“Mail Online” сайт Африкийн цагаачдыг жоомтой зүйрлэсэн нийтлэлч Кэти Хопкинстэй хамтран ажиллах гэрээгээ цуцалж, нийтлэлийг нь гаргахаа больжээ.
Кэти Хопкинс “Sun” сэтгүүлээс гарсныхаа дараа “Mail Online”-д хоёр жил ажиллаж, нэрд гарсан юм. Харин Газар дундын тэнгисийг гаталж, Европыг зорьж буй Африкийн цагаачдыг жоомтой зүйрлэж, цагаачдын урсгалыг зогсоохыг уриалсан нийтлэл нь олны дургүйцлийг төрүүлсэн.
НҮБ Кэти Хопктинсын 2015 онд “Sun” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлийг үзэн ядалт агуулсан хэллэгтэй хэмээн буруутгаж байсан юм. Хопкинс цагаачдын талаарх рацист нийтлэл, комментоос болж сэтгүүлч, улстөрчдийн шүүмжлэлд өртөх болсон юм. 2016 онд “Mail Online” сайт Хопкинсын хэт даврагчидтай холбоотой хэмээн гүтгэсэн Исламын шашинт гэр бүлд 150,000 фунт стирлингийн нөхөн төлбөр төлсөн. 2017 онд Хопкинс мөн твиттерээр бусдын нэр хүндэд халдсан хэргээр 107,000 фунт стирлингийн нөхөн төлбөр төлсөн байна. Түүний нийтлэлийг магтдаг ганц хүн бол АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп. 2015 оны арванхоёрдугаар сард Хопкинсын талаар цахим сүлжээнд “Их Британи дахь Исламын шашинтнуудын асуудлыг тодорхой бичсэн” хэмээн магтсан.