“Жи Си Ар Монголиа” компани 2017-2018 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах арван оюутанд тэтгэлэг гардууллаа. Уг тэтгэлгийг Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад 3.4-с дээш голчтойгоор барилга, цахилгаан, дулаан, уул уурхайн инженер мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнуудад олгожээ. Мөн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 12 сараас дээш хугацаагаар хүнд машин механизмын оператор, барилгын өргөн мэргэжил, цахилгаанчин, гагнуурчин, сантехникч чиглэлээр сайнаас дээш үнэлгээтэй суралцаж буй оюутнуудыг ч хамруулсан байна.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан их дээд сургуулийн долоон оюутны нэг жилийн сургалтын төлбөрийг нь дааж, тус компанид үйлдвэрлэлийн дадлага хийх эрх олгосон аж. МСҮТ-ийн гурван оюутанд нэг жилийн сургалтын төлбөртэй дүйцэх мөнгөн тэтгэмж, мөн үйлдвэрлэлийн дадлага хийх эрх өгсөн байна. Тус компани нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
“Жи Си Ар Монголиа” нь Монголын “Говь Инфрастракчер Партнерс ХХК”, Австралийн “Clough Projects Australia”, болон “RUC Cementation Mining” нарын хамтарсан компани юм байна. Тус компани уул уурхайн барилга угсралт, дэд бүтэц, инженерчлэл, худалдан авалт, ложистик, төслийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд одоогоор 700 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг аж.
Б.БАТ