Сонгуульд шороодоогүй дархан түшээ

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

76:1

Сонгуульд шороодоогүй дархан түшээ

Сонгуульд шороодоогүй дархан түшээ

“Ньюс” агентлаг өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцанг танилцуулж байна.

УИХ-д 27 дахь жилдээ хууль батлалцаж суугаа цор ганц УИХ-ын гишүүн бол Д.Лүндээжанцан. Анх 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдон, Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан үеэс парламентад ажиллажээ.

Ажлын төлөө төрсөн, хуруу дарам хууль тогтоогчдын нэг гэж хэлж болно. Намын нөхөд нь албан тушаалын төлөө унтах нойроо хугаслаж явахад Лүндээ гишүүн хуулийн төсөлтэй л “ноцолдож” суудаг. Шинэ гишүүдийг хууль боловсруулах дөртэй болгох үүргийг мөн л үүрнэ. Танхимдаа түр тар хийж, маргалдах залуу гишүүдээ өрөөндөө зэрэгцүүлж суулгаад “Намайг танагтай байгаа дээр хууль боловсруулж сур” гэж зааж, зөвлөнө.

Нэг их том дуугараад, хатуу нясуун үгийг бусдад чулуудаад байхгүй ч хэлсэн үг бүр нь  үнэтэй. “Дархан түшээ” гэх тодотгол бол олон нийтээс өгсөн “цол”.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2006 онд Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртсэн. Парламентыг төлөвшүүлэх, хууль эрх зүйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, дээрх шагналыг олгожээ.

Хууль зүйн салбарт бэлтгэсэн шавь олонтой, мөн Монгол Улсын Гавьяат хуульч Б.Чимид, Г.Совд, Э.Авирмэд нарын шавь байснаа бахархан ярих дуртай.

Хуульч болсон намтрыг нь сөхвөл, эдийн засагч болох хүсэлтэй байсан ч аравдугаар анги төгссөн жил нь уг хуваарь ирээгүй тул МУИС-ийн Хуулийн ангид элсэн суралцжээ. Дөрөвдүгээр курс төгсөх жилээ МАХН (одоогийн МАН)-д гишүүнээр элссэн байна. Ажлын гараагаа оюутан байхдаа МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эхэлжээ.

Улмаар Улсын прокурорт ажиллаж байгаад ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгчээр томилогдон ажилласнаар парламентын гишүүн болох эхлэлээ тавьжээ. Тодруулбал, 1990 онд Төр эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгчээр ажиллах үед Баянзүрх дүүргээс Ардын их хурлын депутатаар сонгогдсон байна.

Улмаар Өвөрхангай аймгаас таван удаа УИХ-д тасралтгүй сонгогдсон бол 2012 онд намын нэрсийн жагсаалтаар, харин 2016 оны УИХ-ын сонгуульд 70 дугаар тойрогт өрсөлдөж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ялснаар найм дахь удаагаа УИХ-д сонгогджээ.

Парламентад завсаргүй сонгогдон ажилласан дээрх хугацаанд Хууль зүйн сайдаар ажиллах хоёр ч удаагийн хүсэлт ирэхэд татгалзсан нь, мэргэшсэн парламентч болох зорилго тавьсантай нь холбоотой аж.

Одоо Д.Лүндээжанцан гишүүн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог удирдаж байна. УИХ-аас өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах даалгавар өгснийг бэлэн болгосон. Гагцхүү МАН 65 гишүүнтэй байгаа энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгодог парламентын засаглалын сууриа бэхжүүлэх үү, дараагийн УИХ-д даалгах ачаа болгон үлдээх үү гэдгийг ирэх бүрэн эрхийн хугацаа нь харуулна.

Тэрбээр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, мөн парламентын засаглалаа сонгодог тогтолцоо руу нь улам бэхжүүлэх ёстой гэсэн зарчим барьдаг.

Шатар тоглох хоббитойн дээр шаггүй яруу найрагч. “Зангаараа амраг”, “Монгол хатдын домог”, “Арвай хээрийн хавар” зэрэг 20 гаруй шүлэг нь эдүгээ дуу болж, олны хүртээл болсон төдийгүй зарим нэг бүтээл нь “Морин хуур” наадмын шилдэг арван бүтээлийн нэгээр шалгарч байжээ.

Хүүхэд насандаа чөлөөт бөхөөр хичээллэж явсан ч хожмоо ном эрдмийн мөр хөөснөөр орхисон гэдэг. Эцэг нь цэргийн хүн байсан бол ээж нь гуталчнаас эхлээд бүхий л ажлыг хийж явжээ. Олон хүүхэдтэй айлын тав дахь хүү нь болон мэндэлсэн бол эдүгээ Лүндээ гишүүн ач зээгээ тойруулсан өвөө болоод байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1975 онд

Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль

1980 онд

Монгол Улсын Их Сургууль хуульч мэргэжлээр  төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1980-1985 онд Монгол Улсын Их Сургуулийн багш, ХЗЭ-ийн хорооны дарга

1985-1986 онд Улсын Прокурорт хэлтсийн прокурор

1986-1989 онд Улсын Прокурорын туслах, хэлтсийн дарга

1989-1990 онд ШУА-ын Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгч

1990-1991 онд Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга /дэд дарга/

1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн

1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1992-1995 онд Монгол Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга

1992 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

1995-1996 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Ёс зүйн дэд хорооны дарга

2017 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

ШАГНАЛ 

1997 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2006 онд Монгол Улсын гавьяат хуульч

ГАДААД ХЭЛ 

Англи, Орос

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж