Хүүхдүүд автобуснаас зүүгдэж 80 км зам туулжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд автобуснаас зүүгдэж 80 км зам туулжээ

Хүүхдүүд автобуснаас зүүгдэж 80 км зам туулжээ

Хятадад автобусны доор зүүгдэж, 80 км зам туулсан  хоёр хүүхдийн  бичлэг цахим сүлжээнд тавигдсанаас хараа хяналтгүй хүүхдүүдийн асуудал хурцаар сөхөгдөж байна.

Хятадын өмнөд Гуанси мужийн ядуу тосгоны хоёр хүүхэд зэргэлдээх Гуандун мужид ажил хийхээр явсан эцэг эх дээрээ очихоор автобусанд туулайчилсан байжээ.

Арваннэгдүгээр сарын 23-нд хүүхдүүдийн сургуулийнх нь багш тэднийг алга болсон тухай анх мэдээлсэн юм.  Хэдэн цагийн дараа автобус буудал дээр зогсоход хүүхдүүд доор нь зүүгдэн явж байсныг нь олсон байна. 80 км автобусны доороос зүүгдэж, хатуу хэцүү зам туулсан хүүхдүүдийг олоход шавар шавхайд будагдсан ч азаар эсэн мэнд байжээ. 8-9 настай хоёр хүүг  хамгаалалтын ажилтнууд олж, хамаатан саднуудад нь хүргэж өгчээ. Хүүхдүүдийг яагаад автобусанд нууцаар “суусныг” асуухад юу ч хэлээгүй аж.  Тэднийг олсон хамгаалалтын ажилтнууд хэлэхдээ  хүүхдүүд эцэг эхээ санаж бэтгэрсэндээ хайж олохоор автобусанд суусан байх гэжээ. Хятадын Вэйбо цахим сүлжээнд нийтлэгдсэн энэ хэрэг олон хүний өрийг өвтгөжээ.

Цахим хэрэглэгчид бичихдээ дээрхийн  адил олон хүүхэд багаасаа эцэг, эхээсээ хол өсөж өндийж байна. Хэн тэднийг харж хандаж, эцэг эхийг нь орлох вэ гэжээ.

Хятадын алслагдсан хөдөө тосгон сууринаас олон сая хүн ажил хийхээр том хотыг зорьдог бөгөөд хүүхдүүд нь эцэг, эхийн хайр халамжийг үзэж чаддаггүй байна. Азтай зарим нь эмээ өвөөтэйгээ үлддэг бол бусад нь харж хандах хүнгүй хоцордог ажээ.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж