Цөлжилт нь яг үнэндээ монгол үндэстний хувьд маш ашигтай болсон хамгийн том наймааны төлбөр билээ. Нэгдэлжих хөдөлгөөн 1959 онд ялснаар малчдад дөрвөн улиралд хаана байхыг нь хатуу зааж өгсөн. Ингэснээр улиралдаа тохируулан байгалийн бүс бүслүүрээр нүүдэг байсан нүүдлийн мал аж ахуйн уламжлалын мөн чанар бус хэлбэр нь үлдэж бэлчээр талхигдан цөлжилт эхэлсэн. Нэгдэлжих хөдөлгөөн ялснаас яг 15 жилийн дараа явагдсан бэлчээрийн хомсдолоос үүдсэн олон зуун мянган аргаль, угалз эх нутгаасаа дайжин нүүсэн их нүүдэл буюу 1974 оны долдугаар сарыг цөлжилт эрчимжиж эхэлсэн үе гэж үзэхэд буруутах зүйлгүй юм. Амьтдыг байгалийн индикатор гэдэг. Амьтан элбэг байвал ургамал, ус, агаар, хөрс экосистем хэвийн байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр Монгол улс түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамлын нөөцтэй болжээ. Өөрөөр хэлбэл, эх нутгийнхаа 77,8 хувийг цөлжүүлчихээд сууж байна. Энэ нь өнөөгийн монголчууд бид түүхэндээ байгаагүйгээр байгальдаа гай болж байна гэсэн үг. Гэхдээ цөлжилт нь монгол үндэстний хувьд маш ашигтай болсон том наймааны төлбөр гэдгийг мартах ёсгүй билээ.
Манай ШУА төв байрандаа нэрт эрдэмтэн агсан Л.Н.Гумилёвын цээж хөшөөг хүндэтгэн залаад удаагүй байна. Энэ эрдэмтэн “Невскийн Александр чинь Монголын Бат хааны өргөмөл хүү байсан учраас л германуудыг бут цохисон” гэх мэтээр түүхэн үнэнийг хамгаалж нэрд гарсан нэгэн. Л.Н.Гумилёв бас “Монголчууд 500 жилийн дараа мөхнө” гэж хэлсэн билээ. Хөгжлийнхөө өндөрлөгт хүрсэн аль ч үндэстэн 2000-2500 жилийн хугацаанд мөхсөн байдаг /мөхөх юу байхав бусдадаа уусдаг/ болохоор ийнхүү айлдсан байх магадлал өндөр. Хэрэв монголчууд тусгаар улс болоогүй бол тэгэх ч байсан биз.
Лев Гумилёв газар зүйч мэргэжилтэй нэгэн. Хэрэв биологич мэргэжилтэй түүхч байсан бол ингэж хэлэхгүй байлаа. Тодруулбал, зүйлийн үүсэл, дэд зүйл, популяци гэдэг ойлголт мөн хамгийн гол нь сэргээн нутагшилт, шинээр нутагшилт гэдэг ойлголтыг огт мэдэхгүй учраас ийнхүү алдсан байх өндөр магадлалтай. Австрали тивд шинээр нутагшсан молтогчин туулай, динго нохой яасныг маш сайн мэднэ. Монголчууд манайд нутагшсан заарт харх, усны булгыг мэднэ. Эд бүгд шинэ орчинд маш сайн дасан зохицож зарим нь бүр хүмүүстэй дайсагнах болсон амьтад. Тэгвэл монголчууд шинэ орчин буюу суурьшмал ахуйд шинээр зохицон амьдарснаар бахархам түүхтэй цоо шинэ улс, үндэстэн болж байна гэдгийг энэ эрдэмтэн хараагүй хэрэг. Энэ утгаараа Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар Монголын түүхэнд маш том гавьяатай хүмүүс болж үлдэх нь маргаангүй. Учир нь, шинэ орчинд дасан зохицсон амьтан төдийгүй үндэстнийг хөгжлийн маш сайхан ирээдүй хүлээж байдаг. Монголчуудыг генийн сангийн хувьд цаашид өсөн үржих маш их боломжтой гэдгийг доктор Ж.Батсуурь нэгэнт баталчихсан. Чухамхүү суурьшмал иргэншлийн ачаар монголчууд саяар тоологдох боломжтой болсон билээ. Монголын сонгодог суурьшмал иргэншлийг 1960 оноос эхтэй гэж үзээд энэхүү шинэ улсын насыг хүнийхтэй жишин тогтоовол өнөөдрийн монгол улс 2,2 настай хүүхэдтэй адил юм байна гэсэн тооцоо гарч байна. Энэ бол үнэхээр баярламаар бас маш чухал зүйл шүү, монголчууд аа.
Тэгвэл энэ бүхний төлбөр болоод байгаа цөлжилтийг яах вэ?
Өнөөдөр монголын нийт нутгийн 78 орчим хувь цөлжчихөөд байна. Үүний гол шалтгаан нь бог мал, ялангуяа ямааг олноор бэлчээн бэлчээрээ доройтолд оруулан цөлжүүлж буй явдал. Үүнээс гарахын тулд 21 аймгийг хуучин шигээ хангай, хээр, говь хосолсон 3-4 аймаг болгож малчдыг байгалийн бүс бүслүүрээр чөлөөтэй нүүлгэн бэлчээрээ буцаан унаган төрхөнд нь оруулж болно. Энэ тохиолдолд малчдын эмнэлгийн болон соёл, урлагийн үйлчилгээ, мэдээлэл, холбоо, удирдлага, хүүхдийн сургууль, боловсрол гэх мэт асуудалд маш том бэрхшээл үүснэ. Шууд утгаараа хөгжлийн ухралт болно. Нөгөө нэг арга нь орон нутгийнханд малаас олж буйгаас олон арав дахин их орлогыг ан амьтан, ашигт ургамлаас олох боломж олгон бог малын тоог цөөлж бэлчээрээ доройтлоос гаргах явдал. Аргаль, янгир, хар сүүлт зээр гэх мэт тууртан амьтад бэлчихдээ махан идэшт амьтдаас сэргийлж хоорондоо зайтай бэлчдэг төдийгүй хөлийнхөө хооронд ургамал орхиж идээшилдэг тул бэлчээрийг доройтолд оруулдаггүй байна. Харин олон бог мал бэлчээрийн ашигт ургамлыг яг л сахлын хутгаар үс хусаж байгаа мэт юу ч үгүй болтол мөлжин цөлжилт үүсгэдэг. Иймээс одоо хэрэгжиж буй хуулийн дагуу ан амьтан, ашигт ургамлыг орон нутгийн малчдад нөхөрлөлөөр дамжуулан эзэмшүүлэх хэрэгтэй. Ингэвэл малчид өөрийн хариуцсан амьтан, ургамлаа ашиглах эрх нь нээгдэнэ. Тэгж гэмээ нь ан амьтан, ашигт ургамал өснө. Учир нь, малчид малыг хамгаалах гэж бус ашиглах гэж өсгөдөг. Ер нь олон мянган жилийн түүхтэй өрх гэр, хот айлын зориулалттай нүүдлийн малыг бэлчээрт нь өсгөж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэдэг бухын “доодох”-ыг унаад ирэхийг хүлээхтэй адил бүтэшгүй ажил гэдгийг хаана хаанаа ойлгох цаг нэгэнт болжээ. Тэгээд ч өнөөдөр ан амьтан, ашигт ургамал дэлхийн зах зээлд малаас хэдэн арав бүр зуу, мянга дахин илүү үнэ хүрч байна. Тухайлбал, манайхаас цөөн зүйл амьтан, ургамалтай атал Европын Холбооны улсууд энэ баялгаа зөв ашиглан жилд хэдэн тэрбум еврогийн орлого олж үүнийхээ ихээхэн хэсгийг нөхөгддөг баялгаа хамгаалж арвижуулахад зарцуулж байгааг мартаж болохгүй. Ан амьтан, ашигт ургамлыг орон нутгийнхан эзэмшин хангалттай орлоготой болсноор үйлдвэрлэлийн бус өрх, хот айлын хэрэгцээг хангах зориулалттай уламжлалт мал аж ахуйгаа хадгалан малын тоо толгойг бэлчээртээ гай болохгүйгээр авч явах боломж бүрдэнэ.Сумын захиргаа болон орон нутгийн нөхөрлөл эзэмшиж буй нэг толгой угалз болон нэг ирвэс агнуулаад тус бүрээс нь 20 000 ам доллар авна гэж бодвол энэ нь 4000-5000 бог малтай малчны жилийн орлоготой тэнцэнэ. Өнөөдөр Африкийн 12 улс хоёр зүйл ирвэсийг зохистой ашиглаж байна. Танзан улс гэхэд жилд 500 толгой ирвэс агнуулах эрхтэй байна. Тэр ирвэсийн латин нэр нь Panthera pardus манай ирвэсийнх Panthera uncia. Манай ирвэс судлаачид жилд 100-200 ирвэс хууль бусаар агнагддаг гэж үздэг. Эхээсээ дөнгөж салсан хоёр настай сүргээ нөхөх ёстой залуу ирвэсүүд томчууддаа шахагдан малд халдаж агнагддаг учраас үр төлөө үлдээсэн томчуудыг нь агнуулж залуу ирвэсүүдийг аврах ёстой гэж зарим нь үздэг. Тэгвэл үүний үнэн эсэхийг гадаадын эрдэмтэдтэй хамтран судалгаа явуулж тогтоох ёстой. Энэ нь судалгааны мониторинг хөтлөх ёстой дөрвөөс доошгүй жил ирвэс агнуулах хуулийн боломж бидэнд байна гэсэн үг. Ер нь олон улсад нэгэнт үр төлөө үлдээсэн ялангуяа эр амьтан мэргэжлийн хэлээр “Биологийн хог” буюу иргэдийн ярьдгаар “Зааз амьтан” болдог гэдгийг мартаж болохгүй. Иймээс л Африкийн улсууд нэн ховор амьтан ирвэс, заан агнуулаад байдаг юм. Мөн манай Улаанбаатараас биомассын хувьд бага ч гэсэн биотехникийн арга хэмжээ авсны дүнд Европын Холбооны Люксембург хот улс жил болгон 100 000 толгой бор гөрөөс агнуулж байна. Гэтэл бид өнөөдөр нийслэл орчимдоо бүр бор гөрөөсгүй болчихоод сууж байна. Энэ нь нийслэл орчмоос эхний ээлжинд бүх малыг гарга. Тэгээд Люксембург хот улсын туршлага, технологийг өөрийн нөхцөлд тааруулан хэрэгжүүл гэсэн үг билээ.
Орон нутгийн нөхөрлөл эзэмшсэн амьтдаасаа жилд ганц ганц амьтан агнуулахгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл, нөхөрлөл эзэмшиж байгаа бүх амьтан, ургамлаа зохистой ашиглана. Сумын захиргаа болон орон нутгийн нөхөрлөл эзэмшиж буй амьтан, ургамлаа ашигласнаар 60 сая бус 600 сая малаас ч илүү орлого олох боломж бүрдэнэ. Ашигт ургамлаа зохистой ашигладаг болно. Бас арьс шир, ангийн махаа ашиглана. Ядаж л арьс нь хувалзны сорвигүй болохоор өндөр үнэ хүрнэ. Хар сүүлт зээрийн арьс гэхэд л жинхэнэ торгон савхи болно. Мах нь гэхэд л олон улсад дунджаар ганц кг нь 150 мянган төгрөгтэй тэнцэх валютаар зарагдах тооцоо гарч байна. Гаднынхан манай малыг ямар үүлдэр юм бэ гэж асуудаг. Гэтэл амьтан, ургамал маань бүгд латин нэрээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэ нь нөхөгддөг баялгаа гадаад гаргахад бидэнд мал шиг саад үүсэхгүй гэсэн үг билээ.
Мөн амьтан, ургамал унаган төрхөндөө орвол аялал жуулчлал гэж том орлого бий. Зөвхөн эрвээхий үзэх, барих гэж олон мянган сонирхогч жуулчид гаднаас ирнэ. Амьтны гаралтай түүхий эд боловсруулах, ашигт ургамлаар эцсийн бүтээгдэхүүн хийх жижиг, дунд үйлдвэрийг оролцуулбал нөхөрлөлөөр дамжин манай улс жилд хэдэн арван тэрбумаар тоологдох гадаад валютын орлоготой болно. Мөн 330 сумын захиргаа тусгай сан байгуулж энэхүү санд орох мөнгөө барьцаалж гэрээ хийн, улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр халуун, хүйтэн ус болон бохирын хоолой, цэвэрлэх байгууламжтай болох боломж бүрдэнэ.
Харин амьтан, ургамлаа эзэмших нөхөрлөл байгуулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж огт болохгүй. Учир нь, үүнд маш их хөрөнгө, мөнгө хэрэгтэй. Хөрөнгө гаргалаа гэхэд тендер гээч нь зарлагдаж шалгарсан байгууллагууд нь нөхөрлөл байгуулсан тоо хөөгөөд гурилдаж орхино. Харин үүний оронд ан амьтан, ашигт ургамлыг зохистой ашиглах, хамгаалах талаар оюуны өмч авсан мэргэжлийн байгууллагууд хуулийн дагуу гэрээ хийж инноваци нэвтрүүлэн олсон орлогынхоо тодорхой хэсгээр энэ ажлыг санхүүжүүлэх хэрэгтэй. Үүний тулд Ерөнхий сайдын эсвэл ЗГХЭГ-ын дэргэд Инновацийн орон тооны бус зөвлөл яаралтай байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Учир нь, БОАЖЯ цөлжилттэй тэмцэхэд үнэхээр хүчин мөхөсдөж байна. Ингэж гэмээ нь малын тоо цөөрч чанарын дэвшил гарна. Эх орны байгаль цөлжилтөөс ангижирч эргээд унаган төрхөндөө шилжинэ. Малыг малчид амьтныг байгаль өсгөдөг болохоор малчид завтай болно. Хангалттай орлоготой, бас завтай болсон малчид анх удаа өөрсдөө бие даан гадаадад очиж фермерийн болон амьтан, ургамал үржүүлэх тэргүүний аж ахуйн туршлагатай танилцах боломж бүрдэнэ. Хотоос хөдөөг зорих их нүүдэл эхэлнэ. Орон нутагт валютын орлоготой олон мянган ажлын байр бий болно. Малчид маань өнгөрсөн зууны бус энэ зууны малчид болно. Монголчуудын амьдрал эрс дээшлэх төдийгүй цөлжилтийг бүрэн ялж чадна.
Г.АМАРСАНАА, МОНГОЛ АМЬТАН, УРГАМЛЫН МЭРГЭЖЛИЙН
БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН