“АПУ” Дорнодын наадмын шагайн харвааг 12,6 саяар байллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

“АПУ” Дорнодын наадмын шагайн харвааг 12,6 саяар байллаа

Дорнод аймгийн 80 жилийн ой долдугаар сарын 28, 29-нд сайхан болж өндөрлөлөө. Тус ойн хүрээнд олон пүүс компаниуд буян хишгээ хайрлаж хандив тусламж өгсний дотор “АПУ” компанийн  бай шагнал хамгийн нүдээ олсон шагнал байлаа. Үндэсний үйлдвэрлэгч “АПУ” компанийн Ерөнхий захирал Пүрэвийн Батчимэг Дорнод аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн юм. Тэр ч утгаараа аймгийнхаа 80 жилийн ойд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтээ илэрхийлж, наадмын шагайн харвааны наадгайг 12,6 сая төгрөгөөр байлсан нь Монгол улсад шагайн харвааг хамгийн өндрөөр байлсан анхны тохиолдол боллоо. Монгол үндэсний тоглоом наадгай шагайн харваа нь хүний оюун санааг тэлж хөгжүүлдэг маш сайн үр нөлөөтэй учраас хойч үе залуустаа шагайн харвааг хөгжүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор шагайн харвааг ийнхүү өндрөөр байлсан гэнэ. Дорнод аймгийн шагайн харваан бай шагнал өндөр гэдгийг дуулсан харваачид ч олон аймаг, сумаас ирж оролцон, наадамчин олны нүд баясгаж, сэтгэл сэргээсэн юм. Шагайн харваа ганцаарчилсан болон, багийн төрлөөр явагдсан бөгөөд ганцаарчилсан төрөлд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат Амарбаясгалан түрүүлж, Хоёрдугаар байрт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Дагваа, гуравдугаар байрт мөн тус сумын Цэнд нар тус тус байр эзэлсэн. Харин Багийн төрөлд нэгдүгээр байрт Батдорж ахлагчтай “Түшнээ” баг, хоёругаар байрт Г.Дугаржав ахлагчтай “Ахмад”-ын баг, гуравдугаар байрт Батхишиг ахлагчтай “Төмөр замчин” баг орсон. Багаараа түрүүлсэн харваачдадаа 500,000 төгрөг LCD зурагт, DDISH антень, жилийн сувгийн эрхтэй нь өгсөн. Хоёрдугаар байрт орсон харваачдадаа  тус бүр 300,000 төгрөг,  LCD зурагт, DDISH антень, жилийн сувгийн эрхтэй нь, гуравдугаарт орсон харваачдадаа тус бүр 200,000 төгрөг, LCD зурагт, DDISH антень, жилийн сувгийн эрхийнх нь хамт гардуулсан юм. Ганцаарчилсан шагайн харвааны тэргүүн байрт орсон харваачыг 500,000 төгрөг, хоёрдугаар  байрыг 300,000, гуравдугаар байрыг 200,000 төгрөг, DDISH антенаар тус тус байлсан юм.

 “Ахмад”-ын багийн ахлагч Монгол улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Г.Дугаржав: Итгэл зүтгэлийг маань өндрөөр үнэлсэн АПУ компанийн захирал П.Батчимэгт баярлалаа

-Ардын хувьсгалын 90, аймаг байгуулагдсаныхаа 80 жилийн ойн баяраар шагайн харвааны төрөлд амжилттай оролцож, 2-р байр эзэлсэнд тань баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Нар хур тэгширсэн маш сайхан өдрүүдэд  аймгийн маань 80 жилийн ойн баяр тохиож байна. Наадам сайхан болж өндөрлөлөө. Энэ жил манай сурын харвааны тэмцээнд олон аймгаас харваачид ирж оролцлоо нийтдээ 12 баг оролцсон. Үүнээс манай “Ахмад”-ын баг хоёрдугаар байр эзэллээ. Сэтгэл маш өндөр байна.

– Бай шагналын хувьд бас нэлээд өндөр шагнал өгөх шиг боллоо?

– Тэглээ. Монгол улсын шагайн харвааны төрөлд түүхэндээ ийм өндөр  шагналыг бид авлаа. Манай Дорнод аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн “АПУ”  компанийн  ерөнхий захирал П.Батчимэгт болон хамт олонд нь маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ийм өндөр шагнал өгч байгааг бид сая шагнал гардаж авахддаа л мэдлээ. Урьд нь телевизээр сургалчилгаа явж байхад нь харсан . Гэхдээ ийм  хэмжээний  шагнал авна гэж нэг л итгэхгүй байсан. Өмнө нь ямар ингэж өндрөөр байлж  байсан биш.  Сая тэмцээний дүн гарч бид шагналаа авахдаа л итгэлээ. Манай Дорнод аймаг шагайн харвааны их олон жилийн хур туршлагатай, олон мэргэн төрүүлсэн ийм аймаг. Тэрний залгамж халааг бид авч яваа өнөө үеийн харваачид. Тиймээс залуу үедээ ч гэсэн өөрсдийн мэддэг чаддагаа уламжлуулан үлдээж байгаа. Тэрийг минь ингэж өндрөөр урамшуулсанд үнэхээр их баяртай байна.

– Та өөрөө хэдэн жил шагай харваж байна вэ?

– Би өөрөө Монгол улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн хүн.  44 жил харваж байна. Шагайн харваанд оруулсан хувь нэмрийнхээ хувьд өөрийгөө голдоггүй. Намайг дагаж шагайн  харваанд орсон олон арван шавь нар байна. Миний хүүхдээс эхлээд. Би залуучуудын баг гэдгийг байгуулаад гурван жил болж байгаа юм. Тэр баг маань өнөөдөр өрх тусгаарлаад өөр баг болоод гуравдугаар байрт орлоо.

Ганцаарчилсан төрөлд түрүүлсэн харваач Г.Амарбаясгалан: Би шагайн харвааг сурсандаа маш их баярладаг. Хүнийг ахас дээдсээ хүндэлдэг занд сургаж, их тэвчээртэй болгон төлөвшүүлдэг

– Шагайн харвааны ганцаарчилсан төрөлд тэргүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

– Дорнод аймгийн маань 80 жилийн ойн шагайн харвааны ганцаарчилсан төрөлд тэргүүллээ. Сэтгэл маш их хөдөлж байна. Би өмнө нь ийм томоохон тэмцээнд ер нь оролцож байгаагүй.  Оноо мэргэн, хараа хурц сайхан тэмцээн боллоо. Морь нь хурдан, бөх нь хурц сайхан наадам болж өндөрлөлөө.  Би өөрөө Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумаас ирж оролцож байгаа. Шагайн харвааг дэмжиж, байлсан АПУ”ХК-ийн захирал П.Батчимэг эгчдээ маш их баярлаж байна даа.

– Сэлэнгэ аймаг шагайн харвааг хэр хөгжүүлж байна?

– Ер нь манай аймаг шагайн харвааг сүүлийн үед эрчимтэй сайн хөгжүүлж байгаа. Би өөрөө Сэлэнгэ аймгийн Гантулга ахлагчтай багт тоглодог. Сайн харваач болж Тулгаа ахынхаа ачийг хариулж , олон түмнээ баярлуулж явнаа.

– Залуучууд шагайн харвааг сонирхож байгаа нь их сайшаалтай санагдлаа л даа. Тоглоод хэр удаж байна?

– Тоглоод удаагүй байгаа. Гэхдээ би шагайн харвааг сурсандаа маш их баярладаг. Ер нь бол сэтгэл зүйн спорт хүнийг их төлөвшүүлж өгдөг. Би  багадаа их сахилгагүй хүүхэд байсан. Одоо бол тийм зан байхгүй. Ахас дээдсээ хүндэлдэг болгодог. Их тэвчээртэй болгож өгдөг дөө.

Соёолон насны түрүү магнай, “Алтан түрүү” цомын эзэн Дорнод аймгийн уяач Гомбын Чинбат: “Алтан түрүү” цомын эзэн болсон нь миний нэр төрийн хэрэг


-Таны хурдан  буян Дорнод аймгийнхаа 80 жилийн ойд түрүүлж алдарт “Толин хул”-ын нэрэмжит “Алтан түрүү” цомын эзэн болголоо. Баярын сэтгэлээсээ хуваалцахгүй юу?

Хурдан хүлгийнхээ буянаар Монголын алдар хүндтэй уяачдад очдог “Алтан түрүү” цомын эзэн болсондоо маш их баяртай байна. Аа. Энэ бол надад өгсөн шагнал биш. Миний сайхан хурдан буянд ирж буй шагнал. Миний нутагт нэр хүндийн баталгаа болж ирсэн цом гэж би хувьдаа бодож байгаа. Би чинь өөрөө бас АН-ын дэмжигч гишүүн хүн. Тэр ч утгаараа Дорнод аймгийнхаа АН-ын ҮЗХ-ны гишүүн П.Батчимэгтээ маш их талархаж байгаагаа илэрхийлье.

-Та морь уяад хэр удаж байна. Олон айраг түрүү авч байв уу. Таны соёолон хаанахын угшилтай вэ?

Би залуугаасаа морь уяж байна. Өмнөх жилийн наадмаар миний хязаалан бас наймд хурдалсан. Энэ манай унаган адуу. Сайхан хурдалж Дорнодын ард түмнийг сайхан баярлуулсанд их баяртай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж