбэл,
Цогтцэций сумаас бүрдэж байгаа. Энэ утгаараа 20 гаруй аймаг, 320 гаруй
сумаас хамгийн их орлого төвлөрүүлж байгаа сум. Энэ бол байгалийн
баялгийнх нь үр шим. Байгалийн баялгаасаа Монгол Улсын иргэн бүрт
хүртээж байгаагийнхаа хувьд энэ сумын хөгжил цэцэглэлт, хүн ардад нь
өгөөжөө хүртээе гэвэл нэг тонн нүүрснээс нэг төгрөг зарцуулахад л сум
маань хангалттай сайхан хөгжинө.
-Монгол Улсын Засгийн газраас ч
Төрийн албан хаагчдын орон сууц гэх мэтчилэнгээр орон сууцжуулах
бодлогыг баримталж хэрэгжүүлж байгаа. Бид ч гэсэн энд орон сууц барьж
байгуулан цогтцэцийчүүд яг Улаанбаатар хотын иргэд ямар нөхцөлд
амьдардаг вэ тэр нөхцлийг бүрдүүлж, нийслэлчүүдийн хэрэглэдэг
хэрэглээний төвшинд байх юм бол энэ газрын баялгийн маань ашиг шим
жинхэнэ ёсоор гарах ёстой юм. Тав зургаан давхар барилга барьж орон
сууцжуулах хэрэгтэй. Үүний тулд дээр дурдсан дэд бүтцийн асуудал чухал.
Өнөөдөр Цогтцэций суманд 16 зочид буудал, дөрвөн гэр буудал байгаа ч
хүрэлцэхгүй байна.
-Танай суманд жирийн л гэр хорооллын
шавар байшингийн жижиг өрөөг түрээслэхэд сард 200 мянган төгрөгний
үнэтэй гэж хүмүүс ярьж байна лээ. Улаанбаатарын жишгээс ч үнэтэй биш
үү?
-Үүнээс ч илүү үнэтэй. Хас, ХААН банк цайны газрууд
гэхэд нэг жижигхээн өрөө түрээслэхэд нэг сая төгрөгний түрээстэй байгаа.
Юм ховор байх тусмаа үнэ нь өндөрсдөг. Олон байшин барилга байж,
нийлүүлэлт их байх юм бол үнэ нь багасна шүү дээ.
-Тэгэхээр олон байшин барих шаардлагатай байна гэсэн үг, тийм үү?
-Өмнөговь
аймгийн 80 жилийн ой, Говь шанхын хурд болоход Цогтцэцийгээс очсон хүн
цөөхөн байсан даа. Яагаад гэвэл манайхан бүгдээрээ завгүй,ажилтай
байна. Хэн нь ч гэсэн нэг давхар байшин барьчихаад зүтгэж байна.Та нар
сумын төвөөр яваад харах юм бол хашаандаа тоосго хураагаагүй айл ховор
шүү. Бүгдээрээ ажил хийхийг хүсч байна, орлогоо нэмэгдүүлэхийг хүсч
байна. Бүгдээрээ завгүй байна, манайхан. Газар хувьчилж авч, юм
байгуулахыг хүсч байна. Уул уурхайн бүтээн байгуулалтаа дагаад ард иргэд
маань бүгдээрээ хувьдаа бүтээн байгуулалт хийхийг хүсч байна, хийж
байна.
-Ингэхэд Цогтцэций суманд газар маш их үнэтэй, мэдээж
хүн болгон л газартай болохыг чармайж байгаа. Тэр дундаа нийслэлээс
бусад аймгаас хүмүүс ирж олигтойхон газар аваад зочид буудал дэлгүүр
барьчихвал ирээдүйдээ “алт” гэж ярилцодаг юм байна лээ. Бас сумын төв
орчмын газрыг хувьчлаад дууссан, одоо ямар ч газар олгохгүй байгаа гэсэн
мэдээлэл гарч байсан?
-А зэрэглэлийн бүс дууссан. Б зэрэглэлийн бүсийн газар байгаа.
-Энд
500 ам.метр буюу иргэн бүрийн өмчлөх ёстой 0,7 га-гаас жижигхэн хоосон
газар 10 сая төгрөгний үнэтэй байдаг гэсэн, үнэн үү?
-Бид
иргэн бүрт үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хуулийн дагуу газрыг нь
өмчлүүлж байгаа. Иргэн хүн өөрөө тэр газраа ямар үнэлэмжтэй байлгах, яаж
ашиглах нь хувь хүний асуудал.
-Хэдэн жилийн өмнө Ханбогд
сумынхан айл болгон гаднаа жип сойсон, хоёр давхар хаустай “Манайх шиг
80 жип сойх сум Монголд байхгүй” гэж аархаж байсныг сонссон юм байна.
Одоо ч байдал бүр ч илүү сайжирсан байх. Харин танайх…?
-Тэгвэл
манайх шиг олон давхар байшинтай, манайх шиг 200 жиптэй сум байхгүй л
гэж хэлнэ дээ. Манайхны хэрэглээний үнэ бараг Улаанбаатарынхаас ч
үнэтэй байх. Яагаад гэвэл би Цогтцэцийн дэлгүүр худалдаа, үйлчилгээ
стандартын дээд зэргийн шаардлага тавьж, хамгийн цэвэр стандартын
бүтээгдэхүүнээр хангах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Цаашид ч тийм
байх болно. Би дээр хэлсэн шүү дээ, цогтцэцийчүүд нийслэлийн зэрэглэлийн
тохилог нөхцөлд амьдарч, дээд зэргийн хэрэглээгээр хангах ёстой гэж.
Түүний төлөө ч бид ажиллаж байгаа.
-Ингэхэд танайх сая сумын наадмаа хэдэн төгрөгөөр хийв дээ, хэр тансаглав аа л гэж асуух гээд байна л даа.
-Манайх
сумын наадам хийгээгүй ээ. Аймгийнхаа наадамтайгаа хавсаргаад наадсан.
Бидэнд хийх ажил их байна, манайхан ер нь завгүй л байдаг юм.
"Ардын эрх" сонин