Дахиад л оффшорын дуулиан. Ер нь оффшор гэж яг юуг хэлээд байна?

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Дахиад л оффшорын дуулиан. Ер нь оффшор гэж яг юуг хэлээд байна?

Дахиад л оффшорын дуулиан. Ер нь оффшор гэж яг юуг хэлээд байна?

Юун түрүүнд оффшор компани гэх ойлголт байна. Тэрийг бизнесийн зорилготой байгуулдаг. Жишээ нь Монголд хөрөнгө оруулах гэсэн хэдэн хүн нийлээд Панама эсвэл өөр нэг оффшор бүсэд компани байгуулаад Монголд орж ирдэг. Тэдний хувьд оффшор компани байгуулах нь Монголын татвараас зугтах гэсэндээ биш. Угаасаа л Монголд ажиллаж байгаа бүх компани Монголын хуулиар татвараа төлдөг.

Оффшор компани ч гэсэн Монголд угаасаа компаниа бүртгүүлж л үйл ажиллагаа явуулна. Тийм болохоор Монголын бусад аж ахуйн нэгжүүд яаж ажилладаг яг л тэр дүрмээр нь тоглодог. Харин компани байгуулсан хүмүүсийн хооронд маргаан гарлаа гэхэд Монголд монголын хуулиар биш тэр оффшор газрын хуулиар жишээ нь Английн шүүхээр шийдүүлэх сонирхолтой байдаг учраас толгой компаниа оффшорт байгуулдаг.

Монголд бизнесийн маргаанаас болоод гадныхныг шоронд хийж, хөрөнгийг нь булааж, орж ирэх эрхийг нь хааж байсан тохиолдол нэг бус удаа бий. Ийм байхад гадныхан манай шүүхэд итгэхгүй байх нь аргагүй. Ийм учраас жишээ нь Оюу толгойн толгой компани оффшор компани, Худалдаа хөгжлийн банкны толгой компани бас оффшор компани. Угаасаа ганц Монголд ч биш дэлхийд оффшор компаниар дамжиж хөрөнгө оруулах нь давамгайлдаг. Хятадад ч гэсэн гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын нилээд хэсэг нь оффшороор орж ирдэг. Ийм байдлаар хөрөнгө татах гэж оффшор компани байгуулсан бол буруу юм огт байхгүй.

Харин өөр нэг оффшор бол мөнгө зувчуулах данс байдаг. Тэнд хууль бусаар олсон орлогоо нуудаг. Тэр нь угаас хууль бус. Ийм зүйл том компани бизнесүүд хийх сонирхол байдаггүй. Харин хууль бус орлого олсон хүмүүс ийм арга хэрэглэдэг.

Манайд хараад байхад бизнесийн угшилтай хүмүүс рүүгээ энэ асуудлаар их дайрч байна. Гэхдээ тэд мөнгөө нуух шаардлага угаасаа байхгүй мөнгөтэй хүмүүс. Энэ удаа ч гэсэн гарсан нэрсүүд тийм л харагдаж байна. Дандаа л ТОП 100 аж ахуйн нэгжид ордог хүмүүс байна.

Тэдэнд мөнгө нууж хаах шаардлага байхгүй. Угаасаа Монголд хоёр ч удаа санхүүгийн өршөөлийн хууль хэрэгжээд томоохон бизнесүүд бүх юмаа ил болгож амжсан. Уг нь тэднийг бууртгахаасаа өмнө тайлбарыг нь сонсож, компани байгуулж хөрөнгө оруулж байсан юм уу, данс бүртгүүлж мөнгө гаргаж байсан юм уу гэдгийг нь тодорхой болгомоор.

Тэгэж байж хэн нэгнийг буруутгахгүй бол бүгдийг хавтгай буруутгаад Монголд бизнес хийх хүн үлдэхгүй нь л дээ. Бүгдээрээ л нэг буруу юм хийсэн юм шиг. Бүгдээрээ л нэг гэм зэмтэй юм шиг. Уг нь гадныхантай хамтарч хөрөнгө босгож, Монголд ажлын байр бий болгож, татвар төлсөн бол буруутгах биш бүр шагнамаар юм.

Б.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж