Хөнгөлөлттэй эмийг цөөлөх бодлого барина

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй эмийг цөөлөх бодлого барина

Хөнгөлөлттэй эмийг цөөлөх бодлого барина

Эрүүл мэндийн даатгалаа ашиглан хөнгөлөлттэй үнээр эм авах хүсэлтэй иргэд ихэвчлэн ‘Эмийн сангийн санхүүжилт дууссан’ гэх хариу сонсдог. Эмийн сангууд бараг ихэнх өдөр үүдэн дээрээ энэ үгийг бичээд наачихсан байдаг гэхэд ч хилсдэхгүй. 

Эрүүл мэндийн даатгалын газар нь улсын хэмжээнд 861 эмийн сантай даатгалын гэрээ байгуулан ажилладаг аж. Тэдгээрийн 324 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хөнгөлөлттэй, эмээр үйлчилж байгаа эмийн сангуудын чирэгдлийг багасгах,  эмийн сан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийхийг үүрэг болгожээ.

Энэ дагуу Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөл зургаан ажлын хэсэгт хуваагдан, 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр хяналт, үнэлгээ хийсэн байна. Энэ талаар ажлын хэсгүүд өнөөдөр /2017.11.27/ мэдээлэл хийсэн юм. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын Бодлого, хэрэгжилтийн газрын Тусламж, үйлчилгээ, чанарын хэлтсийн дарга Б.Баярболд “Хяналт үнэлгээ хийгдсэн 100 гаруй эмийн сангийн  төсөв 10-142 сая төгрөгийн хооронд янз бүр байсан. Эм хангамж сайн, санхүүжилт бололцоотой эмийн сангууд дэр иргэд дугаарлаж, хүлээх асуудал үүсэх нь гайгүй. Харин санхүүжилт муу эмийн сангуудын хувьд дугаар үүсдэг. Иймээс цаашид эмийн сангуудын  шалгуурыг өндөрсгөж, цөөн тооны эмийн сангд  ижил хэмжээний санхүүжилт өгөх нь илүү үр дүнтэй байх’ гэв. 

Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй үнээр эм авдаг хүмүүсийн дунд эмийн зохисгүй хэрэглээ их байдгийг тэд мөн онцлов.

Иргэд өрхийн эмчид үзүүлж, эмийн жор бичүүлж авах ёстой байтал хэн нэгэн эмчээр шууд эм бичүүлж ирдэг, нэхэж шаарддаг байдал ажиглагддагийг эмийн санчид онцолжээ.

Цаашид иргэдийг эмийн зохистой хэрэглээнд хэвшүүлэхийн тулд эмийн хөнгөлөлтөөр олгож байгаа эмийн тоо, нэр төрлийг цөөлөх шаардлагатай гэж дээрх байгууллагууд үзэж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг “Өрхийн эмч  нар, эмийн сангууд өдөрт 10-15 хүнд үнэгүй эм авах боломж олгоод явахад сарын турш хүмүүс тасралтгүй үйлчлүүлэх боломжтой. Цаашид зөвхөн нэн шаардлагатай эмийг л хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулаад явах нь зөв. Олон эм жагсаалтад байх тусам иргэд аль үнэтэйг нь түүж, нөөцлөх байдлаар ханддаг’ гэлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж