УИХ-ын гишүүн С.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн жил гаруй хугацаанд УИХ-ын гишүүн С.Жавхлан юу амжуулав?
-Маш олон ажил. Түмэн олон маань хэвлэл мэдээлэл болон цахим ертөнцөөс тодорхой хэмжээнд миний хийсэн, хийж буй, зорьж буй зүйлсийн талаархи мэдээллийг авч байгаа байх. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар яривал маш их цаг шаардана. Ер нь С.Жавхлан Монгол Монголоороо мандана гэдэг зүйлийг л ярьдаг хүн. С.Жавхлан монгол ёсоо яриад гандсангүй, гундсангүй. Монгол дээлээ өмсөөд хөлдсөнгүй, даарсангүй. С.Жавхлан Монголоо ярьснаар улам л дээшээ, сайн сайхнаар дуудуулж яваа.
Би дов жалганы үзлээс хэдийнэ гарчихсан хүн
-Та УИХ-д байгаа ганц бие даагч гишүүн. Улс төрд санаачилга гаргаж, аливаа асуудлыг шийдэхэд хэр зэрэг ганцаардаж байна вэ?
-Мэдээж тийм зүйл бий. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг зүйлээр өөрийнхөө сэтгэл зүрхийг хурцалж байна. Нөгөө талд өргөн түмний минь итгэл сэтгэл, дэндүү их дэмжлэг байдаг учраас би энэ асуудалд төдийлөн ач холбогдол өгдөггүй.
-Та одоо монголчуудын мэддэг дуучин биш улстөрч болсон. Та УИХ-д суух дөрвөн жилийн хугацаанд юуг засч, залруулмаар байна вэ?
-Би өмнө нь үндэсний үйлдвэрлэл гэдгийг биеэрээ уриалж, дуулж олсон мөнгөө дотоодын үйлдвэрлэгчдэд орлого оруулдаг байсан бол одоо үндэсний хэмжээнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ажлыг эхлүүлээд явж байна. Бидний өнөөдрийн өрсөлдөгч бол ямар нэг хүн, бүлэглэл, нам, эвсэл биш. Бидний өнөөдрийн гол өрсөлдөгч бол цаг хугацаа. Цаг хугацаатай өрсөлдөхийн тулд Монголынхоо төлөөх бүх зүйл бидэнд хамаатай. Энэ бүх зүйл рүү л С.Жавхлан орж ажиллахыг хичээнэ. Тэгэхээр хэтийн зорилго маш өндөр тавигдсан учраас наана нь байгаа янз бүрийн жижиг сажиг саадыг тоож анзаардаггүй. С.Жавхлан үндэсний, эх орноо гэсэн сэтгэлгээг аварч үлдэх, хойч үедээ үлдээх бүхий л зүйл рүү орно. Тийм ч учраас мэргэн сонгогчид, баянзүрхчүүд маань С.Жавхланг Монголыг минь Монгол болгож, Монголгүй сэтгэл гаргаж байгаа хүмүүсийг цэвэрлээд өгөөч гэж Зүрх хайрханы хормойгоос энэ сэнтийд өргөж итгэл хүлээлгэж явуулсан. Энэ гол чиглэлээ бариад улс төр нийгмийн гажиг буруу сэтгэлгээг арилгах соён гэгээрүүлэх энэ олон жил хийж яваа үндсэн замаараа л цааш зүтгэнэ дээ.
-Цаашид та улс төрд зүтгэх үү. Дуучин биш улстөрч С.Жавхлан болох уу?
-‘Үг үнэн бол үйлдэл үнэн’ байдаг, зөв үг зөв үйлдэл болдог. Үүнтэй адилхан ‘дуу’ бол дандаа сайны ерөөл билэг дэвсэж байдаг ариун гэгээн зүйл. Монголын нэгэн шастирт “маани мэгзэм тасарсан үед дуу, хуур Монголд асар том байр суурь эзэлнэ” гэсэн байдаг. Магадгүй өнөөдрийн дуу, хуур маань мэгзэм шиг хүндлэлийг дагуулж байгаа нь энэ цагийн ерөөл юм. Нөгөө талдаа УИХ-ын гишүүд дөрвөн хормын үг хэлдэг. Яриа гэдэг бол цэвэр аялгуу. С.Жавхлангийн УИХ дээр хэлж буй яриа дандаа л зөв энэрэхүй, Монгол байх, ёс зүйтэй байхыг хэлж ярьдаг учраас дуу, улс төр хоёр бол агаар нэг. Эх оронч дуугаа дуулаад л яваа гэсэн үг шүү. Ямар ч улс төр цагийн эргэлтэд дуугаар илэрхийлэгддэг. 1921 оныг “Магнаг үсэгтэй туг” 1990 оныг “Хонхны дуу”-гүйгээр төсөөлөх аргагүй. Цаг үе болгон дуугаар илэрхийлэгддэг бөгөөд улс төртэй салшгүй холбоотой. Түүнээс гадна хүн бүр, айл өрх бүр улс төртэй холбоотой. Айл бүр өөрөө төр.
27 жилийн сэтгэлгээ бол төр гэж тусдаа хэдэн диплом цуглуулсан, зузаан ном сугавчилж, том нүдний шил зүүж хөмсөг зангидаж, боловсролтой юм шиг царай гаргасныг төр гэж андуурч, тэр хүмүүс л биднийг тэжээх ёстой гэсэн сэтгэлгээ бий болгож ирснээс өнөөдрийн байгаа завхрал үүссэн.
Миний ярьж байгаа зүйл бол хүн бүр, айл бүр төр. Хүн бүр, айл бүр энэ төрт улсынхаа төлөө зүтгэж, нэгдэж явбал жинхэнэ Монголын агуу том төрт ёс бэхжих суурь болно гэдгийг л хэлж буй. Нөгөө талдаа та нар зүгээр сууж бай гээд худал амлалт өгч гарч ирээд түмний халааснаас хумсалдаг, газар шорооноос маань эрээ цээргүй зардаг хүмүүсээс салж байж ‘сайн цаг’ ирнэ.Үүний үр дүн ч гэсэн сүүлийн үед нийгмийн сэтгэлгээнд гарч байгаа. Тэгэхээр дуу, улс төр хоёулаа С.Жавхлангийн тавилангийнх гэмээр байна.
-Таныг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаандаа суудаггүй гэх шүүмжлэл бий. Таны үүрэг бол хууль санаачлаад иргэдээ төлөөлөх шүү дээ?
-Хууль боловсруулж батлахад баг, бүлэг хэрэгтэй. Хүндрэл бас байна. Үг сөггүй хэрэлдээд байхыг гишүүн ажлаа хийж байна гэж ойлгож болохгүй. Уриалах, үлгэрлэх, харах, ажиглах, зөв дүн шинжилгээ хийх, явах гээд төрийн түшээд асар олон зүйлийн мэдрэмж хослох ёстой. Сүүлийн үед төрийнхнийг чичлээд өгөөч, бараг алаад хядаад өгөөч гэх нь холгүй хандлага нийгмээс дэндүү их ирэх болсон. Тэртээ тэргүй нэгнээ барьж идэж байхад нь хоёрын дунд гурвын хооронд надад хэрүүл одоохондоо илүүц байна. Үр бүтээлтэй зөв санал санаачлага нь энэ цагт илүү дээр байна. Хүмүүс намайг ямар амлалт өгсөн, юуны төлөө зорьж, ямар арга барилаар ажиллаж байна гэдэг дээр дүн шинжилгээ хийгээсэй гэж хүсч байна. Нөгөө талдаа С.Жавхлангийн хэлж, хийж байгаа зүйл нь нийгэмд асар их нөлөө хүч оруулаад байгаа болохоор надаас өө хайсан, гутаах гэсэн оролдлого гэмээр байна.
-Засгийн газар огцруулах, огцрох үйл явц өрнөлөө. Та Засгийн газрыг огцруулахыг, шинэ Ерөнхий сайдыг ч дэмжсэн. Та яагаад дэмжив бас МАН-ын Их хурлыг улстөрч хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Эрх баригч нам өнөөдөр МАН-1, МАН-2 гэж хуваагдсан. Магадгүй энэ хоёр бүлгийн алинаас нь амлалт нэхэх ёстой юм бэ гэж. Төр тогтвортой байх гэдэг үүднээс эх оронч үзэл рүү явах болов уу гэсэн бодлын үндсэн дээрээс энэ шинэ Ерөнхий сайдыг дэмжсэн. Энэ Ерөнхий сайд нь намын дарга болж чадахгүй бол Засгийн газар тогтворгүй байх нөхцөл үүсэх байсан. Одоо аливаа зөв зүйлийг намчирхалгүй, бүлэрхэлгүй, талцалгүй яаж хамтрах уу гэдгийг л харж ажиж байна.
-Засгийн газрыг огцруулах үеэр нутгийн ах нартайгаа нийлсэн, тэдний үг хоронд орсон гэх яриа их гарсан. Танай нутгаас АН-д, МАН-д ч улстөрч лидерүүд олон бий. Та энэ хүмүүстэй хэр ойр байдаг вэ?
-Би ямар ч хүнтэй мэндийн зөрүүтэй явдаг. Нутгийн ах нартай ч гэсэн мэндийн зөрүүтэй л өнгөрдөг. Би Увс аймагт төрсөн нь үнэн. С.Жавхлан дов жалгархаг үзэл бус Монголорхдог хүн гэдгийг түмэн мэднэ. Өнөөдрийн амьдралыг үзэх үзэл дэлхий даяар байгаа монголчуудад бид нэг Монгол шүү гэсэн ухагдахуун, оюун сэтгэлээр нь нэгтгэх гэсэн өнцгийг харж явдаг. Би зөвхөн нэг аймгийн, дов жалганы үзэл бус, сэтгэлгээний хувьд Хамаг Монголоороо хэдийнэ хол илүү гараад явчихсан залуу. Би дэлхийн 30-40 улс орноор явсан. Хүмүүс “чи Монголоос ирэв үү” гэж асуудаг болохоос Увсаас, Архангайгаас, Сүхбаатараас ирсэн үү гэж хэн ч асуудаггүй. Дэлхий Монголыг нэг л гэж хардаг гэтэл жижигхэн тархитай улсууд одоо бараг 21 хэсэг хуваах нь шиг байна шүү. Тэгэхээр монголчууд минь ээ тархин дотор байгаа гол ус, дов жалга, аймаг хошуугаараа талцдаг, намчирхсан үзлийг таяагдан хаях цаг болсон. Үүнийг л Монголын шинэ цаг, сэтгэлгээний гарц, Монголын сэргэн мандалт, манай Монгол мандана гэж яриад байгаа юм. Манай Монгол мандан бадрах цаг маш ойрхон байна. Одоо хүмүүс тал талаасаа булхайгаа дэлгэж, нууц гэж зүйл байхгүй болж эхэлж байна. Үнэнд худал гүйцэгдэж, хорт хавдар зад үсэрч байна.
-2018 оны төсөвтэй та танилцаж амжив уу. Танай тойрогт хуваарилагдсан төсөвтэйгээ танилцав уу?
-Манай тойрог дээр чамгүй хуваарилалт хийгдсэн. Ний нуугүй хэлэхэд өмнөх жилийн төсөв дээр С.Жавхлан ойлголт муутай, судалгааны түвшинд байсан бол энэ жилийн төсвийг нилээн ухаж, чамгүй өндөр хэмжээнд ойлгоод эхэлсэн шүү. Санхүү, төсвийн шатрын өрөг дээр ямар хүү, тэрэг түлхэж, нааш, цааш болгож түмэн олны халаасыг гувчуулдаг зүйлийн судалгааг би хийж эхэлсэн. Маш өндөр анхаарал тавьж байгаа. Энэ талаар олон зүйлийг гаргаж тавих цаг хугацаа надад бас байгаа.
‘Манай Монгол мандана’ төсөл буруу жишгийг өөрчилнө
-“Манай Монгол мандана” төсөл эхлүүлж байгаа талаараа та мэдээлсэн. Энэ ямар зорилготой төсөл юм бэ?
-Одоо хүмүүс маш их яриад байгаа хэрнээ үлгэрлэж хийж харуулж байгаа зүйл алга. Түмэн олны нүдэнд за энэ л мөн дөө гэж харагдаж байгаа зүйл алга байна. Дээрээ суудлаа олохгүй байна, доороо гүйдлээ олохгүй байна. Тэгвэл одоо Монголоо гэсэн сэтгэлтэй, зөв замаар явахыг хүссэн, ажил хөдөлмөрт хайртай хүмүүс нь дундуур нь ажлаа хийгээд явцгаая гэдэг уриалгаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор төслийг санаачилсан. Түүнээс гадна бор зүрхээрээ, Монголын газар шороон дээр хөдөлмөрлөж, Монгол Улсдаа хэрэгтэй зүйл хийж буй хүмүүсийг дэмжиж, жаргал, зовлонг нь сонсч, хүндрэл бэрхшээлийг нь шийдэхэд туслах, үйлдвэрлэгч нарыг нь хэрэглэгч нарт таниулах, бүтээгдэхүүнийг нь хэрэглэгч нар нь хүргэх таниулах зорилгоор санаачлагдсан төсөл. Монгол Улс хэрэглээнийхээ дийлэнхийг гаднаас авч байна. Гадаадын олноор үйлдвэрлэдэг чанаргүй бараа Монголыг эзлээд байгаа учраас бид хямрал руу живжээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гэх шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл үнэ өндөр байгаа дотоодын бүтээгдэхүүн, үнэ хямд гадаадын бүтээгдэхүүн хоёрын хоорондох ялгаа, зөрүүг арилгах нь өнөөдрийн төрийн үндсэн үүрэг. Төр энэ зөв уялдаа холбоог нь зөв тогтоож өгдөг байх ёстой. Үндсэндээ иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг төр өдөр бүр хийж байх ёстой. Гэтэл сүүлийн 27 жил иргэд рүү биш төрийн нэрээр зөвхөн өөр рүүгээ чиглэсэн зүйлийг хийдэг төрийн түшээд гарч ирдэг буруу жишиг тогтсон байна. Би төслийнхөө танилцуулга, уриалгыг төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 75 гишүүдэд хүргүүлсэн байгаа. Одоогоор нилээн хэдэн гишүүн энэ төслөө манай тойрог дээр ингэж ажиллая, нэгдэнэ гэдгээ амаараа хэлээд байна. Удахгүй албажаад явах байх. Товчхондоо энэ төсөл бол монгол төгрөгөө аварч, дотооддоо эргэлдүүлж, хямрал гээч намагт живэх биш сэлж гарах хамгийн онч зөв гарц юм.
-Өнгөрсөн жилүүдэд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор төрөөс бэлэн болон татварын бодлогоор дэмжиж ирсэн. Гэтэл үр дүн тийм ч таатай биш. Яаж бид дотоодын бүтээгдэхүүнээ хямд өртгөөр авах боломж бий болох юм бэ. Төсөл яаж, хэрхэн хэрэгжих юм бэ?
–Бид эхний ээлжинд 21 аймаг, есөн дүүргийн үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзалт хийнэ. Энэ уулзалтаар үндэсний үйлдвэрлэгчид, эх орныхоо төлөө зүтгэж, шатаж байгаа тэр хүмүүсийн санаа бодлыг сонсч, дүн шинжилгээ гаргана. Уулзалтаас гарсан үр дүн, санаачилгыг нэгтгэж төрийн бодлого болгох, хууль эрх зүйг нь бүрдүүлнэ. Тухайн чиглэлийнх нь төрийн байгууллагуудад нь хандана. Төслийн эхний үр дүнгээ харах хугацааг бид өвлийн эхэн сарын шинийн 1-нээс хаврын эхэн сарын шинийн 1-ний хоорондох 90 хоногийн хугацаа гэж тооцсон. 90 хоногийн хооронд эхний саналаа боловсруулж, үндэсний үйлдвэрлэгчдээсээ цаашид хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөртэй эсвэл үйлдвэрлэлээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдээсээ шалгаруулж, Сар шинийн өмнө чуулга уулзалтаа зохион байгуулна. Чуулга уулзалтаар бид үндэсний үйлдвэрлэл эрхлэхэд алдаа нь юу байна, төрийн бодлого хаана нь алдагдаж байна, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үнэ яагаад өсч байгаа, зах зээлээ олж чадаж байгаа эсэх, санхүүгийн хүндрэл зэрэг бүх талаас нь дүгнэж, дүн шинжилгээ гаргана. Энэ олон замбараагүй байгаа зүйлийн учиг зангилааг нь тайлж, үүний цаана хэрэглэгч нарт хүрэх боломжуудыг судална. Мөн энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн маш том үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Төслийн хамгийн эхний үр дүн Цагаан сар шинийн баяраар гадаадын бүтээгдэхүүн биш үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бие биедээ бэлэг барих боломж бүрдэх, Монголоороо, бүтээгдэхүүнээрээ нэг ч гэсэн үндэсний баяраа хийх нь үр дүн байх юм. Тэгэхээр С.Жавхлан бодитой зүйлийг л хардаг. Том зорилго явж байгаа ч наана нь тодорхой хэмжээний зөв зүйтэй үр дүнг харах бодлого чиглэлээр төслөө санаачлаад явж байна.
-Төслийн хэтийн зорилго хэзээ биеллээ олж, монголчууд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг болох вэ, нийтээрээ. Та энэ төслийн эцсийг нь хүртэл санаачлаад, оролцоод явах зориг бий юу. Учир нь, УИХ-ын гишүүн хуулийн төсөл батлуулаад, ямар нэг зүйл санаачлаад л үр дүнд нь хяналт тавиад байдаг нь ховор байдаг л даа?
–Ямар ч улс орон эдийн засгаа дотооддоо сайн барьж, мөнгөнийхөө үнэ ханшийг зөв барьж эрэмбэтэй байхын тулд авч хэрэгжүүлдэг энэ бол мөнхийн сэдэв. Харамсалтай нь үүнийг өнгөрсөн 27 жилийн хугацаанд сэтгэлгүй нөхдүүд алдагдуулчихсан. Хэрэв үүнийг хаах, гутаах гэж оролдсон хэн нэгэн байвал Монголын газар шороон дээр хэний төлөө төр төлөөлөөд сууж байгаа юм бэ гэдэг асуудал ойлгомжгүй болж эхэлнэ. Монголоо хямралаас гаргах, Монгол төгрөгөө аврах хөдөлгөөн өрнөж байхад тэр хүн Монгол хүн л бол үүнийг дэмжих ёстой. Хэрэв дэмжихгүй хүн гарч ирвэл би шууд зарлана. 76 тойрог тэр чигээрээ үндэснийхээ үйлдвэрийг дэмжээд улс даяараа хөдлөөд эхэлбэл яахав янзтай сайхан үр дүн гарна шүү дээ. Жавхлангийн зүгээс тууштай явнаа. Явсаар ч ирсэн.
-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төр ард түмний төлөө биш зөвхөн өөрсдийн төлөө ажиллаж ирсэн төрийн түшээд сонгогдож ирсэн гэлээ. Энэ байдлыг яаж засч, залруулах юм бэ?
-Зөв голдрилд нь оруулах, засч, залруулахын тулд “Манай Монгол мандана” төсөл санаачлагдсан. Хэрэв зөв мэдрээд давалгаалаад аваад явж чадвал өнөөдрийн шинэ Засгийн газрын хийгээд түмнээ дагуулаад явах л үндсэн ажил нь юм. Зөв зүйтэй, Монгол төгрөгөө аврах гэсэн том зүйл санаачилж байхад өнөөдрийн ялих шалихгүй намчирхсан сэтгэлгээгээрээ хандаад байвал түмэн олондоо л тэд хаягдана. Хэрүүл хийдэг биш зөв зүйтэй санаачилгыг дэмжээд явдаг Засгийн газар байгаасай гэж би хүсч байна. Гал намжаах маягтай, суунаглаад суудаг биш оч бадарсан, зөв зүйтэй ажлыг салхи шуурга мэт дэмжээд явдаг ийм сэтгэлгээ рүү энэ хүмүүсийг чиглээсэй гэж хандаж байгаа юм. Нийгмийн дэмжлэг маш өндөр байгаа. Төрийн өндөрлөгүүд гишүүдийн зүгээс надад ямар хариу өгөх вэ гэдгийг нь бид харж байна. Ер нь энэ нийгмийн өнөөдрийн байгаа уршиг, бидний нүдэнд жигшмээр байгаа тогтолцоо юунаас үүссэн бэ гэвэл сэтгэлгээний гажуудал. Үндэсний өөрийнхөө эх оронч үзлээ алдсан асуудал. Өөрсдийгөө танихаа больтол хэт их харьд самуурсан байна. Чингис хаан ‘өөрсдийн хийснээ хүрт, өөрсдийн оёсноо өмс эс тэгвээс бусдын идэш болмой’ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр бусдын идэш болох уу, өөрсдөө бүтээгээд хүндрэлд живэх биш сэлээд гарах арга ухаан бидэнд хэрэгтэй байна. Өнөөдрийн байгаа энэ хүмүүсийн олж харсан муу жишиг, ужиг болсон сэтгэлгээнээс гарч чадахгүй төрд байгаа хүмүүс тэртээ тэргүй хаягдана.
-“Манай Монгол мандана” төсөл цаашид хууль болж, та энэ төслөө хууль болгох уу?
-Тухайн аймаг орон нутагт нь тохирсон үндэсний үйлдвэрлэл юу байна, нийслэлд орон нутгаас хэр хэмжээний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой байна, өөрийн аймгаа бүтээгдэхүүнээр хангаж чадах эсэх гээд маш том судалгаа, мэдээлэл гарч ирнэ. Энэ бүхнийг хооронд нь уях, чиг хандлага нь гараад ирнэ. Энэ зүйл хүн бүрийн зүрхэнд үргэлж эх орноо бодож цохилж байх ёстой.