Төв архивт хадгалдаг хосгүй үнэт баримтуудыг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Төв архивт хадгалдаг хосгүй үнэт баримтуудыг дэлгэлээ

Төв архивт хадгалдаг хосгүй үнэт баримтуудыг дэлгэлээ

Монгол гэрийн цагаан бүрээс шиг дугариг хэлбэртэй, даавуун дээр монгол бичгээр ургийн бичиг хөтөлсөн нь хүний сонирхлыг ихэд татна. Ийм том хэмжээний ургийн бичиг Монголд хоёрхон байдгийн нэг нь Сэцэн хан Шолойн удмынх ажээ. 

5.5 метрийн диаметртэй ургийн бичгийн голд Сэцэн хан Шолойн нэр, түүний нэрийг тойруулаад үр хүүхэд, ач, гуч гээд 13 үеийн нэрс хятад хар бэхээр тэмдэглээстэй байх бөгөөд 12 мянга гаруй эрэгтэй хүний нэр багтсан хэмээв. 

“Түүхийн шинжлэх ухаанд хүний үеийг 20 жилээр боддог. Сэцэн хан Шолой 1577 онд төрсөн бөгөөд уг ургийн бичгийг 1577 оноос 1905 он хүртэл бичигдсэн гэж үздэг. Учир нь дээрх оноос хойш уг ургийн бичгийг хөтлөөгүй” хэмээх Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний мэргэжилтэн Б.Ринчинноров тайлбарлав.

Герман улсад захиалан хийлгэсэн 1930-аад оны монгол үсэгт бичгийн машин, маршал Х.Чойбалсангийн соронзон хальснаа бичигдсэн 1951 оны сонгуулийн хурал дээр хэлж буй үг, “Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр”-ийн хамгийн анхны дээж болох найман кг жинтэй аранжин зэс гэх мэт сонирхол татахуйц, архивын хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг өнөөдөр /2017.11.27/ Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газрын байранд олны хүртээл болголоо. 

Герман улсад захиалан хийлгэсэн монгол үсэгт бичгийн машин. 1930-аад он.

Герман улсад захиалан хийлгэсэн монгол үсэгт бичгийн машин. 1930-аад он.

Нугалбар бичиг эмхлэн цэгцэлж буй архивчид. 1930-аад он.

Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн 190 жилийн ойн наадмын нээлт. 1993 он Дорнооговь аймгийн архивын сан хөмрөгийн баримтын дээжээс

Үзэсгэлэн нь гурван хэсэгтэй бөгөөд монголчуудын албан хэрэг хөтлөлт, архивын уламжлалыг харуулсан бол хоёрдугаар хэсэгт архивын сан хөмрөгийн баримтын дээжсийг дэлгэсэн байв. Харин гуравдугаар хэсэгт архивын салбарын түүхэн үүсэл хөгжлийг гэрэл зургийн хальснаа буулгасныг сонирхуулсан байв.

Архивын ерөнхий газрын архивт түүхэн баримтын, улс төрийн нам, олон нийтийн, кино гэрэл зураг, дуу баримтын, зураг төслийн баримтын архив гэсэн дөрвөн хэсэгт хуваагдан, нэг сая гаруй архивын баримтыг хадгалж буйг мэргэжилтнүүд хэлсэн юм. 

Энэ үеэр “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байлаа. Хурлаар зарим сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлж буй эрдэмтэн, судлаачтай ярилцсан юм.

“Манай улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт одоогоор 21 хувь хүний 2790 баримт хадгалагдаж байдаг. Үүнд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Д.Сүхбаатар жанжин, маршал Х.Чойбалсан нарын удирдагчдаас гадна урлаг, утга зохиол, шинжлэх ухааны нэрт эрдэмтдийн хосгүй үнэт баримтууд багтдаг. Хувь хүний сан хөмрөгийн баримтыг тэр болгон судалгааны эргэлтэд оруулдаггүй. Цаашдаа судалгааны эргэлтэд оруулж, судлах шаардлагатай байгаа” тухай Архивын ерөнхий газрын Түүхийн баримтын ерөнхий архивч Т.Насанжаргал ярьсан юм.

Хэл шинжлэлийн ухааны доктор Э.Мөнхцэцэг ярихдаа “Архивын байгууллагад цугларсан манж хэл дээрх түүхэн баримтуудыг судлах, ялгаж ангилах, цэвэрлэх шаардлага гарч ирсэн. Үүний улмаас манж хэл мэддэг судлаач, архивч нар ажиллах шаардлагатай болсон юм. Тэгээд 1930-1935 оны хооронд алдарт эрдэмтэн Б.Буянчулуун гуай архивын байгууллагад манжич хэлний орчуулагчаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаандаа “Манжийн зүүн гарын бодлогыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг” хэмээх 170 хуудас боть сурвалжийг манж хэлнээс монгол хэл рүүгээ орчуулж, судалгааны ажлыг эхлүүлсэн байдаг” талаар өгүүллээ. 

Тарва чэнбо судар. Алтаар төлөөлүүлж бичсэн. /Түвэд үсгээр/

Засагт хан аймгийн Номун ханы шавь нарыг захирах тамга 1853 он.

Герман улсад захиалан хийлгэсэн монгол үсэгт бичгийн машин. 1930-аад он.
Егүзэр ачит Эрдэнэ мэргэн хамба Лувсанданзаннамжилын шавь нарыг захирах тамга.

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж