Хүчирхийллээс хамгаалах төрийн бодлого юу байх ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Хүчирхийллээс хамгаалах төрийн бодлого юу байх ёстой вэ?

Хүчирхийллээс хамгаалах төрийн бодлого юу байх ёстой вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар зохион байгуулсан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт /2017.11.24/ Төрийн ордонд болсон билээ. Хэлэлцүүлэгт хүний эрхийн хуульч, өмгөөлөгч, ТББ-ын төлөөллүүд оролцсон юм. Олны анхаарлыг татсан энэхүү хэлэлцүүлэгт ХЭН, ЮУ хэлсэн талаар тоймлон хүргэе. 

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж

-Сүүлийн үед хүүхдүүд амиа хорлох, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, бэлгийн хавьталд бие биенээ уруу татах, зуучлах зэрэг сөрөг үзэгдэл цөөнгүй гарч байна. Үүний зэрэгцээ туслах малчны хүүхдүүд сургуульд сурдаггүй, мориноос унаж гэмтдэг,  хилийн чанадад суралцаж байгаа хүүхдүүдийг төрөөс эргэн хянах тогтолцоогүй, жирэмсэн эх Монгол Улсын хилээр буцаж орж ирэхдээ төрүүлсэн хүүхдээ гадны улсад орхидог зэрэг тохиолдол гарч байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан

-Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын 10 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын тухайд гэхэд Хандив, тусламжаар цугласан 1 тэрбум 21 сая төгрөгөөр “Ид шидийн орон” цогцолбор байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэм этгээдэд цаазын ял оногдуулах ёстой. Ийм төрлийн гэмт хэрэг хийсэн этгээдэд Ерөнхийлөгч миний зүгээс бүрэн эрхийнхээ хугацаанд уучлал үзүүлэхгүй.


Сүүлийн үед олны анхаарлыг татах болсон сэдэв бол Цаазын ялыг эргэж сэргээх эсэх тухай Ерөнхийлөгчийн санаачилга. Жигшүүрт гэмт этгээдийг шийтгэж болох ч тэдний аминд хүрэх эрх ямар ч төрд байх ёсгүй гэж олон улсын байгууллагууд үздэг билээ. 

Сануулахад, Монгол Улс 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан юм. 

Нийгэм оюун санааны хувьд доройтолд орсон нөхцөлд гэмт хэргийн тоо нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг. Төр иргэнээ хамгаалж чадаагүйн төлөө, гэмт хэргийг бууруулахад оновчтой бодлого үйл ажиллагаа явуулаагүй байж бусдын амь насыг нь хороох нь байж болшгүй явдал гэж хүний эрхийн ‘Эмнести интернэшнл’ байгууллагын судлаачид үзэж буй. Цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн ихэнх нь хуулийн зохих хамгаалалтыг бүрэн авч чадаагүй, ядуу дорой хүмүүс байдаг тухай хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа. Зарим тохиолдолд шүүхийн буруу шийдвэрээс болж хэлмэгдэх тохиолдол ч гардгийг үгүйсгэх аргагүй юм. 

Эл хэлэлцүүлэг өндөрлөнгүүт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн гэмт хэрэгт оногдуулах цаазын ялыг сэргээх тухай саналаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн билээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж