АНУ, ОХУ-ын дунд өрнөж буй цахим дайн

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

АНУ, ОХУ-ын дунд өрнөж буй цахим дайн

АНУ, ОХУ-ын дунд өрнөж буй цахим дайн

Харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн өнөө үед улс орнууд шууд зэвсэг барин тулалдахаас илүү хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр дамжуулан ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх болжээ. Тухайлбал, Цагаан ордны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ОХУ хөндлөнгөөс оролцож, нөлөөлсөн гэж АНУ-аас удаа дараа мэдээлж байна. Энэ нь хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр дамжуулан олон нийтийн санаа бодолд нөлөөлөх боломжтой гэдгийг нэг талаар баталж буй юм.

АНУ-ын тагнуулын агентлагаас Оросын “RT”, “Sputnik” зэрэг мэдээллийн байгууллага 2016 оны Цагаан ордны сонгуулийн үеэр баримтыг гуйвуулан, ташаа мэдээлсэн гэж буруутгажээ. Улмаар Оросын “RT” агентлагийг гадаадын агент буюу тагнуулын байгууллагаар бүртгэснээ мэдээлжээ. Харин Москва үүнийг эрс үгүйсгэж, АНУ-ыг үг хэлэх эрх чөлөөнд халдлаа хэмээн хариу барьсан юм. Москвад төвтэй RT” олон улсын мэдээллийн агентлаг 2005 онд байгуулагдсан бөгөөд 2010 онд АНУ-д салбараа нээсэн аж. АНУ-ын талаас тус агентлагийг Оросын Засгийн газрын “суртал ухуулгын” хэрэгсэл хэмээн үзэж ирсэн ч арваннэгдүгээр сарын 13-нд тагнуулын байгууллага гэж зарлажээ.

Үүний хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бямба гаригт (2017.11.25) гадны болон гадаадаас санхүүжилттэй хэвлэл мэдээллийн байгууллагыг “гадаадын агент” буюу тагнуулын хэрэгсэл” гэж үзэх тухай хуульд гарын үсэг зурлаа. Улс орныхоо эрх ашгийн төлөө ОХУ-ын хууль тогтоогчид хэдхэн хоногийн дотор хуулийн төслийг боловсруулан баталжээ. ОХУ-д гадаадын санхүүжилттэй есөн хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, ‘Voice of America’, CNN ‘Radio Free Europe/Radio Liberty’, “Deutsche Welle” зэрэг байгууллага Москвад үйл ажиллагаа явуулдаг. Хэвлэл мэдээллийн шинэ хуульд гадаадаас санхүүжилт авдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бүртгэж, тавих хяналтаа нэмэгдүүлэх аж. Үүнтэй төстэй хууль ОХУ-д өмнө нь байсан ч хэвлэл мэдээллээс бусад салбар буюу иргэний нийгмийн байгууллагуудыг чиглэсэн байжээ.

Европын холбооны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг тагнуулын хэрэгслээр бүртгэн хараа хяналтаа нэмэгдүүлэхийг хараат бус, чөлөөт хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл хэмээн хурцаар шүүмжилж байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Оросын хакерууд нэр дэвшигч Хиллари Клинтоны багийнхны и-мэйл хаягт халдсан гэж Холбооны мөрдөх товчооноос мэдээлсэн. ОХУ-ын талаас зохион байгуулсан цахим халдлага нь ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампыг ялахад нөлөө үзүүлсэн байж болзошгүй тухай мэдээллийг АНУ-ын Тагнуулын төв газраас мэдэгдсэн юм. Мэдээлэлд, Оросын хакерууд Хиллари Клинтоны сонгуулийн кампанийг удирдаж байсан Жон Подестагийн и-мэйл хаягийг хакердаж, сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц чухал мэдээллийг хулгайлсан тухай дурджээ. Мөн “The New York Times” сонин хэдэн сарын өмнөөс Дональд Трампын хүүг Оросын өмгөөлөгч Наталия Весельницкаятай уулзсан, түүнтэй холбоотой байдаг гэж мэдээлжээ. Энэ асуудлаар Трампын хүү бага Доналд Трамп Сенатад тайлбар хийсэн билээ.

Сүүлд АНУ-ын талаас Оросын хакерууд америкчуудын “Gmail” цахим шууданд халдахыг оролдсон гэдгээ нотолж чадсангүй. Оросын “Fancy Bear” цахим тагнуулын бүлгээс АНУ-ын 80 орчим иргэний цахим хаягт дайралт хийсэн гэж “AP” агентлаг мэдээлсэн аж. Гэхдээ АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос хэн, хэн халдлагад өртсөнийг нууцалж, энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж