гээч нь өөрөө тансаг хэрэглээний эд болохоор ч тэр үү, байгалийн
сайхныг даган байрших нь элбэг. Тэр хэмжээгээр хүний шуналыг хөдөлгөж,
байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөл дагуулах нь
өнөөдрийн цаг үеийн том эмгэнэл болчихоод байгаа билээ. Энэхүү гамшиг
Хонгор нутгийг чимэн урсдаг Байдраг голыг тойрохгүй дайрч байгаа
бололтой. Тус голыг өгсөн, уруудан нутаглаж ирсэн нутгийн зон олборлолт
хийж буй уул уурхайн дөрвөн компанийн газрын хөрсийг сэндийчих аварга
эксковаторын шанаган дор хэвтээд ч тус нэмрийг олоогүй гэнэ.
Баянхонгор
аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэр дэх Бөмбөгөр хэмээх ембүүн хэлбэрт
толгой асар их баялгийг хөрсөн доороо нуусныхаа “шагнал”-д ар, өврөөсөө
төнхүүлэх болсон юмсанж. Энд зөвхөн ашиглалтын “А” лицензтэй 13,
хайгуулын “Х” лицензтэй 26 компани үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэвэл
нутгийнхны хэллэгээр бараг л уул хангай нь тэр чигээрээ “бөөстсөн” гэж
хэлж болмоор. Урьд нь энэ газарт намрын нар хургаж, моддын навчис
алтран, ботгоны нүд шиг тойром бүрд нь тэнгэрийн өнгөнд уусан
мэлтгэнэдэг сэн. Гэтэл өдгөө хүний, өөрийн нийлсэн алтны төлөөх шунаачид
голын гольдролыг нь боож хаан, хөрс юугий нь эргүүлснээс овоолсон
шороо, ухсан нүх л үлдэж.
Шинэ Зеландын хөрөнгө оруулалттай
“Одод Гоулд” компани Далт, Хүйтний аманд 7-8 жил олборлолт хийж буй. Тус
компанийнхан өнгөрсөн жилээс талбайн тодорхой хэсгийг хашиж хамгаалан
“нөхөн сэргээлт” хийж байгаа нэрийдлээр хэд хэдэн голын гольдрол боож,
урсцыг өөрчилсөн нь орон нутгийнхан ихэд бухимдаж байгаа аж. Мөн “Том
шижир” компани нь хайгуулын “X” лицензтэй атлаа өдий төдий талбайг ухаж
төнхөөд эргүүлж орхиж. Эзэмшлийн бүсэд ойр явсан нутгийнханд буун дуу
гаргаж, “газдаж” сүрийг үзүүлсэн гэдгийг ч нутгийнхан нуухгүй байгаа.
За яахав, хууль эрхзүйн ямар ч зохицуулалт байхгүйгээс Баянхонгорын
Бөмбөгөр толгойг орвонгоор нь эргүүлчихлээ гэхэд “Урт нэртэй” хууль
баталснаас хойшхи хугацаанд олборлолт хийх тусгай зөвшөөрлийг Ашигт
малтмалын хэрэг эрхлэх газраас өгчихсөн байх юм. Орон нутгийн
удирдлагууд ч дээд газраас олгосон зөвшөөрлийг бид яалтай ч билээ гэх
утга бүхий хариулттай л сууж байх юм. Энэхүү том арын хаалга бүхий
нөхдүүд бол “Жи-Энд-Ю-Гоулд” компани.
Тус компани арайхийн амь
гуйн урсч буй Өлзийт, Байдрагийн гол, Шар усан гол, эдгээр голын цутгал
болох Бөөнцагаан нуурыг ширгээхэд “нэмэр тус”-аа оруулсаар байгаа гэнэ.
Тэр ч байтугай Шар усан голын урсгалыг тасалж, олборлолтын үйл
ажиллагаанд усыг нь ашиглаад эхэлчихэж. Голын эргийг даган нутагладаг
Гурванбулаг сумын төвийн иргэд 7-10 километр газраас ундны усаа
залгуулах болж. Учир нь тухайн нутагт мөнхийн цэвдэгшилтэй учир гүний
худаг огт байхгүй. Тиймээс хаа холоос ч атугай амны усаа залгуулахаас
өөр яалтай билээ. Дээрээс нь уурхайд ашиглаж буй бохир усаа тухайн голын
усанд ямар нэг хэмжээгээр алдаагүй гэх баталгаа байхгүй. Үүнээс үүдээд
хоёр дахь Хонгор үүсэхгүй гэх баталгаа ч бас алга. Энэ бүх байдлыг
нүдээр харж буй Хонгор нутгийнхны тэсвэр, тэвчээрийн хүлээс алдарч,
өнгөрсөн хавар тухайн компаниудын үйл ажиллагааг зогсоох шаардлагыг орон
нутгийн удирдлагуудад хүргүүлж, багахан хэмжээний эсэргүүцлийн жагсаал,
цуглаан зохион байгуулсан аж. Шаардлагынх нь хариуд “Жи-Энд-Ю-Гоулд”
компаниас нутгийн иргэдэд “Та биднийг дэмжиж байвал овог нэр, харилцах
утасны дугаар, аль нэг харилцдаг банкныхаа дансны дугаарыг бичнэ үү”
гэх санал асуулгын хуудас бүхий зурагт сэтгүүл тараажээ. Сум орон
нутагт хөрөнгө оруулалт төчнөөнийг хийнэ, ажлын байраар хангана, орон
нутгийн хишиг болгож иргэн бүрт 40 мянган төгрөг олгоно гэх
мэтчилэнгийн амлагаа ч яригдаж гэнэ.
Мөн Гурванбулаг сумын
төвийн зүүн хойхно 200 га газарт алтны хайгуулын өрөмдлөгийг өнгөрсөн
жилийн намраас хийж эхэлжээ. Тонн алтны нөөцтэй хэмээн улайран дайрч буй
энэ компанийн хайгуулын техникийн саварт Чингисийн морины уяа, хоёр
метр чулуун хөшөө, эрхэмлэн нандигнадаг Хиргэсүүр булш бунхнууд өртөхгүй
гэх баталгаа алга. Орог, Бөөнцагаан нуур ширгэх аюулд хүрч, Хонгор
нутгийн өвс ургамал өгөрч гандсаар ёроолгүй зовлон, оройгүй жаргалын
төлөөх “хүн мангас”-ын алтны төлөөх тулаанд ус мөрөн минь ширгэж, Хонгор
нутгийн өнгө улаан сайр, өмхий ногоон нуур, шороон овоолго, саарал
гадаргуу болчих вий дээ.
Баянхонгор
аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэр буюу Байдраг голын эхэн дээр
“Жи-Энд-Ю-Гоулд” компани олборлолт хийж буйгаас тус голын ус бохирдож
улмаар Бөөнцагаан нуур ширгэх аюул тулгарч байгаа талаар орон нутгийн
иргэдээс мэдээлэл ирүүллээ. Тус компани нь тусгай зөвшөөрлийг урт нэртэй
хууль батлагдснаас хойшхи хугацаанд холбогдох газруудаас гаргуулж авсан
аж. Тус мэдээллийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч
О.Тойвгоогоос тодруулаа.
-Байдраг голын эхэн дээр
“Жи-Энд-Ю-Гоулд” компани олборлолт хийж байгаа. Тус компанийнхан орон
нутгийн захиргаанаас зөвшөөрөл авсан юм уу?
-Байдраг голын эх
болох газарт олборлолт хийж байгаа нь үнэн. Тус компанийн тухайд Ашигт
малтмалын хэрэг эрхлэх газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын
яамнаас тусгай зөвшөөрлөө авсан. Тусгай зөвшөөрлийн дагуу аймгийн Засаг
даргатай байгаль орчныг хамгаалах гэрээг байгуулсан. Нэгэнт дээд газраас
зөвшөөрөл олгосон байхад орон нутгаас татгалзах эрх байхгүй.
-Орон
нутгийн иргэдээс гол ус бохирдуулж, байгаль орчин олборлолтоос үүдэн
сүйдэж байна гэх мэдээлэл ирүүллээ. Аймгийн Засаг даргын Тамгын газар
болон Мэргэжлийн хяналтын хэлтсээс байгаль орчныг хамгаалах гэрээний
дагуу дээрх газруудад хяналт шалгалт хийсэн үү?
-Аймгийн
Мэргэжлийн хяналтын хэлтсээс улирал тутамд хяналт шалгалт явуулдаг. Энэ
хүрээнд шалгалтыг байнга хийж байгаа. Шалгалтаас гарсан дүн мэдээ, дээж
шинжилгээг холбогдох газруудад илгээсэн гэх мэдээлэл бидэнд ирүүлсэн
байгаа. Одоогоор ноцтой зөрчил гараагүй байгаа. Орон нутгийн алт
олборлогч иргэд буюу нинжа нар тухайн компанийн газар нутагт орохын тулд
хэл ам таталдаг юм шиг байна билээ.Удахгүй шалгалтын баг тухайн нутаг
дэвсгэрт ажиллана.
-“Жи-Энд-Ю-Гоулд” компанийн зүгээс орон
нутгийн иргэдтэй тохиролцохын тулд сар бүр 40 мянган төгрөг олгохоор
саналын хуудас бөглүүлж байгаа гэнэ. Энэ үнэн үү?
-Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.
"Ардын эрх" сонин