Үндэсний аудитын газраас өнөөдөр /2017.11.28/ АСЕМ-ын зардалд хийх эрсдэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой илэрсэн зөрчлүүдийг танилцуулсан юм.
Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг “Та бүхний асууж буй машин, техник төхөөрөмж, байшин барилгатай холбоотой асуудлын талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхөөр тухайн газар дээр нь шалгал хийхээр, эрсдэлийн аудит хийх гэж байна. Эрсдэлийн аудитын дүн ирэх гуравдугаар сарын 20-нд эцэслэж гарна. Эцсийн байдлаар дүнгээ гаргахад нэг бүрчлэн үнэн бодитой хариулт өгнө. Одоогоор судалгааны түвшинд байна.
АСЕМ-тай холбоотой зардал гаргаагүй, ямар нэгэн төсвийн ерөнхийлөн захирагч байхгүй байна. Ер нь АСЕМ-тай холбоотой хамгийн их хөрөнгө мөнгө гаргасан яам бол Гадаад харилцааны яам. Үүний дараагаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг харьяа байгууллагуудаас тодорхой хэмжээний хөрөнгө гарсан байна. Мөн сургалт судалгаатай холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тодорхой хэмжээний хөрөнгө гарсан” гэж ярилаа.
“Манай байгууллага олон улсын стандартаараа санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудит гэсэн гурван төрлийн аудит хийдэг. Эдгээр аудитыг хийж байх явцдаа тодруулах шаардлагатай асуудлууд гарч ирвэл эрсдэлийн аудитыг хийдэг юм. Өнгөрөгч 2016 онд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой зарим нэгэн зөрчлүүд илэрсэн. Уг аудитаар хууль эрх зүйн зохицуулалтыг үзнэ. Тушаал шийдвэр, батлагдсан дүрэм журмын дагуу хийгдсэн байна уу, ямар хүмүүсээс эдгээр хөрөнгө мөнгө гарч, хэрхэн зарцуулагдсан талаар шалгана. АСЕМ-ын үеэр ихэвчлэн хандив тусламжаар ирсэн хөрөнгүүд хувийн хэвшилд шилжсэн байсан. Урьдчилсан байдлаар Гаалийн ерөнхий газраас хөнгөлөлттэй, татвараас чөлөөлсөн, буцаж гарах нөхцөлтэйгөөр оруулж ирсэн хөрөнгө мөнгөний судалгааг авахаар албан тоот явуулсан. Цаашдаа том оврын автобус, тээврийн хэрэгсэл, приус машин зэрэг авто техникийн хэрэгслийн жагсаалтыг урьдчилсан байдлаар гаргаад байна. Бид одоогоор газар дээр нь очиж баталгаажуулж байгаа учраас үр дүнг дараагаар нь мэдээлэх болно. Бидний зүгээс уг аудитаар шалгах шаардлагатай асуудал гарвал хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” хэмээн тус газрын Чанарын баталгаажуулалтын албаны менежер Л.Одгэрэл тайлбарлав.
АСЕМ-д зориулж дараах эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, зарцуулсан байна. Үүнд:
Улсын төсвийн хөрөнгө
Нийслэлийн төсвийн хөрөнгө
Гадаадын хандив, тусламж
Хөгжлийн банкны хөрөнгө
- Бусад эх үүсвэр багтаж байгаа ажээ.
АСЕМ-тай холбоотойгоор 2016 онд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Тухайлбал Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой дараах зөрчлүүд илэрчээ.
- Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт ‘АСЕМ’-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгсэлийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалдсан, 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна.
Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр ‘Нью Терравокс’ компанитай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай ‘Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ’ -г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ээс 4787 ширхгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.
‘АСЕМ’-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг Гадаад харилцааны яамны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг тус яамны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр Гадаад харилцааны яаманд ирүүлсэн чиглэлийн дагуу ‘АСЕМ’-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна.
А.Сүрэн