"Хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой шинэ төрлийн үйлчилгээнүүд хэрэгтэй байна"

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой шинэ төрлийн үйлчилгээнүүд хэрэгтэй байна"

"Хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой шинэ төрлийн үйлчилгээнүүд хэрэгтэй байна"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд Засгийн газар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тал дээр олон талт бодлого хэрэгжүүлж буй бөгөөд тэр дундаа хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын асуудал дээр онцгойлон анхаарахаар төлөвлөн ажиллаж байгааг дуулгаад УИХ-аар төсвийн тодотголыг баталж, хүүхдийн мөнгийг он дуустал 1,043,000 хүүхдэд бүрэн олгохоор болсноос гадна эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлсэн зэрэг мэдээллийг өглөө. Тэрбээр мөн хүнсний нэмэлт дэмжлэг үзүүлдэг иргэдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, хөрөнгийн хэмжээг 20 хувиар өсгөхөөр ирэх оны төсөвт суулгасан бөгөөд энэхүү дэмжлэгийг хэрхэн олгох, ямар байдлаар иргэдээ сонгох тал дээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч ажиллах сонирхолтой байгаа илэрхийлсэн.

С.Чинзориг сайд “Ирэх жилээс эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлнэ. Шинэ хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж өгч байхаар болсон. Энэ тэтгэмжид 135 мянган ээж хамрагдана. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр олгох 240 мянган төгрөгийн тэтгэмжийг өрх толгойлсон 165 мянган эцэг эх авах юм. Энэ бол халамжийн бодлого биш. Харин ч хүн амын өсөлтөө дэмжсэн нийгмийн бодлого гэж би үзэж байгаа. Энэ мөнгөөр эцэг эхчүүд хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэгсэл гээд хүүхдэд хэрэгтэй зарим зүйлсээ авах боломж бүрдэх учиртай.

Хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой шинэ төрлийн үйлчилгээнүүд хэрэгтэй байгаа тул энэ асуудал дээр танай сангаас бидэнд тодорхой санал ирвэл бид талархан хүлээж авна” хэмээгээд энэ чиглэлээр техник, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс ярианыхаа эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг шинэ хүн биш, асуудлуудаа мэддэг сайд удирдахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлээд “Хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт маш их анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэж манай байгууллага үзэж байгаа. Хүүхдийн хүчирхийллийг бууруулах шаардлагатай байна. Хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд нэн түрүүнд эцэг эхчүүд, сургуулийн орчин дахь боловсролын тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй. Мөн асрамжийн газар гэж нэрлэгддэг энэ байгууллагуудын үйл ажиллагаанд төрөөс болон төрийн бус байгууллагуудаас тодорхой дэмжлэг, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх шаардлагатай байна. Бид энэ асуудал дээр анхаарч ойрын өдрүүдэд тусгайлан төсөл хөтөлбөрийн санал гаргаж ажиллая” хэмээсэн юм.

Уулзалтын үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дийлэнх нь төсөв хөрөнгө, барилга байгууламжтай болох асуудал дээр анхаарч ажилладаг нь өрөөсгөл гэдгийг хөндөж тэднийг эхний ээлжинд үйлчилгээгээ сайжруулахыг нь шаардах ёстой гэдэгт санал нэгдсэн.

Эх сурвалж: ХНХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж