Цэцэрлэгийн хүүхдийг мансууруулж, хүч хэрэглэсэн багшийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхдийг мансууруулж, хүч хэрэглэсэн багшийг баривчилжээ

Цэцэрлэгийн хүүхдийг мансууруулж, хүч хэрэглэсэн багшийг баривчилжээ

Бээжин хотын цагдаагийн газраас хүүхдүүдэд мансууруулах бодис тарьж, бэлгийн гаж сонирхлоо дарах зорилгоор бага насны хүүхдүүдтэй зүй бусаар харьцсан гэх цэцэрлэгийн багшийг шалгаж буй тухай мэдээлжээ.

Хятадын нийслэл Бээжин хотын зүүн хэсгийн Синьтяньди дүүрэгт орших RYB хувийн цэцэрлэгийн багш, 22 настай Лью овогт эмэгтэйг хүүхэд хүчирхийлсэн хэргээр өнгөрсөн бямба гаригт /2017.11.25/ саатуулсан байна. Мөн өөр нэгэн эмэгтэйг цуурхал тараасан гэх үндэслэлээр баривчилжээ. Түүнийг дээрх хэрэгт цэргийн албан тушаалтан оролцсон гэж цахим орчинд ор үндэсгүй, хуурамч мэдээлэл түгээсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Батлан хамгаалах яамнаас RYB цэцэрлэгт хүүхэд хүчирхийлсэн хэрэгт цэргийн албан тушаалтан огт хамааралгүй хэмээн дээрх мэдээллийг ор үндэсгүй болохыг батлан мэдэгджээ.

Цэцэрлэг ажиллуулдаг RYB Education компанийн зүгээс болсон хэрэг явдалтай холбогдуулан хүүхдүүд, эцэг, эхчүүдээс албан ёсоор уучлал хүссэн байна. Мөн баривчлагдсан багш болон цэцэрлэгийн захирлыг ажлаас нь халсныг мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

RYB цэцэрлэгийн багш хүүхдүүдэд мансууруулах бодис өгч, бузар булай байдлаар оролддог хэмээн эцэг, эхчүүд өнгөрсөн долоо хоногт анх сошиал сүлжээнд бичжээ. Хүүхдүүд нь цэцэрлэгтээ ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн гэж найман хүүхдийн эцэг, эх цагдаад гомдол гаргасан тухай нэгэн ээж Weibo сүлжээнд анх видео оруулсан аж. Weibo-гоос тэрхүү видеог устгах хүртэл олон сая хүн үзсэн байна.

Өөр нэгэн ээж өнгөрсөн пүрэв гаригт /2017.11.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө гурван настай охинд багш нь бор өнгөтэй шингэн тарьсан, мөн хүүхдүүдийг нүцгэлж, улмаар үл таних нүцгэн эр тэднийг сонжиж, шинжилсэн тухай ярьжээ. Биед нь зүү хатгасан ул мөр хэд хэдэн хүүхдээс олдсон, гэхдээ цэцэрлэгийн удирдлага болоод цагдаагийн байгууллага хяналтын камерын бичлэг үзэхийг хориглосон тухай тэр ээж ярьсан байна.

Бээжин хотын цагдаа нар цэцэрлэгийн хүүхдүүдийг шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулж, цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгийг шалгаж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж