Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн эмч нарт зориулсан “Тэмүүлэл 2” сургалтыг өнгөрсөн бямба гарагт гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус сургалтыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлага, хөрөнгө оруулалтаар дүүргийн 32 өрхийн эрүүл мэнийн төвийн 150 гаруй эмчийг чадавхижуулах зорилгоор зохион явуулдаг юм. Энэ жил эмч нарт “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй болон хандлага” харилцаа сэдвийн хүрээнд ёс зүйн нэг кредит цагийн, бүтэн өдрийн сургалт явуулав. Мөн энэ үеэр хэрэгжиж эхлээд удаагүй байгаа “Зөрчлийн тухай хууль”-д эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй холбоотой, анхаарвал зохих ямар зүйл заалтууд орсон талаар мэдээлэл өгсөн нь эмч нарын талархлыг хүлээсэн юм.
Сургалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ-ийн эмч нарт ажлын өндөр амжилт хүсээд, цаашид дүүргийн эрүүл мэндийн асуудалд чиглэсэн болон эмч нарын чадварыг бэхжүүлэхэд энэ мэтчилэн анхаарч, бодитой ажлуудыг дэмжиж ажиллахаа хэлсэн юм. “Тэмүүлэл 2” сургалтын үеэр дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүрэгтээ хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Энэ үеэр нийслэлийн хүн ам ихээр суурьшсан дүүргүүдийн нэг болсон Сонгинохайрханд иргэдийнхээ эрүүл мэнд болон хүүхэд залуусын боловсрол руу чиглэсэн “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” төсөл олны талархлыг хүлээж байсан юм. ӨЭМТ-ийн эмч нарт сургалтын үеэр хэрхэн амжилттай ажиллах, стрессыг удирдаж, түүнтэй тэмцэх талаар сургалт явуулж, эмч нарт ажлын гол хэрэглэгдэхүүн болох чагнуурыг бэлэглэлээ. Д.Сумъяабазар гишүүний санаачлагаар хэрэгжүүлж буй эл төсөл нь мөн ӨЭМТ-ийн сувилагч нарт зориулан уламжлал болгон зохион явуулдаг билээ.
Т.ОД