АТГ: С.Анхбаярын асуудлыг Прокурорт шилжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

АТГ: С.Анхбаярын асуудлыг Прокурорт шилжүүлсэн

АТГ: С.Анхбаярын асуудлыг Прокурорт шилжүүлсэн

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.ИДЭРЦОГ

АТГ өнөөдөр /2017.11.27/ арваннэгдүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын үеэр АТГ-аас эрүү үүсгэн шалгаж буй зарим хэргүүдийн талаар сонирхсон асуултад АТГ-ын хэлтсийн дарга Э.Идэрцог дараах хариултыг өглөө. 


АТГ-ЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСИЙН ДАРГА Э.ИДЭРЦОГ:

-Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн, ирээгүй гэх асуудалд тайлбар өгч болох уу? Батлан хамгаалах яамтай холбоотой энэ мөнгөний талаар Тагнуулын дарга асан Б.Хурц бичгийг АТГ-т шилжүүлсэн гэсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тийм бичиг ирээгүй гэж мэдэгдсэн.

-300 мянган ам.долларын нэхэмжлэл ирсэн эсэхтэй холбоотой гомдол АТГ-т ирсэн. Нягтлах, нарийвчлан шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 

-IV цахилгаан станцын Гүйцэтгэх захирал С.Анхбаяр 42 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг ‘Эрдэнэт’ үйлдвэрт нийлүүлсэн. Үүнд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нөлөөлсөн гэх мэдээлэл үнэн юм уу? Хоёрдугаарт, Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр бас энэ асуудалд холбоотой гэгдэж байгаа. Энэ тухай мэдээлэл өгнө үү?

-Ц.Нямдорж сайдын хүүхэд “Эрдэнэт’ үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх хэрэг шалгагдаагүй. ТЭЦ-4-ийн захирлаар ажиллаж буй С.Анхбаяртай холбоотой асуудлыг бол шалгасан. С.Анхбаяр гэдэг нэртэй хүн ‘Эрдэнэт’-д ямар нэг буруу аргаар бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудал байхгүй. Энэ тухайд бид шалгаад хаах саналтайгаар нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хоёр ах АТГ-т шалгагдаж байсан гэдэг үнэн юм уу?

-Ж.Батзандан гишүүний хоёр ахтай холбоотой гомдлыг 2015, 2016 онд шалгаж байсан. Аль аль нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн юм билээ. 

-Авто тээврийн үндэсний төвийн өндөр албан тушаалтан 20 сая төгрөгийн хахууль авч байгаад газар дээрээ баригдсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ тухайд албаны хүмүүс тайлбар өгөхгүй байгаа?

-Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтантай холбоотой хэргийг шалгаж байна. Шалгагдаж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй. 


Авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн улмаас 2017 он гарснаас хойшхи хугацаанд төрд 65 тэрбум 312,2 сая төгрөгийн хохирол учирчээ.

Мөрдөн байцаалтын шатанд гурван тэрбум 416.2 сая төгрөгийг гэмт этгээдүүдээр нөхөн төлүүлсэн ба орон сууц, автомашин, барилга байгууламж, тоног төхөөрөмж, газар, дансан дахь мөнгө зэрэг 32 тэрбум 32 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжилсэн байна.

Түүнчлэн 2017 оны эхний 11 сарын хугацаанд шүүхээр 34 хэргийг шийдвэрлүүлж, 7 тэрбум 34.1 сая төгрөгийн хохирлыг хэрэгт холбогдсон этгээдээр төлүүлэх шийдвэр гаргуулжээ. 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж