Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Гол харлатал торгоё

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд эсвэл жолооны ард анхаарал болгоомжгүй
байснаас болж осол гарган хэдэн цагаар хөдөлгөөнд саад учруулсан хүнийг
10000 төгрөгөөр торгох (хохирогчийн нөхөн төлбөр тусдаа) нь хэр оновчтой
вэ? Зам ачаалалтай үед урсгал сөрж давхин бөглөөг, ачааллыг хэд дахин
нэмж олон зуун хүний цаг, шатахууныг үрж буй жолоочид дийлэнх тохиолдолд
ямар ч шийтгэл, хариуцлага хүлээхгүй эсвэл 5000 төгрөгөөр торгуулах нь
хэр шударга вэ? Гэтэл өнөөдөр хаа хамаагүй машинаа тавих, эргэхгүй
газраар эргэх, улаан гэрлээр явах гэх мэт хууль, дүрэм зөрчсөн үйлдлүүд
хэвийн мэт үзэгдэх болжээ. Энэ явдал бүр гаарч замын хөдөлгөөний "хэт
эрч чөлөө" болоход тун ойртож байна.

Эрүүл мэндийн хуулиар хариуцлагыг өндөр болгож алдаа гаргасан эмчийн
шийтгэлийг нэмэгдүүлсний төлөө эмч нар бөөн эсэргүүцэв. Уг нь тэднийг
анхаарал болгоомжтой, хариуцлагатай, үнэнч шударга ажиллаад өгөөч ээ,
үгүй бол ингэж шүү л гэж байгаа шүү дээ. Зурагт үзэж суусан надад "бид
заавал алдаа гаргана" эсвэл "санаатай алдаа гаргадаг" гээд байгаа юм шиг
санагдаж билээ. Эмч нарт итгэхэд бэрх болжээ.

2009 онд АНУ-д хуралд сууж байхдаа өдөр бүр Сан Францискогоос Сан Хосе
хүртэл галт тэргээр зорчдог байв. Тасалбар нь 8 доллар, гэхдээ тасалбар
аваагүй бол торгууль нь 200-500 доллар. Зорчих бүрт хүн орж ирж шалгана.
Баригдах магадлал ч торгууль ч маш өндөр тул маш багахан төлбөрөө
төлөөд ном журмынх нь дагуу явсан нь дээр. Мөнгө байхгүй бол алхах нь
дээр. Өндөр хөгжилтэй эсвэл хөгжиж буй орнуудын энэ мэт чанга хатуу
жишээнүүдийг хэн бүхэн мэднэ.

Торгууль бол хууль, дүрэм мөрдүүлэх нэг төрлийн хариуцлагын
тогтолцоо, санхүүгийн хөшүүрэг юм. Хуулиа, дүрмээ зөрчихгүй мөрдөөд
байвал хэн ч торгуулахгүй. Хэрэв зөрчвөл танд санхүүгийн хувьд тодорхой
гарз гарах учиртай. Торгууль нь хүний амьдралыг хүнд байдалд оруулах
хэмжээнд байж болохгүй ч "гол харлатал" хэмжээнд байх ёстой юм болов уу.
Ослын буруутан 100,000, урсгал сөрөөд 50,000 төгрөгөөр торгуулдаг бол
тэд маш анхаарал сэрэмжтэй бас урсгалаараа явах болов уу. Энэ мэтээр
торгуулиудыг ахиухан шиг нэмээд өгөөсэй билээ.

Нөгөө талаас торгууль өндөр байлаа гээд тэрийг бүрэн хураахгүй бол бас
өөр асуудал үүснэ. Өглөө бүр 8-9 цагийн хооронд хот орох гэсэн машинууд 7
буудлаас 32 тойрог хүртэл зам дээр 4-5 эгнээ үүсгэнэ. Орой бүр 4-р
дэлгүүрээс 7 буудал хүрэх зам яг ижил. Тэр бүгдээс 5000 төгрөг бүрэн
хураавал ч ёстой бурзайна даа. Нэг сарынхаа нормыг нэг өдөрт хийх боломж
тэнд л байна (хэд хоногийн дараа буурна л даа). Сайд дарга нар маань
авлига, тендер, толгой, хууль, сонгууль гэх мэт том асуудлууд яриад өдөр
тутмын жижиг, энгийн боловч заавал байх ёстой зүйлсийг орхигдуулсаар
над мэтийн дүрмээрээ явахыг хүсдэг хүмүүсийн итгэл нэг л өдөр алдарч
бүгд дүрэмгүй "хэт эрх чөлөө" болох өдөр тун ойртжээ. Өөрөөр хэлбэл бид
дээрээсээ бас доороосоо маш хурдан ялзарч байна. Бүгдээрээ нэг юм хийх
үү дээ.

http://www.dulmandakh.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж