Хятадын нэгэн бизнесмен даатгалын компаниас мөнгө авахын тулд хуурамч осол зохион байгуулж байгаад амиа алджээ.
39 настай Ли овогт таван жилийн өмнө худалдаж авсан “Jaguar” маркийн машинаа зарахын оронд даатгалын компаниас илүү мөнгө гаргуулж болох санаа бодож олсон аж. Мань эр машинаа 500,000 юань буюу 75,000 ам.доллараар даатгуулсан байжээ. Харин машины зах зээлийн үнэлгээ 400,000 юань болсон байна. Тиймээс Ли овогт даатгалын компаниас нөхөн төлбөр авахын тулд машинтайгаа голд живсэн мэт харагдуулах осол зохион байгуулахаар шийдсэн байна.
Энэ сарын 18-нд Ли овогт гар утаснаасаа машинаа автоматаар жолоодох төхөөрөмж ашиглан голд живүүлжээ. Дараа нь Лигийн найз гол руу орж, машинаас төхөөрөмжийг салгах ёстой байв. Хэрэв энэ хуйвалдаан тэдний төлөвлөснөөр болсон бол бүсгүй цагдаа дуудаж, цагдаа нарыг ирэх үед Ли голоос гарч ирэх ёстой байжээ. Хэрэв эмэгтэй хүн жолоо барьж яваад осолд орсон гэж мэдүүлвэл цагдаа нарт үнэмшилтэй сонсогдоно хэмээн Ли найз бүсгүйгээ ятгаж, хуйвалдаанд татан оролцуулжээ. Харамсалтай нь, Ли уснаас гарч ирэлгүй удсан учраас айж сандарсан бүсгүй тусламж дууджээ.
Лиг удалгүй голын уснаас татаж гаргасан бөгөөд хэдийн амьсгал хураасан байсан гэнэ. Лигийн найз бүсгүйг энэ хэрэгт буруутгаж байгаа аж. Тэд голын гүн нь нэг метрээс хэтрэхгүй гэж таамагласан боловч хэрэг явдлаас хэдхэн хоногийн өмнө голын лаг шаврыг цэвэрлэсэн байсан учраас тэдний таамаглаж байснаас хоёр дахин гүн болсон байжээ.
Цагдаагийн офицер хэргийг мөрдөн шалгах явцдаа бүсгүй тоймтой зүйл тайлбарлаж чадахгүй, гар утас, хувцас нь хуурай байсан зэргээс түүнийг гол руу ороогүй гэдгийг ойлгожээ. Мөрдөн байцаалтын явцад бүсгүй хуйвалдаанд оролцсоноо хүлээн зөвшөөрсөн байна. Харин даатгалын компани энэ хэрэгт ямар нэгэн нөхөн төлбөр төлөөгүй гэнэ.