Кёкүшюзан сүмочдын асуудлаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Кёкүшюзан сүмочдын асуудлаар мэдээлэл хийлээ

Кёкүшюзан сүмочдын асуудлаар мэдээлэл хийлээ

Ёкозуна Харумафүжи нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржтой маргалдсан хэргийн талаар Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр /2017.11.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Японд очиж, дээрх асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаад, өнөөдөр эх орондоо ирмэгцээ Чингис хаан нисэх буудалд сэтгүүлчдэд товч мэдээлэл өгсөн юм.

Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн компанийн хөрөнгө оруулагч нартай уулзах хувийн ажлаар Японд очих зуураа монгол сүмочдын нэр холбогдсон хэргийг нааштай шийдэхийн тулд хувийн зүгээс болон Монголын сүмо бөхийн холбооны зүгээс ямар арга хэмжээ авах талаар зарим хүмүүстэй уулзаж, ярилцжээ. 

Түүнийг Японд байх хугацаанд тэндхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны монгол бөх, мөн Монголын сүмогийн холбооны тэргүүн гэдэг утгаар нь байр сууриа илэрхийлэх хүсэлт тавьсан тухай Кёкүшюзан ярив. Тэрбээр Японд хоёр хоног саатах төлөвлөгөөтэй явсан ч тав хоноод, өнөөдөр ирж буйгаа мөн хэлсэн юм.

Кёкүшюзан Д.Батбаяр болсон явдлын талаар “Шуудхан хэлэхэд, манай бөхчүүд караокед хэтрүүлж уусан, зодолдсон асуудал байгаа. Зодолдох гэж дээ, нэгийгээ зодсон асуудал байгаа. Тэр нь жаахан хэтэрчихсэн. Түүнээс биш хоёр бөх нэгийгээ дээрэлхсэн, хоорондоо өс хонзон санасан зүйл огт байхгүй. Үүнийг би очсон хойноо мэдсэн” гэлээ.

Мөн тэрбээр ‘Сүмогийн хүрээний мэргэжлийн хүмүүстэй зөвлөхөд, сүмод анхдагч монгол бөхийн хувьд, мөн Монголын сүмогийн холбоог төлөөлж байгаагийн хувьд хоёр бөхийг хооронд нь уулзуулж, гар бариулаад, уучлал гуйлгавал асуудлыг шийдэх боломжтой гэж зөвлөсөн. Гэвч энэ хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир амар шийдэх боломжгүй болсон’ гэв. 

Таканоива А.Баасандорж, Харумафүжи Д.Бямбадорж

Ояката Исэгахама, Таканохана

Кёкүшюзан Японд байх хугацаандаа энэ дуулианд нэр холбогдсон хоёр бөхөөс гадна тэдний харьяалагддаг дэвжээний ояката нартай уулзахыг хүссэн ч нэгэнтэй нь л уулзаж чаджээ. 

Кёкүшюзан мөн ‘Харумафүжи Д.Бямбадоржийн дэвжээний ояката Исэгахама, Таканоива А.Баасандоржийн ояката Таканохана нар хоорондоо харилцаа муутай, хоёр тийш хараад суучихсан тул хэрэг цагдаад шилжиж, хүндэрсэн’ гэж ярилаа. 

Харумафүжигийн цолыг хураах, сүмогоос хөөх эсэх асуудал хөндөгдөх эсэх тухайд Кёкүшюзан Д.Батбаяр “Хөөх үү, үгүй юу гэдэг нь Таканоива бэртсэн үү, үгүй юу гэдгээс хамаарна. Таканоива надтай утсаар холбогдоод хэлэхдээ, маш том гэмтэлтэй байгаа. Гавлын яс цуурсан, чих сонсохоо больсон, хэд хэдэн оёдол тавиулсан гэдгээ хэлсэн. Би гэхдээ нүдээрээ хараагүй” гэлээ.

Монгол бөхчүүдтэй холбоотой асуудлаар Японы хэвлэлд ярилцлага өгсөн Кёкүшюзанд мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж ихэд дургүйцэж, саяхан өөрийн фэйсбүүк хаягаар дараах тайлбарыг хийсэн юм.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж