Их Британийн хунтайж Харри АНУ-ын жүжигчин бүсгүй Меган Марклтай сүй тавьсан тухай мэдээлэл дэлхийн хэвлэлийн хуудсыг чимж байна. Үүнтэй зэрэгцээд ханхүүгийн гэргий болсноор сүйт бүсгүйн эрх дураараа, чөлөөт амьдрал хэрхэн өөрчлөгдөх тухай ч шуугиж эхлэв.
Хунтайж Харритай гэрлэж, Хатан хааны гэр бүлийн гишүүн болсноор тэр амьдралынхаа салшгүй хэсэг болсон зарим хэв маягаасаа татгалзах хэрэгтэй болох аж.
ЗАРИМ КАРЬЕРАА ТӨГСГӨЖ МАГАДГҮЙ
Меган Маркл авьяаслаг жүжигчин, бас хүмүүнлэгийн үйлстэн, блоггер бөгөөд загвар зохион бүтээгч. Хааны удмын гэр бүлийнхэн амбицтай байдаг, харин тэдний эхнэрүүд дийлэнх тохиолдолд карьераа орхиж, хааны удмын ёс жаягийг дагахаас аргагүй болдог аж.
Түүнийг жүжигчний замналдаа цэг тавих ёстой гэсэн албан ёсны тодорхой зүйл байхгүй. Гэхдээ өнгөрсөн түүхээс харахад Монакогийн гүнж Грейс Келли хуримынхаа дараа жүжигчний карьераа бүрмөсөн орхисон юм.
УЛС ТӨРД ИДЭВХТЭЙ БАЙХ БОЛОМЖГҮЙ
Меган Маркл нийгмийн тулгамдсан асуудлууд, мөн арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Харин хунтайжтай гэрлэснээр улс төрийн хүрээнд идэвхтэй байж болохгүй гэнэ.
Британийн хатан хааны гэр бүлийнхэн аливаа асуудлаар улс төрийн үзэл бодлоо олон нийтэд ил тод илэрхийлэх ёсгүй, мөн тэд сонгуулийн санал хураалтад оролцдоггүй. Түүнчлэн улс төрийн албан тушаал хашихыг хориглодог.
МЕГАН ДАХИН ХЭЗЭЭ Ч ГЭРТЭЭ “САЯТАН” ТОГЛООМ ТОГЛОХГҮЙ
Хачирхалтай хэдий ч энэ бол үнэн. Хатан хааны гэр бүлийнхэн өөр хоорондоо “Саятан” /Monopoly/ тоглоом тоглох хориотой байдаг.
ЭРХ ЯМБА, ЗЭРЭГ ЗИНДААНЫ ДАГУУ СУУДЛАА ЭЗЭЛНЭ
Хатан хааны гэр бүлийнхэн угсаа залгамжлах дэс дарааллын дагуу өрөөнд орж, тэр дарааллын дагуу тусгайлан бэлтгэсэн суудалд суудаг. Тиймээс Меган дийлэнх арга хэмжээ, ёслолд Харригийн дэргэд суух хэдий ч зарим тусгай ёслолд огт өөр суудалд ч сууж мэднэ.
БИЕ ХАМГААЛАГЧТАЙ БОЛНО
Хааны гэр бүлийн гишүүн байна гэдэг амаргүй. Хойшид түүнийг хувийн бие хамгаалагч, аюулгүй байдлыг сахин хамгаалах баг, тоног төхөөрөмж байнга дагалдаж явах болно.
ТҮҮНИЙ “ЦОЛ ГУНШИН” ӨӨРЧЛӨГДӨНӨ
Хунтайж Харритай гэрлэснээр тэр Меган, Мег, эсвэл “Suits” киноны Речел байхаа болино. Хүмүүс түүнийг “САССЕКСИЙН ГҮНГИЙН АХАЙТАН” гэх мэт албан ёсны цол хэргэмээр нь хүндэтгэн дуудах болно. Гэхдээ одоогоор түүнд ямар цол хэргэм хүртээх нь тодорхойгүй, хуримын дараа л тодорхой болох ажээ.
ТЭР ДАРУУХАН, НАМБАЛАГ ХУВЦАСЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛНО
Меган Маркл бол загварын мэдрэмжтэй, чамгүй алдартай “фэйшниста”. Гэвч хунтайжтай гэрлэснээр хүссэнээрээ хувцаслах боломжгүй болно. Бүхий л үед ихэмсэг бөгөөд даруу төлөв харагдахуйц намбалаг хувцас түүний сонголт байх ёстой.
ТЭР ХАТАН ХААНЫ ҮЙЛДЛИЙГ ДАГАН ДУУРАЙХ ЁСТОЙ
Хатан хаан ирээдүйн бэрдээ таатай хандаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ ч сайн хэрэг. Гэхдээ хатан хааны гэр бүлийн гишүүн болсноор Меган түүнд онцгой анхаарал тавих ёстой.
Хатан хааны гэр бүлийн гишүүд Хатан хаан II Элизабетийн “тааллаар” байх ёстой. Хатан хаан зогсож байвал тэд ч бас зогсоно. Түүнийг суусан цагт л сууж болно.
С.ЦЭЛМЭГ