Зэсийн үнэ 600 ам.доллароор уналаа

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 600 ам.доллароор уналаа

Зэсийн үнэ ердөө аравхан хоногийн өмнө буюу долдугаар сарын 29-нд 9800 ам.доллар/тонн даваад байв. Харин өнөөдрийн байдлаар нэг тонн цэвэр зэсийн үнэ 9190 ам.доллар болтлоо уначихаад байна.
Учир нь дэлхийн хамгийн томоохон эдийн засаг болох АНУ, Хятадын ДНБ-ий өсөлт удаашрах төлөв ажиглагдаж буйг шинжээчид тэмдэглэж буй юм.

“АНУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтэд сэтгэл дундуур үзүүлэлтүүд маш их байна” гэж Лондоны UBS AG-ын шинжээч Ангус Стэйнэс хэлсэн бол Standard Chartered-ын шинжээч Даниел Смиф “Дэлхийн макро эдийн засаг ерөнхийдөө удааширч байна. АНУ, Хятадын эдийн засгийн үзүүлэлт ихээхэн суларснаас зах зээл уналтад орж буй нь гол түүхий эд, металуудад эргээд нөлөөлж эхэлж байна” гэж өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.

АНУ-ын эдийн засаг 2011 оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.3 хувийн өсөлттэй гарсан ч, энэ нь өмнөх нэгдүгээр улиралтай харьцуулахад ердөө 0,4 хувиар өссөн үзүүлэлт болохыг тус улсын Худалдааны яамнаас долдугаар сарын 29-нд мэдээлжээ.

Түүнчлэн АНУ-д төвтэй санхүүгийн үйлчилгээний компани Standard&Poor’s АНУ-ын зээлжих зэрэглэлийг ААА биш АА болгон, нэг шатлалаар бууруулах болсноо өнгөрсөн баасан гаригт зарласан нь “гал дээр тос нэмсэн” байна. Уг нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхим улсынхаа зээлийн хэмжээг 2.4 их наяд ам.доллараар нэмэгдүүлэх хуулийг наймдугаар сарын 2-нд баталснаар зэсийн гэрээт үнэ өснө гэж хөрөнгө оруулагчид найдаж байсан юм. Гэвч энэ нь АНУ-ын эдийн засгийг хэвийн болгоход хангалттай байж чадахгүй гэж Standard&Poor’s үзсэн бололтой.

Дэлхийн нэгдүгээрт тооцогдох эдийн засгийн байр сууринд зогсож буй улсын хувьд энэ нь томоохон ганхалт төдийгүй бусад улс орнуудын эдийн засагт ч хүчтэй нөлөөлж мэдэхээр байна.

Азийн индексүүд тэр аяараа унаж эхэлжээ. Яг одоо Нью-Йоркийн биржийн S&P 500 индекс -0,06 %, Токиогийн биржийн Никкей индекс -1,31 %, Хонконгийн биржийн Hang Seng индекс -3,70 %, Лондоны хөрөнгийн биржийн FTSE 100 индекс -2,71 %-иар тус тус унасан үзүүлэлттэй байна.

Хятадын хувьд тус улсын төр засаг эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулахаар банкны нөөц активын хэмжээ болон зээлийн хүүг нэмэгдүүлэх зэргээр шат дараатай алхамуудыг хийсээр байгаа билээ. Үүнээс гадна тус улсад эрчим хүчний хомсдол тохиож буй нь үйлдвэрлэлийн бүтээмжид сөргөөр нөлөөлж буй юм.

Иймд, зэсийн үнэ биржүүдэд үргэлжлэн унах магадлал өндөр хэвээр байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж