Гамшгийн үед хэрэглэх мөнгийг бөхөд бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Гамшгийн үед хэрэглэх мөнгийг бөхөд бэлэглэжээ

Гамшгийн үед хэрэглэх мөнгийг бөхөд бэлэглэжээ

АТГ-аас мэдээлэл хийлээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас аймаг, сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр /2017.11.27/ танилцууллаа.  Тэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллаад иржээ.


Засаг дарга нар осол, гамшгийн үеэр ашиглах хөрөнгийг шагналд зориулжээ

Аймаг, сумдын Засаг дарга нар, Иргэдийн хурлын төлөөлөгчид Сум хөгжүүлэх сангийн болон Засаг даргын нөөц хөрөнгөө үр ашиггүй зарцуулж байсан гэж Авлигатай тэмцэх газар үзжээ. АТГ-аас орон нутагт хийсэн шалгалттайгаа холбогдуулж, дараах зөрчил илэрснийг мэдээлсэн юм.

СҮХБААТАР АЙМАГ

  • Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 2016 онд 83.8 сая,  2017 онд 38.9 сая төгрөг олгосон

  • Дэмжлэг, буцалтгүй тусламжид 2016 онд 18.9 сая, 2017 онд 24.5 сая төгрөг зарцуулсан 

  • Хүлээн авалтын арга хэмжээнд 2016 онд 41.4 сая, 2017 онд  24.5 сая төгрөг зарцуулсан

  • Нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 2016 онд  152.4 сая төгрөг, 2017 онд 119.6 сая төгрөгийг ийг тус тус зарцуулсан.

ДАРХАН-УУЛ АЙМАГ

  • 2016 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Засаг даргын орлогчид зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 8,1 сая төгрөгийг нэг удаагийн тэтгэмж болгож олгосон. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйл дэх заалтыг зөрчжээ. 

ХӨВСГӨЛ АЙМАГ

  • Хөвсгөл аймгийн Засаг дарга 2017 онд өөрийн нөөц хөрөнгөөс 30 сая төгрөг гарган, Улсын цол хүртсэн бөхөд урамшуулал болгон өгсөн нь холбогдох хууль зөрчсөн гэв. Уг нь бол Засаг даргын нөөц хөрөнгийг гэнэтийн осол, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед зарцуулах журамтай юм.  


Сум хөгжүүлэх сангийн зээлээр дургижээ

‘Сум хөгжүүлэх сан’-гийн зээл олгох сонгон шалгаруулалт нээлттэй бус явагддаг, сумдын удирдлагууд өөрсдийн төрөл садан, найз нөхдөдөө давуу байдал бий болгож, зээл олгодог байсан тухай АТГ-ынхан онцлов. Тиймээс зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, хяналт сулрах, эргэн төлөлт хийгдэхгүй удах, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах зөрчлүүд илэрчээ. Жишээлбэл, 

  • Увс аймгийн Наранбулаг суманд Сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байгаа аж.

  • Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн, шаардлага хангааагүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон зөрчил илэрчээ.

  • Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг Төрийн сангийн ажилтны нөхөр авсан тохиолдол гарсан байна.

  • Увс аймгийн нэгэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүний хамаарал бүхий этгээд /Тухайн суманд байнга оршин суудаггүй/ Сум хөгжүүлэх сангаас 16 сая төгрөгийн зээл авсан. Өнөөг хүртэл дээрх зээлийн эргэн төлөлт хийгдээгүй зэрэг  зөрчлүүд АТГ-ын шалгалтаар тогтоогдсон байна.


ИТХ-ын тэргүүлэгчид хууль зөрчин шийдвэр гаргадаг гэв

Тухайн аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын тэргүүлэгчид зарим тохиолдолд зөвхөн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох эрхтэй. Гэтэл эрх мэдлээсээ хэтэрсэн шийдвэр гаргаж, нэмэлтээр төлбөр, хураамж тогтоодог зөрчил орон нутагт түгээмэл гарчээ.

АТГ-аас мэдээлснээр,

  • Сүхбаатар Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас урамшуулал олгох шийдвэр гараагүй байхад Тэргүүлэгчид урамшуулал олгох тогтоол гаргаж,  шийдвэрлэсэн.

  • Хэнтий аймгийн Баянхутаг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор эрүүл мэндийн шинжилгээний үнэ тухай, тогтоолоор түрээсийн төлбөрийн жишиг үнэ, тогтоолоор шүлхий өвчин гарсантай холбогдуулан постоор өнгөрч буй авто машинаас авах хураамжийг тогтоосон.

  • Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 44 дүгээр тогтоолоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар аймаг, сумдын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэнд амины орон сууцны болон аж ахуйн нэгж байгууллагад төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон.

  • Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 15 дугаар тогтоолоор Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ойн тухай хуулиар аймаг, сумдын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн Ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь баталсан.

  • Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 53 дугаар тогтоолоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар аймаг, нийслэлийн ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн “Зүүн Чойр” хийдэд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгосон нь тогтоогджээ. 

давхар дээлтэй төлөөлөгчид 

Төрийн захиргааны албан тушаалтан улс төрийн албан тушаал давхар хаших зөрчил цөөнгүй гарчээ. Тодруулбал, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн газрын албаны дарга зэрэг албан тушаалд давхар ажиллаж байсан зөрчлийг АТГ шалгалтын явцад илрүүлсэн байна.

Тухайлбал, 

  • Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч долоон хүнийг томилсон байжээ.

  • Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, орон нутгийн өмчийн албаны дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Хан Хэнтий байгалийн цогцолборт газрын дарга зэрэг найман төрийн захиргааны албан тушаалд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид давхар ажилладаг байжээ.

  • Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг дөрвөн албан тушаалтан аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай байжээ.

  • Орхон аймгийн Жаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилладаг нь мөн тогтоогджээ. 

АТГ-ын хэлтсийн дарга Т.БАЯРХҮҮ

Иргэдийн төлөөлөгчдийн ‘давхар дээл’-ний цаана улс төрийн ашиг сонирхол явж байхыг үгүйсгэхгүйг АТГ-ын хэлтсийн дарга Т.Баярхүү хэлэв.

Түүний тайлбарласнаар,  улс төрийн албан тушаалтнууд төрийн захиргааны албан тушаалд ажиллахыг хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнуудад тавьдаг, үүнийг нь хэрэгжүүлэхгүй бол огцруулах асуудал ярина гэхчлэн тулган шаарддаг байдал ажиглагдсан байна. Энэ мэт албан тушаалын наймаа нь төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулахад хүрч байна гэж АТГ-ын шинжээчид үзэж байна. 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж