Д.Амарбаясгалан: Намын даргын эрхэд хязгаар тавина

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Намын даргын эрхэд хязгаар тавина

Д.Амарбаясгалан: Намын даргын эрхэд хязгаар тавина

МАН-ын 28-р их хурал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн. Арваннэгдүгээр сарын 20-23-нд болсон их хуралтай холбогдуулан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Их хуралд тус намын 211.000 гишүүнийг төлөөлсөн 1283 төлөөлөгчид мандат олгосон ба тэдгээрийн 696 нь буюу 53,2 хувь нь их хуралд анх удаа сонгогдсон төлөөлөгчид байжээ.  Түүний хэлснээр 30 гаруй төлөөлөгч их хуралдаа оролцоогүй юм байна.

ахмад төлөөлөгч 100, хамгийн залуу нь 22 настай

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын танилцуулснаар их хуралд оролцсон төлөөлөгчдийн

  • 306 нь буюу 23,4 хувь нь эмэгтэйчүүд
  • 235 буюу 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд
  • 514 буюу 39,3 хувь нь 36-45 насныхан
  • 419 буюу 32 хувь нь 46-60 насныхан
  • 97 буюу 7,4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байжээ.

Хамгийн ахмад төлөөлөгч нь 100 настай, ахмад дипломатч, Монгол Улсын баатар, Ю.Цэдэнбал агсны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Шагдарсүрэн байсан бол хамгийн залуу нь Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн, 22 настай Т.Цэнд-Аюуш байжээ.

Төлөөлөгчдийн 1172 буюу 89.5 хувь нь дээд боловсролтой, доктор, доктор профессор, дэд профессор 41, магистр зэрэгтэй 270 буюу 21 хувь байна.

Төлөөлөгчдийн 286 буюу 22 хувь нь эдийн засагч, 220 буюу 17 хувь нь инженер мэргэжилтэй байжээ. 

Их хуралд 158 хуульч, 161 багш, 49 эмч, 400 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологич бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогдсон ба бизнес эрхлэгчдийн төлөөлөл 321 буюу 24.5 хувь байсан талаар мэдээлэлд дурьдав. 
 

Д.Амарбаясгалан: Намын даргын хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлаж, УЗ-өө даргална
 

-Энэ удаагийн их хурлаас намын эв нэгдлийг хангаж, 2016 онд ард түмний МАН-д өгсөн өндөр итгэлийг дааж гарах нь чухал гэдгийг их хуралд оролцсон төлөөлөгчид чухалчилсан. Үүнтэй холбогдуулан намын дүрэмд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, аймаг, сум, дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид эв эеэ хичээж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг тусгасан. Энэ заалтыг хэрэгжүүлээгүй намын гишүүнд хариуцлага тооцно. Намын хяналтын ерөнхий хороо, Ёс зүйн хороодыг байгуулж, хяналт тавихаар ажиллаж байна.

Намын дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан.  Тухайлбал, Намын Бага хурлын гишүүд 315 байсныг 369 болгож, Удирдах зөвлөл 33 гишүүнтэй байсныг 29 болгож бууруулсан.

Намын шат шатны байгууллагын эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувь байхаар тогтож, намын анхан шатны байгууллагын төлөөллийг 30 хувиас доошгүй байхаар тусгасан.  

Мөн эрх барьж байх үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга,  сөрөг хүчин байхад намын дарга нь Удирдах зөвлөлөө даргална гэсэн заалт байсныг ямар ч тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлөө даргалдаг байхаар өөрчилсөн. Ялангуяа эрх барьж байх үед намын даргын хэмжээгүй их эрх мэдлийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллах, намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, намаас томилогдсон албан тушаалтанд хариуцлага, хяналт тавьж ажиллах боломж нээгдэж байгаа.


Үүний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-МАН-аас зарим гишүүд нь тусгаарлаж, нам байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Намдаа мэдэгдсэн зүйл бий юу?

-Намын дүрэм, намын даргын асуудал хэлэлцэж байх үед ямар нэг байдлаар тусдаа нам болж гарна гэсэн зүйл яригдаагүй. Энэ талаар сонссон зүйл алга.

-Их хурал дээр, түүнээс өмнө нь ч МАН 32, 33-аараа хоёр хэсэг болж ажилласан. Намын удирдлагууд их хурлын дараа бид эв нэгдлээ хангаж ажиллахаар, санал нэгдсэн гэдэг зүйлийг илэрхийлж байна. Цаашид 2020 онд МАН ялалт байгуулах уу, үгүй юу гэдэг эргэлзээ төрөхөөр байгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаа харуулна. Тиймээс намын эв нэгдлийг хангах тал дээр цаашид яаж ажиллах вэ?

-Шинээр сонгогдсон намын дарга, их хуралд оролцсон төлөөлөгчид ч гэсэн намын эв нэгдлийг хангаж ажиллах нь хүн бүрийн үүрэг гэдгийг тодотгосон. Ялангуяа намын дарга сонгогдсоныхоо дараа ‘УИХ дээр 33, 32 гэдэг тоо ярихгүй, тийм зүйл байгаагүй, өмнөх Засгийн газартай холбоотой намын гишүүд байр сууриа илэрхийлэх үүднээс хоёр хэсэг болж санал солилцсоныг хоёр хуваагдсан гэж ойлгогдсон. Энэ бол бодлогын өрсөлдөөн байсан’ гэж хэлсэн. Би ч гэсэн үүнтэй санал нэг байна. Нам хагарч, хоёр талд гараад суусан зүйл огт биш. Үзэл бодлын өрсөлдөөн намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдээ дуу нэгтэйгээр сонгосон бидэнд цаашид бутарч, талцаж явах нөхцөл байхгүй. Эв эеэ хичээж ажиллахыг намын дээд байгууллагаас үүрэг болгосон учраас дор бүрнээ анхаарч ажиллах шаардлага тулгарч байна. Мөн УИХ-ын гишүүд намын их хурал, Бага хурал, Удирдах зөвлөлийн хурал дээр эв эеэ олж, үзэл бодлын сөргөлдөөнөө зогсоож, эвлээд хамтдаа зүтгэхээр болсон.

-Намын эв нэгдлийг хангахыг дүрэмд тусгасан гэлээ. Ямар өөрчлөлт дүрэмд тусгагдсан юм бэ?

-Эв эе хичээх чиглэлд дээр хариуцлагын тогтолцоог дүрэмд оруулсан. Их хурлаас гарсан уриалга дээр ч гэсэн эв нэгдлээ хангаж, хамтдаа ажиллахыг уриалсан байгаа. Олон түмний өмнө хүлээсэн өндөр их хариуцлага, амласан том амлалтаа биелүүлэх чиглэлд зорилгоо тавьж ажиллана.

-Ёс зүйн хороог сая шинээр байгуулсан байна. УИХ-ын гишүүд ёс зүйн хариуцлага алдвал ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Ёс зүйн хороо 2013 оноос өмнө байсан. Намын нэр хүндэд сэвтэй үйл ажиллагаанд оролцсон, авлига, хээл хахуульд холбогдсон этгээдүүдтэй холбоотойгоор Ёс зүйн хороо дүгнэлт гаргаж, намын Хяналтын хороогоор оруулж, намаас хөөх хүртэл арга хэмжээ авч байсан тохиолдол бий. Цаашид ч Ёс зүйн хороо ийм байдлаар ажиллана. Намын нэр хүнд унагасан гишүүнтэй хариуцлага тооцно. Ёс зүйн хороо МАН-д бий болсон өдрөөс ёс зүйн хэм хэмжээг сахиулахаар ажлаа эхлүүлээд явна.

-Намын дүрэмд орсон өөрчлөлтөөр намын Ерөнхий нарийн бичгийн даргын эрх хэмжээ яаж нэмэгдсэн бэ?

-2013 онд болсон Их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын дарга нь Удирдах зөвлөлөө даргалж ирсэн. Үндсэндээ намын Ерөнхий нарийн бичгийн дарга цагаан байрны ажлын аппаратын дарга хийж ирсэн бол энэ удаагийн өөрчлөлтөөр ЕНБД намын Удирдах зөвлөлөө толгойлж, улс төрийн болон бусад шийдвэрийг хариуцаж гаргах эрх нь нээгдэж байгаа. Намын даргын хэмжээлшгүй эрхэнд хязгаарлалт тавих, шинэчлэлийн бодлогыг нь дэмжиж ажиллах гээд олон зүйл дээр эерэг, сөрөг боломжууд гарч ирж байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагын асуудал яригдсан уу. Намын дарга М.Энхболд огцорсноор энэ асуудал дуусч байгаа юу?

-МАН-ын 28-р их хурал ээлжит хурал байсан. Намын дүрмээр дөрвөн жил тутамд Их хурал зохион байгуулна гэсэн дүрмийн дагуу энэ удаагийн их хурал болсон. 2013 оны аравдугаар сарын 27-ны өдөр болсон 27-р Их хурлаас хойш бүтэн дөрвөн жил нэг сарын дараа энэ удаагийн Их хурал болж өнгөрсөн. Аливаа улс төрийн намын дүрэмд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсоны дараа хариуцлага тооцдог зүйл байдаггүй. Парламентын сонгуульд ялагдал хүлээсэн тохиолдолд намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өгнө гэсэн заалт бий. Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээвэл тухайн орон нутгийн байгууллагын удирдлага хариуцлага хүлээж, ажлаа өгдөг дүрмийн заалттай.

-Их хурлын үр дүн, үйл явцыг дүгнээд хэлбэл?

-Намынхаа эв нэгдлийг хангаж, олон нийтийн өмнө амласан амлалтаа хэрэгжүүлж, 2020 оны сонгуульд амжилттай оролцох зорилтыг тавьсан их хурал болж өндөрлөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж