“Банкны үйл ажиллагааг луйвар гэж боддог сэтгэлзүй өөрчлөгдсөн цагт банк, санхүүгийн салбар өөрчлөгдөнө” гэдгийг “Вloomberg Finance Forum-2017”-ийн үеэр Банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат хэллээ. “Блю скай” зочид буудалд болж буй “Санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал ба сорилтууд” форумын үеэр эдийн засгийнхан цугларч, Монголын санхүүгийн зах зээлийн тулгамдсан асуудлыг ярилцсан юм.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн ректор Д.Батжаргал “Гадаадынхныг, ОУВС бол мундаг гэж монголчууд боддог. Бид өөрсдөө эдийн засгийн нөхцөл байдлаа зөвөөр үнэлж сурах ёстой. Манай эдийн засаг жижиг болохоор хямралаас хурдан гарах боломжтой, суурь ч сайтай”-г онцолсон бол УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл “Бид хоосон ярьж, хоосон бүлтрэх биш судалгаатай ярих хэрэгтэй. Монголбанкны хандлага нь зөв. Бусад орнуудын зээлийг хүүг буруулсан алхмуудыг судлах хэрэгтэй. Зээлийн хүүг бодлогын чанартайгаар бууруулах алхмыг бусад улс орон хийж байсан. Ийм санаачлага гаргаж байгаа улстөрчдийг буруутгахгүй байгаа. Аливаа санхүүгийн асуудалд Монгол Улс зөвхөн нэг талыг барьж ирсэн”-ийг шүүмжлэв. Мөн зээлийн хүүг бууруулах эсэхийг олон зүйл дээр тооцоолох, банк болон харилцагчийн эрх ашиг аль, аль нь чухлыг сануулсан юм.
Банкны зээлийн хүүгийн дээд төвшинг тогтоох асуудал эдийн засаг, улс төрийн хүрээнд ид яригдаж байна. Нэг хэсэг нь банкныхны луйврыг зогсоох ёстой хэмээн шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь банкны зээлийн хүүг хүчээр төр тогтоосноор эдийн засгаа татан унагаах эрсдэлтэйг хэлж буй. Гэхдээ ямарч байсан зээлийн хүү моргэж хоёр шууд хамааралтайг оролцогчид онцолсон.
Монголын арилжааны банкуудын зээлийн хүү жилийн 19.8-31 хувь. Харин Норвегийн банкны зээлийн жилийн хүү нь хамгийн бага буюу 1.4 хувьтай, Японы банк жилийн 1.5, Нидерланд 1.6, Герман 1.7, Австри, Финлянд 1.8, Франц, Шведийн банкууд дунджаар 2 хувийн зээл олгож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Монголын арилжааны банкуудын олгодог зээлийн хүү дэлхийд өндөртөө ордог.
СЗХ-ны дарга С.Даваасүрэн “Монголын банкуудаас гадна ломбард, банк санхүүгийн байгууллагынхны асуудлыг зохицуулах хэрэгтэй”-г хэлэв. Ломбард бол сүүдрийн эдийн засаг. Энэ салбар эргэлдэж байгаа долоон тэрбум төгрөг сүүдэрт нуугдаж байгаа аж.
Харин Санхүү эдийн засгийг дээд сургуулийн ректор Д.Батжаргал албан ёсоор зөвшөөрөл авсан ч бүртгэлд ороогүй мөнгийг сүүдрийн гэж нэрлэх нь зохисгүйг шүүмжилж, сүүдрийн эдийн засаг бол хууль бусаар явуулж байгаа эдийн засаг болохыг тодотгосон юм.
Биткойн эрсдэлтэй юу?
“Цэвэр ашиг олох зорилгоор зээл авч байгаа хүн , амьдрахын тулд найман хувийн зээл авч байгаа хүн хоёр өөр шүү дээ” гэсэн ‘Энд Партнерс’-ийн захирал Г.Батбаярын яриа анхаарал татлаа. Тэрбээр Монгол Улс арилжааны хуультай болох хэрэгтэйг фактууд түшиглэн ярилаа. Түүнчлэн ломбардны үйл ажиллагааг буруутахгүй байгаагаа дуулгаад, банкны шаардлагыг хангаж чадахгүй хүмүүс банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад очихоос өөр аргагүй байдгийг тайлбарлав.
Эдийн засагч Н.Энхбаяр: Буруу салбарт оруулсан хөрөнгө оруулалт хямралын үндэс болж байна. Оюутолгой, Цагаансуварга шиг их хэмжээний зээлийн хөрөнгө шаардсан төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр хэрэгтэй. Манайд үйлдвэр бариад дуусдаг, бүтээгдэхүүнээ зарах гэрээгээ хийгээгүй байдаг. Нэг талаар энэ нь банкны салбараа алдаг. Ийм жижиг чанаргүй зээлүүд явсаар макро салбарын асуудал болдог. Хөрөнгө оруулагчид бидэнд төслөө зөв сонгохыг байнга зөвлөдөг.
Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон: Банкуудын хувьд олон боломж нээж байгаа. Хувь хүний хувьд биткойн зохицуулалтгүй учраас эрсдэлтэй. Биткойн үүссэн цагаасаа их олон хүний амьдралд гай тарьсан гэж би хувьдаа боддог. Зээлийн өртөг зардал, хүүг бууруулах нь тулгамдсан асуудал мөн үү, мөн. Банкны салбарт реформ хийнэ гэхээр л манайхан бүх зүйл нэг өдөр гоё болчих юм шиг ‘бодогдуулаад’ байна. ОУВС-гийн зохиосон хуулийг орчуулж батлуулах гээд яваад байна. Энэ бол олон улсын муу жишиг. Гадаадын жишиг болгон сайн биш. Өнөөдөр банк, санхүүгийн салбарт олон улсын муу жишгийг Монголд давтах гээд байна. Би банкуудын хууль эрх зүйн орчинг л шинэчлэх хэрэгтэй. Банк, эдийн засагчид гээд олон хүний саналыг авч байж банкны салбарт реформ хийгээч л гэж хүсч байна.
Эдийн засагч Н.Энхбаяр: Технологийн компаниуд биткойн дээр түлхүү оролцвол давуу талтай байж магадгүй. Монголд хамгийн сайн хүчин чадалтай компьютер цаг уурт л байна шүү дээ. Супер компьютерийг цаг уурт, математикт ашиглаж байгаа. Ийм технологийн суурь хэрэгтэй. Хувь хүн бага мөнгө олохоороо эхний ээлжинд тансаг хэрэглээнд зарцуулчихдаг. Компани төслөө амьдруулах ёстой. Хууль зүйн зөвлөгөө авах ёстой. Үүний дараа банкинд хандах ёстой. Манайхан аль болохоор хуулийн фирмээс зөвлөгөө авахгүйгээр зээл аваад өөрийгөө хүнд байдал, банкаа ч эрсдэлд оруулдаг. Хувь хүн, банк өөр өөрийнхөө өмнөх хариуцлагаа үүрэх ёстой.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ