Хямдрал руу улайрч улангассан бух лугаа монголчуудын сэтгэхүйгээр бизнес хийв
Орчин цагийн хэмнэлд уусаж, монгол ахуйгаасаа бага сага холдож байгаа улаанбаатарчуудын соёл иргэншил улам л гадааджисаар. Нэг хэсэг солонгосын савангийн дуурийг аанай дуурайж, “трикотой” банди, томдсон нүдний шилтэй охид, хүргэн, бэрээ хошуу уралдан муулах ажилгүй хадам ээжүүд эрс олширсон. Яг сармагчин лугаа тэр улсын амьдралын хэв маягийг хуулж байлаа.
Тэгвэл сүүлийн хэдэн жил арай дээрдэж, харь холын АНУ-ын ахуй соёл, худалдаа арилжаанаас суралцмараа аядах хандлага ажиглагдах болов. Ялангуяа, дэлхий нийтээрээ хамгийн сайн мэддэг болсон “Black friday” буюу цочир хямдралын өдрүүдийг монголчууд тэсэн ядан хүлээдэг болов. Нөгөө юун баяр наадам, цагаан сар. Авдаг хэдэн цалин нь аманд ч үгүй, амьдралд ч үгүй гээд гомдоллоод байдаг монголчууд маань хэдэн өдрийн өмнөөс сошиал, телевизүүдээр цацсан рекламанд урхидуулж, хоосон нэг нь идэж уухаа хорьж, хоол ихтэй нь хураасан хэдэн цаасаа цацах шиг боллоо, хөөрхий. Бараг л дэлгүүр онгойхыг хүлээж, гадна нь хонон өнжин овоорч, алаан болон байж ороод дэлгүүрүүдийг хоосолдог америкчууд шиг амьдарч үзлээ. Юмтай хүн юугаа хийх нь маньд хамаагүй ч, хямдрал гэсэн бичиг рүү улайрч улангассан бух лугаа монголчуудын сэтгэхүйгээр бизнес хийгсэд ихэнх худалдааны газар, наймаачдын уран ухаанаар тавьсан жүжиг болж байна.
Уг нь АНУ мэт орнуудад хямдрал гээчийг жинхэнэ утгаар нь үзүүлж, худалдааны эргэлт, ашиг орлогоо нэмэхээс гадна ард иргэдээ хэрэгцээт бараагаар нь хангаж, баяр гэж юу байдгийг мэдрүүлдэг юм билээ. Тиймээс ч бараа булаацалдсан хүмүүс зодолдож нүдэлдэж, нэгнийхээ аминд хүрсэн харамсмаар хэргүүд жил бүр уламжлал мэт гардаг. Гэтэл манайд “Black friday” хямдралыг бодитоор хэрэгжүүлдэг нь өдрийн од мэт ховор, харин үнийг нь тэнгэрт хадтал ихэсгээд томоос том, ахиухан тоо тавьж өгчихөөд хэн шүүрхийг нь хүлээж суух төдийхнөөр болох юм. Гэлээ ч гэсэн жилийн жилд хашрахгүй, үйлчлүүлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Энэ наймаанд дэлхийг донтуулж чадсан АНУ л гэхэд өнгөрсөн онд 300 орчим сая хүний худалдан авалтаас 655.8 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн байгаа юм. Харин 2017 онд 682 тэрбум ам.долларын орлого олж, ганц жилийн дотор 28 тэрбум ам.доллараар худалдан авалтаа нэмэгдүүлж чадсан байна. АНУ-д жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт болдог Талархлын баярын дараагийн өдрийг “Black Friday” хэмээн нэрийдэж, бүх дэлгүүр, супермаркетууд нь бараг 70 хүртэл хувийн хямдрал зарладаг уламжлалтай. Энэ жилийн хямдралаар хамгийн их борлуулалттай байсан бүтээгдэхүүн нь хүүхдийн Lego тоглоом, iPhone гар утас, том том телевизүүд, болон бүх пүүз, арьсан цүнх байв. Хямдрал нь хожоотой боловч нөгөөтэйгүүр алдагдалд оруулдаг, төлөвлөгөөгүй худалдан авалтаар иргэдийн халаасыг нимгэлдэг сөрөг талтай. Энэ бол цэвэр сэтгэхүйн тоглолт.
Ялангуяа, бизнес эрхлэгчид 1952 оноос хойш энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг болсон юм билээ. Тайм сэтгүүлийн мэдээлснээр “Black Friday” зад хямдарч байгаа бүтээгдэхүүнүүдийг жинхэнэ мэт харагддаг хямд түүхий эдээр хийдэг байна. Үүгээр ч зогсохгүй өмнө нь Sony, Samsung зэрэг томоохон компани дуураймал бүтээгдэхүүн худалдаж байсныг АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийн төвөөс олж илрүүлж байсан түүхтэй. Жинхэнэ бүтээгдэхүүнтэй яг адил мэт болов ч чанар муу, загвар нь хуучирсан бараа бүтээгдэхүүнийг цочир хямдралын үеэр борлуулж асар их ашиг олох зорилгоор үйлчлүүлэгчдийг хошууруулдгийг анхааруулдаг боловч хүслээ хазаарлаж дийлэхгүй хүмүүс үүнийг улам л уламжлал болгон өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсаар. Харь холын соёлыг өөрийн уламжлал мэт болгож чаддаг гоц увидастай монголчууд гагцхүү өрөөлд ашигтай, энэрэнгүй энэ худалдааг л нутагшуулж чадахгүй гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Хямдрал гэж хуучин үнийг нь өсгөж, хямдарсан үнэ нь энэ гээд тавьчихсан байсан.
Хоосон нь идэж уухаа хорьж, хоол ихтэй нь хэдэн цаасаа цацах шиг боллоо
Зарим томоохон худалдааны төвд хямдрал 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан жинсэн өмдийг бараг л 500 орчим мянган төгрөг гээд тавьчихсан байх жишээтэй. Худал хэлж, толгой эргүүлээд сурчихсан худалдагч нь хүртэл хээв нэг “хуучин үнээсээ 40 хувь хямдарлаа, уралдаад аваарай” гэж хэлээд зогсож байлаа. Мөн төмөр сагсан дотор хогны цуглуулга аятай баахан жижиг сажиг эд, цаасан углааш, 00-ын өрөөний суултуурын таг, үнэртүүлэгч, оймсыг 50 хувь хямдарсан гээд тавьчихсан байтал бөгтийтлөө ухаж, ухаж хүнд хэрэгтэй олигтой зүйл олсонгүй. Гэтэл иргэд хямдарсан гэх шошготой л бол огт хэрэггүй ч хамаагүй худалдаж авахад бэлэн, бүр америкчууд шиг нударга зөрүүлэхэд бэлдэцгээсэн аятай хонин бор нүднүүд хаа сайгүй “гүйлдэнэ”.
Орчин цагийн монголчуудын цочир хямдрал яг улсынхаа хөгжил шиг зэвэрсэн мэт хөшүүн, хэзээ ч бодитоор хямдруулж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Бид угаасаа үйлдвэрлэгч орон биш, бараа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортолдог болохоор хэзээ ч бүтэшгүй зүйл. Нөгөө л зарж, хэд гурван зоос илүүчлэх зорилгоор авчирсан юмнуудаа борлуулахаар гоё уриатай ховор өдрүүд болгож чадна. Гэхдээ бас дурдахгүй өнгөрч болохгүй хоншоортой загнасан газрууд байлаа. Улаанбаатар их дэлгүүр, United colors of Benneton, Наран молл гэх зэрэг дэлгүүр бас ч гэж бодитоор хямдруулж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлийг цатгасан юм. Улаанбаатар их дэлгүүр л гэхэд нөгөө Carpisa арьсан цүнх, Sisley брэндийн бараа, пүүз, эрэгтэй хослолуудаа 50 хувь хямдруулж, зорьж очсон болгоныг богц дүүрэн үдэж байлаа. Энэ мэт газрууд ирэх жилүүдэд олширвол аятай юу.
Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин