Хасах 25 градусын хүйтэнд өвлийн идэшний махаа хайсан иргэд “Хүчит шонхор” захад бужигналдаж байна. Тэдний дунд тарган мөртөө үнэ хямдтай мах хайн бүх худалдаачны лангууг тойрч, сонирхох хүн олон.
Өнгөрсөн хэдэн өдрүүдтэй харьцуулахад өнөөдөр /2017.11.28/ махны үнэ килограмм тутамдаа 200-500 төгрөгөөр нэмэгджээ. Гэхдээ өнгөрсөн жилийн өдий үетэй харьцуулахад мах хямд, нийлүүлэлт сайн хэдий ч, иргэдийн худалдан авалт тааруухан болжээ.
Энэ бол ченж Д.Энхболд. Тэрбээр малчдаас өдөрт 20 үхрийн махыг тарган туранхайгаас нь хамаараад килограммыг нь 3000-4000 төгрөгийн үнээр худалдан авч бөөнддөг ченжүүдийн нэг. Малчдаас бөөндөж авсан 20 үхрийн махаа килограмм тутамд нь 200-1200 төгрөг нэмэн өдөрт нь мах жижиглэнгээр борлуулдаг худалдаачдад худалддаг аж. Өөрөөр хэлбэл, 10 орчим сая төгрөгөөр малчдаас үхрийн мах бөөндөж аваад өдөржин “Хүчит шонхор” зах дээр зогсч борлуулаад 1.5 сая төгрөгийн ашиг олдог гэж хэлж болох юм. Түүний хэлснээр, энэ жил махны үнэ тогтвортой, малчдаас ирэх махны нийлүүлэлт нэмэгджээ. Сүүлийн өдрүүдэд ихэвчлэн зүүн аймгуудын малчид малынхаа махыг борлуулахаар “Хүчит шонхор” зах дээр өглөө эртлэн 05.00 цагт ирдэг болсон байна. Гэхдээ энэ жил зуншлага тааруухан байснаас туранхайвтар мах орж ирэх болжээ.
“Хүчит шонхор” захад хамгийн эрэлттэй нь үхрийн мах байна. Гадаах талбайд үхрийн мах бөөний үнэ нэг килограмм нь 4200 төгрөгөөр эхэлж байгаа бол дотор лангуунд шулсан, жижиглэсэн мах килограмм нь 5600 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн жижиглэнгийн махны үнэ килограмм тутамдаа 200-500 төгрөгөөр өссөн ч зэрэгцээд худалдан авалт муудаж эхэлжээ.
Махны худалдагч Д.Должинсүрэнгийн гүйлгээ сүүлийн өдрүүдэд эрс муудсан гэв. Тэрбээр өдөрт нэг үхрийн махыг худалдан аваад гуя, хаа, ястай, ясгүй гээд жижиглэж худалдаалдаг юм. Нэг үхэр дунджаар 150 килограммд хүрдэг бол нэг гуя дунджаар 30 килограмм болдог байна. Ингээд ястай махыг килограммыг нь 5800, цул махыг 6500 төгрөгөөр иргэдэд худалддаг. Энэ нь мах бөөнддөг ченжүүдээс авсан махаа килограмм тутамд нь 1800-2300 төгрөг нэмж зардаг гэсэн үг.
Үүрийн 05.00-08.00 цагийн хооронд иргэдийн худалдан авалт, малчдын махны нийлүүлэлт гээд “Хүчит шонхор” хөл хөдөлгөөний ихтэй. Харин үдээс хойш, оройдоо иргэдийн хөдөлгөөн сийрэг болж, өглөө бөөндөж авсан махаа тухайн өдөртөө зарж дуусгахаар худалдаачид махны үнээ нэг килограмм тутамд 1000-1800 төгрөгөөр бууруулдаг тухай Д.Должинсүрэн ярив. Түүний хэлснээр, сүүлийн өдрүүдэд бөөний мах эрэлттэй болсон гэв. Учир нь, аймгуудаас орж ирж буй махыг хятад иргэд, хүнсний чиглэлийн компаниуд олноороо авч, нөөцөлдөг болсон аж.
Хонь, ямааны махны бөөний дундаж үнэ нэг килограмм нь 2000-3200 төгрөг. Жижиглэнгийн худалдааны үнэ нь ястай, цул мах гэдгээсээ хамаарч 2700-4800 төгрөгийн ханштай байна.
Малчдаас нийлүүлэгдэж буй хонь, ямааны махны тухайд голдуу эм мал болсныг ченж Х.Наранцэцэг хэлэв. Хонь, ямааны мах малчдаас авч жижиглэнгийн худалдаачид болоод иргэдэд бөөнддөг ченжүүд өдөрт дунджаар 30-50 хонь авч, борлуулдаг гэнэ. Нэг хонь 20-22 килограмм хүрч, малчдаас нэг килограмм махыг 2000-3000 төгрөгөөр үнэлж аваад 200-1200 төгрөг нэмж зардаг байна. Малчдаас орж ирж буй махны үнэ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хямдарчээ. Мөн хоёр өдрийн өмнөөс хонь ямааны мах килограмм тутамдаа 300-400 төгрөгөөр нэмэгдсэн ч, борлуулалт нь муудах болсныг худалдагч Ц.Болороо ярив. Адууны махны жижиглэнгийн үнэ нэг килограмм нь 3000-3500 төгрөг байна.
“Хүчит шонхор” захын дотор зааланд хонины цул мах нэг килограммыг нь 4500, ястай мах нь 3000-3200 төгрөг, ямааны цул мах 2700-2800 төгрөгийн үнэтэй байлаа. Мах шулж, жижиглэнгээр нь зардаг дотор заалны худалдаачдын хувьд өдөрт 60-70 килограмм махыг өглөөд нь бөөндөн авч, өдөрт нь зарж дуусгадаг аж.
Ирэх хавар худалдах нөөцийн махны хэмжээг 16 мянган тонн байхаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тооцсон. Эхний ээлжид нөөцийн мал, мах бэлтгэлийн ажилд 33 үйлдвэр орох хүсэлтээ тус яаманд хүргүүлсэн байна. Эдгээрээс яамнаас тавьж буй шаардлагыг 25 үйлдвэр, аж ахуйн нэгж хангасан тухай салбарын яамнаас мэдээлэв.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ